Жүдо ДАШТ: Дээд жингийн өрсөлдөөнд хэн тэргүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: Дээд жингийн өрсөлдөөнд хэн тэргүүлэх вэ?

Жүдо ДАШТ: Дээд жингийн өрсөлдөөнд хэн тэргүүлэх вэ?

Жүдо бөхийн 2022 оны ДАШТ аравдугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 86 орны 583 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Монгол Улсаа төлөөлөн Ё.Басхүү, Ц.Цогтбаатар, О.Цэцэнцэнгэл, Б.Баасанхүү, Б.Хорлоодой, Б.Ганхайч тэргүүтэй манай шилдэг 18 тамирчин өрсөлдөнө. Үүнтэй холбогдуулан ирэх ДАШТ-ий дээд жингийн өрсөлдөөний талаар мэргэжилтнүүд юу гэж ярьж байгааг хүргье.

  • Эрэгтэйчүүдийн -90 кг

Олимпийн аварга Лаша Бекаури амралтаасаа эргэн ирж, саяхан Обервартад болсон Европын нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Тэгвэл биеэ халаасан шинэхэн аварга дэлхийд түрүүлэхээр ирж байна. Гэхдээ түүний зам амаргүй. Олон өрсөлдөгч байгаагийн нэг нь Европын аварга Лука Майсурадзе. Мөн Маммадали Мехдиев, Иван Фелип Силва Мораелес, Комроншох Устоприёон, Неманья Маждов, Эдуард Триппел зэрэг хүчтэнүүд бий. Гэхдээ л эцэст нь Лашаг түрүүлнэ гэж таамаглаж байна.

Монгол Улсаа төлөөлөн энэ жинд Г.Алтанбагана барилдана.

  • Эмэгтэйчүүдийн -78 кг

Энэ жингийн дэлхийн чансааг Германы Анна-Мариа Вагнер тэргүүлж байгаа. Токиогийн олимпийн хагас шигшээд Шори Хамадад ялагдсанаасаа хойш тэрбээр хоёр ч Гранд Сламд оролцож, түрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэлжилт өндөртэй буй.

Мөн дэлхийн аварга Францын Маделейн Малонга бий. Гэхдээ олимпийн финалд Хамадад ялагдсанаасаа хойш Малонгагийн форм муу байгаа. Гурван ч Гранд Сламд оролцсон ч нэг ч финалдаагүй гэсэн үзүүлэлттэй явна. Европын аваргаар хүртэл Алис Белланди гэх Италийн шинэ залуу тамирчинд ялагдсан юм.

Мэдээж, олимп, дэлхийн аварга Шори Хамада энэ жингийнхээ гол фаворит. Олимпоос хойш ердөө ганцхан Унгарын Гранд Сламд оролцсон ч түүнийг дутуу үнэлэх хэрэггүй.

Дээрх томчуудаас гадна Майра Агуйар, Инбар Ланир, Гууше Стенхуйс, Алис Белланди гэх битүү морьд байна.

Монгол Улсаа төлөөлөн энэ жинд Б.Эрдэнэт-Од барилдана.

  • Эрэгтэйчүүдийн -100 кг

Ямар ч эргэлзээгүй энэ жингийн “эзэн” нь дэлхийн хоёр удаагийн аварга Хорхе Фонсега. Тэрбээр энэ жил ердөө гуравхан ялагдсан гэх бардам үзүүлэлттэй.

Харин түүнтэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх Майкл Коррел, Шади Эль Нахас, Илья Суламанидзе, Петр Палчик, Тома Никифоров, Николоз Шеразадишвили, Александр Куклой, Ида Кентаро зэрэг шилдгүүд энэ ДАШТ-д өрсөлдөнө.

Дээрх бөхчүүдээс гадна Гүржийн Варлам Липартелиани анхаарал татаж байна. Олимп, дэлхийн мөнгөн медальтай тэрбээр угтаа зодог тайлсан ч татамидаа эргэн ирсэн. Дэлхийн аваргад гурав финалдсан ч алтан медаль зүүж үзээгүй түүнийг энэ жил эцсийн сумаа эрчлэн тавина гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ жиндээ хүчирхэгт тооцогддог Оросын тамирчид оролцох боломжгүй болсон нь бусад бөхчүүдэд багахан ч гэсэн боломж олгов.

Монгол Улсаа төлөөлөн энэ жинд Б.Гончигсүрэн барилдана.

  • Эмэгтэйчүүдийн +78 кг

Францын Романе Дико болон Японы Вакаба Томита хоёрын дунд гол өрсөлдөөн гарна гэж харж байна. Саяхан Европ тивдээ аваргалсан Дико Япончуудтай тааруу барилддаг. Олимпийн холимог багийн тэмцээнд Акира Сонэд ялагдаж байсан бол Обервартын дэлхийн цомд Сара Асахинад мөн тахим буулгасан.

Томита ч Диког нутагт нь Парисын Гранд Слам дээр ялж байлаа.

Эцэст нь домогт Ортизыг дурдахгүй өнгөрөхгүй байж болохгүй.  Өдгөө 33 настай, ид үеэ өнгөрөөж байгаа ч түүнд бодсон зүйл байгаа байлгүй. Мөн Беатрис Суза, Рочель Нюнес, Жулиа Толофуа, Шияан Шу зэрэг дэлхийд түрүүлэх нууцхан мөрөөдөлтэй хүчтэнүүд байна.

Монгол Улсаа төлөөлөн энэ жинд А.Адъяасүрэн барилдана.

  • Эрэгтэйчүүдийн +100 кг

Агуу аварга Тедди Ринье үзэгч олноо баясгахгүй ч энэ жингийн өрсөлдөөн сонирхол татаж байна. Олимпийн аварга Лукас Крпалек, Японы аварга Тацүрү Саито нар эхний наймд эрэмбэлэгдээгүй учир өрсөлдөөн эхнээсээ ширүүсэх нь дамжиггүй. Мэргэжилтнүүд олимпийн аварга Крпалект эргэлзэж эхэлсэн бололтой. Түүнийг нэг эсвэл хоёрдугаар тойрогтоо өвдөг шороодно гэж харж байна.

Нөгөө талд дэлхийн чансааг тэргүүлэгч Темур Рахимовыг ядах юмгүй хагас шигшээд шалгарна гэв. Мөн 2018 оны дэлхийн аварга Гурам Тушишвили, өсвөр, залуучуудын дэлхийн аваргадаа ноёрхсон Омар Леон Круз, тал нутгийн аюул О.Цэцэнцэнгэл нарыг алтан медальд ойрхон гэж онцолжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж