Хотын гудамжаар шаргалхан навчис нааш цааш "сэлгүүцнэ". Навчист гудамжаар хүмүүс сүлжилдсээр. Их хотын ийм нэг завгүй өдрүүд үргэлжилж, хуанлийн хуудас нэг, хоёроороо урагдсаар Дэлхийн багш нарын өдөр ирлээ.
-Багшаа дэвтэр дээрээ он, сараа биччих үү?
Сурагчид чанга дуугаар багшаасаа асуулаа. Тэдний зарим нь бичгийн машин дээр, зарим нь дэвтэр дээр брайль үсгээр бичих юм. Багш “Орхон голын бэлчир” гэх эхийг кирилл болон брайль үсгээр унших даалгавар сурагчдадаа өгөв.
Ганц нэг хүүхдэд уншихад арай дөхөмтэй “Цаас” эхийг тараав. Хүүхдүүдийн зарим нь хуруугаараа тэмтэрч, эхийг түвэггүй уншиж байсан бол зарим нь үсэглэнэ.
Ангийн багш ганц сэдвээр хичээл заадаггүй аж. Хүүхэд нэг бүрийн харааны бэрхшээлд тохируулж, өдөр бүр хичээлээ бэлдэнэ. Жишээлбэл, математикийн хичээл гэхэд 1-5 ангийн хичээлийг бэлтгэж ирдэг аж.
Тэд гэдэг маань улсдаа ганц харааны бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог 116 дугаар сургуулийн Ц.Болормаа багштай 5А ангийнхан.
5а-гийнхан арван сурагчтай. Насны хувьд харилцан адилгүй, 10-16 насны хүүхдүүд сурдаг. Сурагчдын дөрөв нв брайль үсгээр уншиж, бичдэг бол зургаан нь кирилл үсгээр бичдэг аж.
“Эцэг эхчүүд хүүхдээ насанд нь сургуульд оруулаагүйгээс зарим сурагчид ахуйн хоцрогдол ихтэй байх нь бий. Гэхдээ нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болж, эцэг, эхчүүд хүүхдээ насанд нь сургуульд оруулдаг болсон байна. Хамгийн гол нь сүүлийн үед харааны бэрхшээлээс гадна оюун ухаан, хөдөлгөөний давхар бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаад эмзэглэж явдаг” тухайгаа Ц.Болормаа багш ярьсан юм.
Ц.Болормаагийн гэрийнхэн гурван үеэрээ багш мэргэжилтэй. Тийм учраас ямар ч эргэлзээгүйгээр багш мэргэжлийг сонгон суралцаж, тусгай хэрэгцээт боловсролоор мэргэшсэн байна.
Түүний хувьд 2011 онд МУБИС-ийг сэтгэл зүйч мэргэжлээр төгсөөд 116 сургуульдаа нийгмийн ажилтнаар анх ажилд оржээ.
Одоо 10 дахь жилдээ ажиллаж буй тэрбээр энэ жилээс тав А ангийг дааж авсан байна. “Анх энэ сургуульд ажилд орохдоо юу ч мэдэхгүй. Хүүхдүүдтэйгээ адилхан брайль үсгээ заалгаж, хамт сурч хөгжсөн. Сургуулийн багш нар маань ч халуун дотно хүлээн авч, сургасан болохоор надад хэцүү санагдаж байгаагүй ээ” хэмээн тэрбээр инээмсэглэв.
Тусгай хэрэгцээт 116 сургуульд нийт 42 багш ажиллаж буй. Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах нарийн мэргэжлийн багш бэлтгэгдээгүй. Тиймээс тусгай хэрэгцээт боловсролоор Монгол Улсын Боловсролын их сургуульд суралцаж төгссөн цөөн тооны багш ажилладаг байна.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллахад багш хүнээс илүү ур чадвар шаардана. Хүүхэд бүрийн онцлог, бэрхшээлд тохируулж ажиллахаас гадна хүүхдийн сэтгэл зүйг ойлгож ажиллах нь чухал гэдгийг Ц.Болормаа багш зөвлөлөө.
Хүүхдүүд тэмтэрч мэдрэх маш их сонирхолтой. Тиймээс ангийн багш нь хүүхдүүддээ зориулан эсгий ном, товгор үсгээр хэвлэсэн үзүүлэн, төсөөллийг хөгжүүлэх тэмтэрч мэдрэх тоглоом, дүрс зэргийг өөрөө урлажээ.
Харин брайл цаасыг Монголд үйлдвэрлэдэггүй учраас Япон улсад захиалж, худалдан авдаг гэнэ. Салбар яамны дэмжлэгээр 1-12 ангийн сурах бичгээ брайль үсгээр хэвлүүлж сургалтдаа ашигладаг байна. Мөн багш нар өдөр тутмын хичээлдээ хэрэглэх материалаа сургуулийнхаа дэргэдэх хэвлэх цехэд хэвлүүлдэг аж.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллана гэдэг жирийн хүүхдүүдээс өөр, амар биш. Зарим залуу багш нар долоо хонолгүй шантарч, ажлаасаа гардаг талаар тухай сургуулийн захирал Э.Нүрзэд хэлж байв. Хөдөлмөрийн ачаалал өндөр тул жирийн сургуулийн багш нартай харьцуулахад 30 хувийн нэмэгдэлтэй цалин авдаг гэв.
Ц.Болормаа багшийн хувьд ажил мэргэжилдээ дурлаж, чин сэтгэлээсээ ажилладаг цөөн багшийн нэг аж.
Ц.Болормаа “Хүнд, хэцүү байна гэж шантарч байсан удаагүй. Хүүхдүүдээ хичээж, зүтгэж байгааг хараад урам авдаг. Анхнаасаа хүсч, зорьж энэ мэргэжлийг сонгосон. Тийм учраас сурагчидтайгаа хамтдаа өөрийгөө хөгжүүлж, суралцаж явна. Анх намайг 116 дугаар сургуульд ажилд ороход хүмүүс ийм сургууль байдгийг ч мэддэггүй байсан бол одоо манай сургуулийг сайн мэддэг болж, хүмүүс орон нутгаас хүүхдээ авч ирж сургадаг болсон” гэв.
Тус сургууль улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог тул хөдөө орон нутаг, аймаг сум, нийслэлийн дүүргүүдээс хүүхдүүд ирж суралцдаг байна. Тэд дотуур байранд байрладаг. Хамгийн холоос суралцаж буй хүүхэд гэхэд Ховд, Увс аймгаас иржээ.
Энэ хичээлийн жилд 116 дугаар сургууль 1-12 ангийн 22 бүлгийн 130 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Хичээлийн зүүн жигүүрийг дотуур байраар тохижуулсан бөгөөд дотуур байранд 54 сурагч амьдардаг аж.
5А ангийн сурагчдаас хамгийн ахмад нь Д.Содномдорж. Тэрбээр 16 настай. Хүү дотуур байрандаа ном уншиж сууна. Тэрбээр Төрийн сүлд дууллыг төгөлдөр хуур хөгжмөөр тоглож, дотуур байраа танилцуулав. Дотуур байрны хүмүүжүүлэгч багш Х.Баатар “Манай хөвгүүдийн дотуур байранд 25 хүүхэд амьдарч байгаагаас дөрөв нь хотод гэр нь байдаг. Бусад нь орон нутгийн хүүхдүүд. Тэд байрандаа хөгжмөөр хичээллэж, хичээлээ хийж, найзуудтайгаа цагийг өнгөрүүлдэг. Улирлын амралтаар гэртээ харьж амардаг учраас гэрээ санах нь гайгүй” гэсэн юм.
Тэдний ангид сургуулиа төгсөөд СУИС-д сонирхолтой хүүхэд цөөнгүй байв. Ихэвчлэн хөгжимчин, дуучин болох сонирхолтой. Учир нь тэдний сонсгол нь илүү хөгжсөн байдаг аж.
Харин охидын байранд нийт 22 хүүхэд байв. Тэдний 11 нь хөдөөнөөс ирж, суралцаж буй аж. Тус сургууль нь зориулалтын дотуур байргүйгээс хичээлийн нэг жигүүрт эрэгтэй, эмэгтэй дотуур байрыг гаргасан байна. Тиймээс зориулалтын тусгай байртай болбол сайхан байна гэдгийг багш, сурагчид онцолж байв. Тэдний ангийнхан бие биеэ бусдаас илүү ойлгож, дотно сэтгэлээр ханддаг нь илт. Тэрээ, энээ гээд хэн нэгнээ дуудан, дотночлон ярилцах нь сонсогдов.
Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяагджээ гэдэг. Энэ үгийн жинхэнэ утгыг тэндээс л олж харлаа. Тиймээ, хэдийгээр гэрэлт орчлонг нүдээрээ харахгүй ч зүрх, сэтгэлдээ харж, зурж яваа шавь нартаа нарт ертөнцийг таниулж яваа Ц.Болормаа багшаар бахармаар, бас түүнд баярламаар. Тэр жирийн сургуульд багшилж чадна. Гэхдээ түүний шавь нарт багш болгон хичээл зааж чадахгүй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ