Ираны "Z" үеийнхэн хувьсгалыг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Ираны "Z" үеийнхэн хувьсгалыг шаардаж байна

Ираны "Z" үеийнхэн хувьсгалыг шаардаж байна

Иранд 18 хоногийн өмнө эхэлсэн нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалд дунд сургуулийн охид нэгдэн, дуу хоолойгоо өргөж байна. Хэдийгээр тус улсын засгийн газраас жагсаалыг зогсоохын тулд хатуу арга хэмжээ авч, 130 гаруй хүний амь хохироод байгаа ч иргэдийн эсэргүүцэл хүчтэй үргэлжилсээр байна. Жагсагч охид, бүсгүйчүүд толгойн алчуураа тайлж, үсээ тайрах зэргээр эсэргүүцлээ илэрхийлэн "Бид Исламын бүгд найрамдах улсыг хүсэхгүй байна", "Хаменей бол алуурчин" гэх мэтээр хашгирч буй аж.

Ираны шашны дээд тэргүүн, 83 настай Аятолла аль-Хаменейг ингэж шууд нэрийг нь хэлж шүүмжлэх нь маш ховор бөгөөд эрсдэлтэй алхам юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 16-нд 22 настай бүсгүй цагдаагийн байгууллагад саатуулагдаж байгаад эмнэлэгт хүргэгдэн, улмаар нас барснаар энэ бүхэн эхэлсэн. Хохирогч Махса Аминиг толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар "ёс журмын" цагдаа нар баривчлахдаа толгойд нь гэмтэл учруулсны улмаас амиа алдсан гэж эх сурвалжууд мэдээлж буй. Иран эмэгтэйчүүдийг дэмжсэн жагсаал Швейцарь, Япон, Австрали, Турк зэрэг олон улсад өнгөрсөн амралтын өдрөөр өрнөсөн. Гэвч Аятолла аль-Хаменей нь иранчуудын эсэргүүцлийн жагсаалыг Израйл, АНУ-аас зохион байгуулалттайгаар өдөөсөн гэж буруутгаж байна.

Иранд өнгөрсөн Бямба гаригт хичээлийн шинэ жил эхэлсэн боловч коллеж, их сургуулийн оюутнууд өдөр бүр жагсаалд оролцож байна. Ялангуяа 25-аас доош насны "Z" үеийнхэн жагсаалын хүчийг сулруулахгүй, үргэлжлүүлсээр байна. Осло хотод төвтэй Ираны хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр, жагсаал эхэлснээс хойш 133 хүний амь хохирчээ. Тухайлбал, өнгөрсөн Баасан гаригт Захедан хотод 40 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн баривчлагдан, хоригдсон байна.

1979 оны Исламын хувьсгалаар одоогийн засгийн газар бүрдсэн. Үүнээс 43 жилийн дараа Иран улс олон улсаас тусгаарлагдсан, барууны хатуу хоригтой, дарангуй дэглэмтэй орон болсныг шинэ үеийн иранчууд хүчтэй эсэргүүцэн өөрчлөлт, шинэчлэлтийг шаардаж байна. "Залуус улам ядуурч байна. Тэд гудамжинд явахдаа "ёс журмын" гэж нэрлэгдсэн цагдаа нарт шившиглүүлж, сургууль дээрээ дооглуулж байна. Ийм засгийн газартайгаасаа болж залуус бид дэлхийгээс ичиж байна. Тиймээс бид өөрчлөхийг хүсч байна. Бид өнөөдөр л өөрчилмөөр байна" гэж нэгэн оюутан ярьжээ.

1990-ээд оны сүүл, 2010-аад оны эхэн үед төрсөн "Z" үеийн иранчуудын хувьд интернэт, олон нийтийн сүлжээ сайтуудын ачаар өөрийн болон гадаад орнуудыг харьцуулан мэдэх боломжтой болсон. Хэдийгээр хатуу цензур, хязгаарлалт тогтоосон байдаг ч энэ үеийнхэн мэдээллийг шууд хүлээн авч, өөрийн орон нь хэрхэн тусгаарлагдаж, авлига, шашны хэт туйлшралд автсаныг харж байна гэж Шариф их сургуулийн нэгэн сурагч онцолсон байна.

Өдгөө жагсагчид дарангуйлагчийг унагаахын төлөө тэмцэж байна.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж