"Нүүрсээ өрөндөө гаргаад байгаа учраас ам.доллар олохгүй байна"

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

"Нүүрсээ өрөндөө гаргаад байгаа учраас ам.доллар олохгүй байна"

"Нүүрсээ өрөндөө гаргаад байгаа учраас ам.доллар олохгүй байна"

УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас төсөвт тусгасан алдагдал болон ам.доллар оруулж ирэхтэй холбоотой байр суурийг тодрууллаа.


Тэрбээр " УИХ-ын чуулганы нээлтээр төсвийн төслийг тарааж өгсөн. Ямар ч байсан 20 их наядын зарлагатай, 19 их наядын орлоготой төсөв байсан. Түүхэндээ хамгийн их зарлагатай, хамгийн бага алдагдалтай төсөв болж байна. Өмнөх жилүүдэд 2-3 их наядын алдагдалтай байсан шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн төсөвт алдагдал багаар тусгасан нь онцлогтой.

Миний хувьд орлогоо дайчилж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах ёстой гэж бодож байна.

Ингэснээр орлогоо тэлэх боломжтой. Мөн шинэ хөрөнгө оруулалтуудыг хассан нь зөв. Энэ нь өмнөх шиг гишүүд сонгогдсон тойрогтоо их хэмжээний хөрөнгө оруулдаг жишгийг халж байна гэж харж байна.

Өнгөрсөн жил гишүүд тус бүр дөрвөн тэрбум төгрөг авч тойргоо усалж байгаа гэх мэдээлэл гарсан.

Гишүүд бол тэр дөрвөн тэрбумыг аваагүй. Дөрвөн тэрбум төгрөгт багтаан тойрогтоо хийх ажлуудын саналыг хэлсэн. Бид тухайн төсөвт багтааж саналаа өгч, бүтээн байгуулалтын ажил энэ жил явагдаж байгаа. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт тавихгүй юм чинь энэ жил үргэлжилж байгаа ажлуудыг дуусгах төсвийг баталж өгнө гэж бодож байна. Үүнийг би дэмжиж байгаа. Эхлүүлсэн олон ажил бий. Тийм учраас эхний ээлжид үүнийг яаралтай дуусгах нь зөв.

Мөн үнийн өсөлт явагдахын хэрээр гадаад валютын нөөц зэрэг асуудал гарч ирнэ. Чуулганаар Мөнгөний бодлогыг хэлэлцэнэ.

Монголбанкны мэдээлэл сонсч байхад  оны эхэнд 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй гэж байсан. Харин одоогийн байдлаар 2.5 тэрбум ам.доллар байгаа гэж мэдээлэл авсан. Мэдээж валютын нөөц хомсдоод ирэхээр эрэлт үүсч, ханш өснө. Тиймээс валют олох зайлшгүй шаардлагатай. Олохын тулд худалдаа эрхэлж, бүтээгдэхүүн гадаадад зарж байж олно гэсэн үг. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэргээ л зарж ам.доллар олно. Тийм учраас боомтын нэвтрэх чадвараа сайжруулж нүүрсээ гаргах хэрэгтэй. Чингэлгээр гаргаж байгаа учраас экспорт сайн байгаа. Гэсэн ч ам.долларын урсгал нэмэгдэхгүй байгаа нь гэрээтэй холбоотой.

Өмнө нь Эрдэнэс Тавантолгой нүүрсээ түрүүлж зарж, мөнгөө аваад төмөр зам бусад төслүүд рүү хийчихсэн. Тэгэхээр одоо ам.долларгүй өрөндөө л нүүрсээ гаргаад байгаа гэсэн үг.

Тиймээс одоо яаралтай зарим офтек гэрээнүүдээ хязгаарлах, зохицуулах шаардлагатай. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг айхгүйгээр татаж оруулах хэрэгтэй. Оюутолгойгоос хойш гадаадын дорвитой хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Хууль тогтоомж нь байн байн солигддог. Төр засаг нь солигдох бүрдээ өмнөх гэрээгээ хүчингүй болгодог зэрэг шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас татгалзаж байна. Тэгэхээр энэ асуудлыг мөн анхаарч үзэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж