УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Төсвийн талаарх таны байр суурийг сонсмоор байна?
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 10 их наядын алдагдалтай төсөв батлаад баахан сонгуулийн амлалт өгч, үр ашиггүй юм хийчихсэн. Тэрийгээ л үргэлжлүүлэх юм байна. 20.7 их наяд гээд өнгөрсөн жилээс илүү өндөр зарлагатай төсөв байна.
-Өндөр орлоготой иргэдээс татвар авна гэх асуудал дээр танай бүлэг ямар байр суурьтай байна вэ? Мөн хүүхдийн мөнгийг танах асуудал яригдаж байна, дэмжих үү?
-Хүүхдийн мөнгөн дээр эхний ээлжид бодлогын хоёр сонголт байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө байгалийн хишиг үү, халамж уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Өнөөдөр хүүхдийн мөнгө Халамжийн хуулиар зохицуулагддаггүй. Ирээдүйн өв сангаас буюу байгалийн баялгийн орлогыг хүүхдүүдээр дамжуулан иргэдэд олгож байгаа явдал. Байгалийн баялгийн өгөөжийг хуваарилж байна гэвэл бүх хүүхдэд өгөх ёстой. Эсвэл халамж юм бол зорилтот бүлгийнхэндээ өг. Эхний ээлжид үүнийгээ маш тодорхой болгох хэрэгтэй.
-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Ардчилсан намын гишүүдэд сайдын албан тушаал санал болгоогүй гэж ярьсан. Танай бүлгийг засагтай урьж, албан тушаал амалсан явдал байна уу?
-Албан ёсоор яригдаагүй зүйл. Албан бусаар зөндөө юм ярьдаг. Тэр бүхнийг тоочих албагүй.
-Бүлгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа юу. Та нарыг тамга тэмдэг, өрөө, сандалаа булаацалдсан гэх мэдээ цацагдаад байгаа шүү дээ?
-Бүлгийн ажил хэвийн үргэлжилж байгаа. Бүлгийн хурал болж байна. Бүлгийн хурлаар холбогдох албан тушаалтнууд, сангийн сайд ирээд мэдээллээ өгөөд явж байна. Тэр жижигхэн зүйлүүд яах вэ. Манай намд албан тушаал, тамга тэмдэг булаалддаг, тэвэрч гүйдэг өмнөх ах нарын уламжлал үргэлжилж байна. Бүлгийн ажил хэвийн үргэлжилж байгаа.
-Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын гишүүд уулзж, эв зүйгээ ольё гэж ярилцсан сураг сонсогдсон. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт тийм уулзалт болсон. Би тойрог дээрээ ажиллаж байсан учир оролцож чадаагүй. Янз бүрийн санал санаачлагууд зөндөө л гарч байгаа. Энэ бол зөв зүйтэй. Би дэмжсэн байр суурьтай л байгаа. Тодорхойгүй зүйл олон байна. Хоёр жил ийм байна. Шүүх өөрөө шударга, асуудалд түс тас хандаад шийдэхгүй, эрх баригчдын оролцоотой байна. Тиймээс тодорхой зүйл ярихад төвөгтэй байна.
Холбоотой мэдээ