VS: Төсвөөс 1 их наяд хэмнэнэ, хэмнэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

VS: Төсвөөс 1 их наяд хэмнэнэ, хэмнэхгүй

Энэ удаагийн VS буландаа 2023 оны төсвийн төслийг онцолж байна. Сангийн сайд ирэх оны төвөөс нэг их наяд төгрөг хэмнэнэ хэмээн ярьсан бол эдийн засагчид өөр байр суурьтай байлаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан зэрэгтэй холбогдуулан нийт нэг их наяд төгрөг хэмнэнэ. 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86 дуусгах зорилттой байгааг албаныхан мэдээлж буй юм. 

 

Б.Жавхлан
Сангийн сайд

Төсвийн зардлын хувьд зайлшгүй зардлуудыг суулгасан. МСҮТ-ийн төсөв БШУ-ны сайдын багцад сууж байна. Эрчим хүчний салбарт аж ахуйн нэгж болон томоохон хэрэглэгчийн түвшинд тарифын өөрчлөлт хийнэ.

Орлого 18,7 их наяд төгрөгийн тэнцвэржүүлсэн орлого олохыг зорьж байна. Үүн дээр 1,5 их наядын алдагдлаа тооцвол 22 их наяд төгрөгт багтааж зардлаа төсөвлөнө.

Тэтгэвэр тэтгэмж 3,7 их наяд, цалин хөлсөнд 1,8 их наяд, хүүхдийн мөнгөнд 1,4 их наяд, хүүгийн зардал 2,1 их наяд, төсвийн байгууллагын зардал 2 их наяд гэх мэтээр зардлуудыг тооцсон.

Өөрөөр хэлбэл, нэг ч шинэ сургууль цэцэрлэг барихгүй, бүх шинэ хөрөнгө оруулалтаа хойш тавьж байгаад төсвийн тэнцлийн томоохон тохиргоо хийж, шилжих хөрөнгө оруулалтаа 2.5 их наяд төгрөгөөр тавьж, өмнө эхлүүлсэн нийт төслийн 80 хувийг дуусгана.

Харин "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Хөшигийн хөндийн газар доорх дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлнэ. 68 тэрбум төгрөг тавьсан байна. Түгжрэл төвлөрлийг сааруулж нийтийн тээврийн хүртээмжийг дэмжихэд 339 тэрбум төгрөг тавьсан. Гадаад зээл тусламж өмнөх жилээс 182 тэрбумаар өсч байна.

Орон нутгийн хөрөнгө оруулалт мөн буурч байна. Орон нутагт, Төрийн өмчит газруудад шинэ хөрөнгө оруулалт байхгүй.

Зөвхөн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд жагсаалтаар баталсан хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг үргэлжлүүлнэ. Төсвийн тэнцэл 1,5 их наяд төгрөг гарна. Энэ нь ДНБ-ий 2,8 хувь болно. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу нийт 1 их  наяд төгрөг хэмнэнэ, шинэ хөрөнгө оруулалт байхгүй, хуримтлагдсан төсвийн шилжих хөрөнгө оруулалтыг дуусгана, төсвийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ, төсвийн алдагдлыг 5,1 хувиас 2,8 хувь хүртэл бууруулсан төсөв болж байна.

Б.Отгонтөгс
Эдийн засагч

Ер нь төсөв оруулахаас өмнө хуулиараа тавдугаар сард төсвийн хүрээний мэдэгдэл гэж гардаг. Төсвийн хүрээний мэдэгдлээр ирэх оны төсвийг хэрхэн яаж төсөөлж, төлөвлөж байна вэ гэдэг яг тэр хүрээндээ төсвөө шийдэж, хэмжиж орж ирэх ёстой байдаг. Гэтэл төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зардлыг 18 их наяд байхад 20 их наядаар зардлыг оруулж ирж байна.

Өөрөөр хэлбэл, даруй 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж байна. Тэгээд хэмнэсэн мундаг төсөв оруулж ирлээ гэдэг нь хүүхэд хуурч байгаа юм шиг санагдаж байна.

Эдийн засаг хямралтай үед инфляцийн түвшин нэмэгдээд, ам.доллартай харьцах төгрөгийн ханш огцом унасан үед мөнгөний хатуу бодлого, төсвийн хэмнэлтийн бодлоготой хамт явж байж давж гарна гэсэн үг. Тэгэхгүй бол мөнгө дахиж хэвлээд, төсвөө тэлээд, популист бодлогоо санхүүжүүлээд байвал үнийн түвшин нэмэгдээд л байна. Үнийн түвшин нэмэгдэж байна гэдэг нь инфляцийн түвшин нэмэгдэж, ард түмний худалдан авах чадвар буурна гэсэн үг юм. Дараа нь ядуурлын түвшин нэмэгдэнэ.

Тэгэхээр 2023 оны төсөв бол маш онцлог, эдийн засгийн хямралыг аврахад чиглэгдсэн, гадаад өр төлбөрөө төлөхөд чиглэгдсэн төсөв байх ёстой. Тэрнээс биш төсөв данхайсан, Засгийн газар эрх мэдэлтэй болох гэсэн төсөв байх ёсгүй. Төсвийг хөгжүүлэх гэж хийдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж