FASHION: Агаар дээрх загварын шоуны хувьсал

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

FASHION

FASHION: Агаар дээрх загварын шоуны хувьсал

FASHION: Агаар дээрх загварын шоуны хувьсал

Covid-19-тэй холбоотойгоор дэлхий нийтээрээ хөл хоригдсоор аялагчид нисэх онгоцны буудал ямар байдгийг болон онгоц доторхыг бараг мартах дөхсөн. Аялагчдын хувьд нэг аяллаа нөгөөгөөс нь ялгаж, дурсан санахад онгоцны үйлчлэгчийн дүрэмт хувцас ч бас чухал нөлөөтэй байдаг болов уу. Агаарын тээврийн компаниудын үйлчлэгчдийн дүрэмт хувцас хэдэн арван жилээр хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг энэ удаагийн “FASHION” буландаа онцолж байна.

Технологийн шинэчлэл, жендэрийн үүрэг зэрэг зүйл өөрчлөгдөхтэй зэрэгцээд онгоцны үйлчлэгчдийн дүрэмт хувцасны хэв маяг ч хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Техник, технологи хөгжихийн хэрээр аяллын хугацаа ч, бүхээгийн багийнхны ээлжээр ажиллах хугацаа ч богиноссон. Энэ нь хувцаслалтын хэв маяг өөрчлөгдөхөд багагүй нөлөөлөв.

Олон улсын хуваарьт нислэгүүдийг 1930-аад оноос үйлдэж эхэлсэн гэж үздэг. Энэ үед үйлчлэгч нар асрагч эгч, универсал нагац эгчийн үүрэг гүйцэтгэж байсан гэхэд болно. Тэд агаарын тээврээр үйлчлүүлж буй өвчтэй хүмүүст туслах, насанд хүрээгүй хүүхдүүдийг харж анзаарах зэрэг зүйлд голчлон анхаарч байжээ. Гял цал, гоёмсог байх гэсэн ойлголт тэдний ажлын байрны тодорхойлолтод байсангүй.

Дайны дараах жилүүдэд ажиллах хүчний хомсдол хаа сайгүй үүсэхэд онгоцны үйлчлэгчийн тоо нэмэгдсэн. Эрчүүд тулааны талбараас халагдаж, эмэгтэйчүүд ч урьд өмнө хаалттай байсан ажил үүргийг гүйцэтгэх боломжтой болов. Дайны үед олж авсан аливаа ур чадвар, ажлын дадлага туршлага энхийн цагт давуу тал болон хувирчээ. Тодруулбал, дайны дараа онгоцны үйлчлэгч болж буй эр, эм хүмүүс хэн хэн нь дүрэмт хувцастай алба хаагаад сурчихсан, ээлжийн ажилд дасчихсан, нэг газраа суурин биш, түр байрлаад дадчихсан байв. Тэдний хандлага, туршлага холын зайн нисэх багийнханд яг сайхан тохирчээ.

Тухайн үеийн онгоцны үйлчлэгчийн дүрэмт хувцасны загварт энэ хэв маяг туссан байдаг. Жишээлбэл, цэрэг маягийн өнцөгтэй малгай духдуулж, хар болон усан цэргийн хөх өнгийг сонгох хандлагатай байжээ. Одоо ч энэ хэв маяг нисэхийн салбарт түгээмэл гэхэд хилсдэхгүй.

1960-аад оны эхэн үеэс үндэсний агаарын тээврийн компаниуд уламжлалт дүрэмт хувцсаа өвөрмөц хэв маягаар чимж эхэлжээ. Хурдацтай хөгжиж буй зах зээлд ингэж байж шинэ тээвэрлэгчид хоорондоо ялгарч байсан аж. Сари буюу Энэтхэг үндэсний хувцас өмсдөг байсан “Air India” компани энэ шинэчлэлийг түүчээлсэн байна. Тэдний араас Азийн агаарын тээврийн бусад компани дагажээ.

Онгоцны үйлчлэгчийн хувцасны загвар янз бүрээр хувьсан өөрчлөгдсөөр, 1990-ээд оны үеэс хэт задгай хувцаслалтаас татгалзаж эхэлсэн байна. Агаарын тээврийн салбарт орчин үеийн ажил хэрэгч хувцаслалтын хэв маяг энэ үеэс орж иржээ.

ХАМГИЙН ГОЁМСОГ ДҮРЭМТ ХУВЦАС

“Simple flying” цахим хуудас хамгийн гоёмсог таван дүрэмт хувцсыг онцолжээ. Тавдугаарт Арабын нэгдсэн Эмират улсын “Emirates” компанийн дүрэмт хувцас оров. Сонгодог загварын шаргал өнгөтэй хослол, улаан малгайгаараа тэд олон улсад танигдсан. Энэ хувцсыг 2009 онд Английн дүрэмт хувцас үйлдвэрлэгч компани үйлдвэрлэжээ. Ихэнх агаарын тээврийн компаниуд энэ компаниар хувцсаа хийлгэдэг. “Airbus A380” онгоцыг шинээр танилцуулахтай зэрэгцэн шинэ дүрэмт хувцсаа тус компани нэвтрүүлж байжээ. Ажил хэрэгч дүр төрхтэй эл хослол анх гарсан цагаасаа хойш дэлхийн хамгийн гоёмсог дүрэмт хувцасны тоонд орсоор байна.

Дөрөвдүгээрт, “Singapore Airlines” оржээ. Азийн зочломтгой соёлыг илэрхийлсэн энэ дүрэмт хувцсыг “Singapore Airlines” компани 1968 оноос хойш огт өөрчлөөгүй. Энэ хувцсыг “Pierre balmain” брэнд зохион бүтээжээ.

Гуравдугаарт, “Virgin Atlantic”-ийн дүрэмт хувцас орсон. “Virgin Atlantic” компани 2014 онд дахин боловсруулсан хуванцар савнаас гаргаж авсан даавуугаар хийсэн байгальд ээлтэй дүрэмт хувцас нэвтрүүлсэн байна. Тус компани дүрэмт хувцасны стандартын тэргүүнд эгнээнд алхсаар ирсэн бөгөөд нүүр будалт, шивээс зэрэг олон зүйл дээр шинэ стандарт тогтоожээ. Мөн онгоцны эмэгтэй үйлчлэгч нар өмд өмсөж болно гэсэн стандарт тогтоов.

Хоёрдугаарт, “Oman air” оров. Энэ дүрэмт хувцсыг 2019 оноос эхэлж өмсчээ. Дэгжин загварт эл хувцасны номин ногоон өнгө Оманы тэнгисийг төлөөлдөг. Оман улсын баялаг соёл, түүх, халуун дулаан, найрсаг байдлыг энэ хувцасанд шингээсэн.

Нэгдүгээрт, “Hainan Airlines”-ийн дүрэмт хувцас оров. Бүх цаг үеийн хамгийн загварлаг, дэгжин уг дүрэмт хувцсыг 2017 онд “Paris couture week” загварын долоо хоногийн үеэр танилцуулжээ. Загвар зохион бүтээгч Лоуренс Шү Хятадын үндэсний онцлогийг контемпорари хэв маягтай хослуулан зохион бүтээсэн байна. Тодруулбал, Хятадын уламжлалт дээлэн даашинзыг орчин үеийн костюмтай хослуулжээ. Дүрэмт хувцас дээр үүл, хятад хээ, домогт шувуу зэргийг дүрсэлж өгсөн байна.

Эх сурвалж: SCMP, SIMPLE FLYING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж