Экспортын мах буцаагдсаныг мэдэх хүн алга, Х.Болорчулуун сайд аа!

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Экспортын мах буцаагдсаныг мэдэх хүн алга, Х.Болорчулуун сайд аа!

Экспортын мах буцаагдсаныг мэдэх хүн алга, Х.Болорчулуун сайд аа!

"Эмээлт"-ийн зарим махны үйлдвэрийн лацыг авч, мах экспортлох зөвшөөрөл олгоод буй. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд тус үйлдвэрүүдийн экспортод гаргах мах Хятадын хил дээрээс буцаагдсан мэдээлэл гарсан. Тодруулбал, 9800 тонн махыг Хятадын талаас стандарт шаардлагад нийцэхгүй гэж импортоор оруулахыг хориглосон байна.

Энэ талаар албанхынхнаас тодруулахад, МХЕГ-аас "Хил дээр олон тооны мах буцаагдсан талаар мэдээлэл ирээгүй байна. Түүнээс гадна "Экспортод гаргаж буй махыг Хятадын талаас хүлээж аваагүй бол гаалийн байгууллага лабораторид шалгана" гэсэн хариулт өглөө.

Өнгөрсөн саруудад МХЕГ-аас экспортын мах бэлтгэх, экспортын мах бэлтгэх эрхгүй үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн. Нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага 49 үйлдвэрт хяналт тавьж ажиллажээ. Нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг Хятад руу гаргаж эхэлсэн. Хоёрдугаарт, мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байгааг мэдэгдсэн.

Тодруулбал, "Үүлэнгөү" ХХК, "БӨКТ" ХХК, "Натурал грийн фүүдс" ХХК, "Оргилон гүн" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлжээ.

Хуулийн дагуу чиг үүргийн хувьд энэ махны экспортын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэх аж. Одоогоор тус устгалд оруулах махыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дэргэдэх Нийслэлийн зөвлөл хариуцаж буй. Гуравдугаарт, стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ аван хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу устгах эсэхийг шийдэх нь.

МХЕГ-ын шийдвэрээр энэ махыг Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Харин хил дээрээс буцаагдсан махыг МХЕГ болон бусад лабораторид дахин шалгаагүй бөгөөд тухайн аж ахуйн нэгж эргүүлэн татсан байна.

ГЕГ: АЛЬ ҮЙЛДВЭРИЙН МАХЫГ ХЯТАДЫН ТАЛААС БУЦААСНЫГ МЭДЭЭЛЭХ БОЛОМЖГҮЙ

Гаалийн ерөнхий газраас экспортод гаргахаар төлөвлөсөн их хэмжээний мах буцсан талаар тодруулахад "Хятадын талаас экспортын махыг стандарт хангаагүй гэх шалтгаанаар буцаасан нь үнэн. Гэхдээ хуулийн дагуу тухайн аж ахуй нэгжийн мэдээллийг хэлэх боломжгүй.

Гаалийн байгууллагын хяналтын лабораторид тус буцаагдсан махыг шалгаж шинжлээгүй. Тухайн мах нийлүүлсэн газар нь эргүүлэн татан авсан" гэсэн мэдээлэл өглөө.

Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан, дулааны аргаар боловсруулсан махыг Хятадад экспортлох ажлыг өнгөрсөн сараас зохион байгуулж буй. Махны экспортод зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагаар зогсохгүй хууль хяналтын байгууллага ч анхаарч ажиллаж байгаа юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн зургадугаар сараас иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийж, 20 гаруй махны үйлдвэрийг лацадсан. Уг асуудлыг шалгах ажил удааширсан тул Шадар сайд С.Амарсайхан НМХГ-ын дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг хүртэл өгсөн. Прокурорын байгууллагын дүгнэлт гарсан ч тухайн лацадсан үйлдвэрүүдийн махыг одоог хүртэл устгаагүй хэвээр байгаа юм.

Гэхдээ тус махыг ямар нэгэн байдлаар худалдаанд гаргах боломжгүйг онцолсон.

Ямартай ч одоогийн байдлаар тухайн үйлдвэр экспортод гаргаж чадаагүй махаа хэрхэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн Нийслэлийн зөвлөл устгалд оруулах шийдвэр нь гарсан 500 гаруй тонн махыг хэзээ устгах нь одоогоор тодорхойгүй байна. Иргэд эдгээр олон тонн махаар хиам, бусад махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд гаргах вий гэж хардаж байгаа ч мэргэжлийн байгууллагууд үүнийг үгүйсгэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун томилогдоод ажилдаа орсон. Одоогоор Х.Болорчулуун сайд ажлаа авснаас хойш гурил, гурилан бүтээгдэхүүний үн шууд 50 хувиар өсч,  махны экспорт зогсонги байдалд орлоо.  Харамсалтай нь, энэ асуудлыг одоогоор хариуцах эзэнгүй, шалгаж тогтоосон зүйлгүй, төрийн байгууллагууд нь мэдэхгүй гэж бие бие рүүгээ шидэлцсээр сууна. Угтаа бол 80 сая малтай монголчуудын хамгийн том боломж нь махны экспорт. Гэтэл экспортын мах нь чанарын шаардлага хангаагүй гэж буцаагдаад байгаад салбарын сайд нь ямар тайлбар өгөх бол. Х.Болорчулуун сайд гадаадад томилолттой эзгүй учир буцаасан экспортын махны талаар мэдэх төрийн байгууллагынхан алга!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж