"Төсвийн алдагдлыг 1.5 их наядаар бууруулна гэдэг том тоо"

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

"Төсвийн алдагдлыг 1.5 их наядаар бууруулна гэдэг том тоо"

"Төсвийн алдагдлыг 1.5 их наядаар бууруулна гэдэг том тоо"

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.


-Удахгүй ирэх оны төсвийг хэлэлцэх гэж байна.  Төсвийн төсөлтэй танилцсан уу, хэр төсөв болсон гэж та дүгнэж байна вэ?

-Засгийн газраас УИХ-д 2023 оны улсын төсвийг өргөн барьсан. Ардчилсан намын бүлгийн хуралд Сангийн сайд  оролцож, 2023 оны төсвийн талаар товч танилцуулга хийсэн. Монгол Улс анх удаагаа 20 их наядыг давсан төсвийг оруулж ирлээ. Үүнээс төсвийн алдагдлаа 1.5 их наядад барих юм байна.

Нэг талаараа төсөв тэлж байна гэдэг эдийн засаг тэлж байгаа асуудал. Гэхдээ төсвийн алдагдлыг 1.5 их наядаар бууруулна гэдэг том тоо.

Бид өмнө төсөв дээр шүүмжилж байсан. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байгаа энэ үед хөрөнгө оруулалтыг бүр маш их хэмжээнд царцаасан хэрнээ л төсөв тэлчихсэн. Мөн урсгал зардал нэмэгдсэн. Урсгал зардал бол эдийн засгийн, хүн амын өсөлттэй холбоотойгоор орж ирэх нь тодорхой. Гэхдээ л үүнийг задалж, нарийн харах хэрэгтэй. Дахиад хөрөнгө оруулалт нэмэгдчихсэн харагдсан. Хэмнэж байгаа, бүсээ чангалж байгаа гэсэн боловч хоёр их наядаар төсөв тэлсэн байгааг бид харах хэрэгтэй.

Хоёрдугаарт, төсөв дээр би 2-3 өнцөг харсан. Юу вэ гэвэл, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх. Өнөөдөр инфляци, үнийн өсөлт тэнгэрт тулчихсан, валют ийм байгаа үед иргэдийнхээ цалинг нэмэх хэрэгтэй. Үүн дээр улсын төсвөөс 20 хувь, орон нутгийн төсвөөс 80 хувь гээд нэг дахин нэмэгдүүлэх боломжтой гэж байна лээ. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө. Ардчилсан намын үед үүнийг санаачилсан. Энэ бол халамж биш. Баялагийн тэгш хуваарилалт. Хүүхдийн мөнгийг тодорхой түвшинд танана гэж ярьж байна лээ. Чухам яаж танах нь чухал. Хүүхдийг ялгаварлан гадуурхах энэ асуудлыг яаж тойрох вэ гэдэг анхаарал татаж байна. Гуравдугаарт, тээвэр, хил гааль, ложистикийн хүнд энэ үед хүнсний хангамж дээр бид маш том хөтөлбөр баталсан. Энэ дээрээ 260 тэрбум төгрөгийн асуудал тавьсан байна лээ. 1.7 их наядын хөрөнгөөр дөрвөн жилд багтааж, үүнийг шийднэ гэсэн. Энэ жил дор хаяж 400 гаруй тэрбум төгрөг тавих л ёстой. Энэ мөнгө аль салбарт, ямар хөтөлбөрт чиглэх нь сонирхолтой байна.

-Өндөр орлоготой иргэдээс татвар авна гэсэн. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монголд өндөр орлоготой иргэдээс татвар авлаа гээд төсөвт их мөнгө орж ирэхгүй болов уу. Ядуурлын түвшин өсч байна. Баялаг бүтээдэг дундаж давхарга энэ цаг үед бараг л байхгүй болж байна. Би бол тэндээс хэдэн төгрөг төвлөрүүлэхийг нь мэдэхгүй байна.

-Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын удирдлагууд уулзсан. Ардчилсан намын даргын асуудал хэзээ шийдэгдэх вэ?

-Бүх зүйлийг анхны байран дээр нь авааччихлаа. Хоёр хүсэлт байсан. Хоёуланг нь хангаж шийдвэрлээгүй орхичихсон байсан. Дээд шүүхийн шийдвэр гарсан. Тэгэхээр энэ асуудал их л нээлттэй, буцаж ухарсан байдалтай байгаа. Маш олон намын гишүүд санаа зовж, уулзсан байна лээ. Энэ уулзалтын мэдээлэл нийгэмд тарчихсан. Гэхдээ тодорхой шийдэл дэвшүүлсэн зүйл бол олж хараагүй.

-АН-ын бүлгийнхний дунд тамга, тэмдэгний асуудал үүссэн. Та нар хоорондоо учир зүйгээ олж болохгүй гэж үү?

-Монгол Улсад хууль засаглах ёстой л гэж би боддог.  Хэн нэгэн хүн дураараа аашилж, би ингэх ёстой, тэгэх ёстой гэх асуудал байж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж