Нобелийн физиологи, анагаах ухааны салбарын 2022 оны шагналыг Хүн төрөлхтний хөгжлийн явцад мөхсөн эртний хүмүүсээс бид хэрхэн генетикийн хувьд хувьсан өөрчлөгдсөнийг судалж илрүүлсэн Шведийн эрдэмтэн хүртлээ. Сванте Паабо нь эртний хүний ДНХ-ийн кодыг тайлснаар цар тахлын үед Неандерталь генийн хувилбарыг тээсэн хүн Covid-19-өөр бусдаас илүү хүндээр өвчилж байгааг судлан тогтооход тусалжээ. Сванте Паабо нь өдгөө Германы Лейпциг хот дахь Макс Планкийн хувьслын антропологийн хүрээлэнд захирлаар ажиллаж буй.
Шведийн Стокгольм хотод төрсөн Сванте Паабо анагаах, биохимийн чиглэлээр их сургуульд суралцаж төгсчээ. Тэрбээр хэлэхдээ, "бид генетикийн түүхийг мөрдөн дагаснаар хэрхэн өөрчлөгдөн хувьссаныг нь олж тогтоон, цаг хугацаа руу буцах боломжтой гэдгийг мэдсэн нь надад гайхамшигтай нээлт байсан" гэж ярьжээ. Өдгөө 67 настай Сванте Паабо Нобелийн шагналын хорооноос өөр рүү нь залгахад наргиж байна гэж бодсон гэв.
Түүний эцэг нь мөн Нобелийн шагналт биохимич байсан бөгөөд археологи, палеонтологийн олдворуудын ДНХ-ийн дарааллыг судлах арга замуудыг бий болгосноор хүний гарал үүслийн судалгааг хөгжүүлсэн нэгэн аж.
Нобелийн физиологи, анагаахын шагнал нь шинжлэх ухааны салбар дахь хамгийн нэр хүндтэй шагнал гэдгийг зохион байгуулагч тал онцолжээ. Нобелийн шагналыг дагалдаж, 10 сая крон /ойролцоогоор 900,357 ам.доллар/ гардуулсан байна.
Жил бүрийн аравдугаар сард Швед, Норвеги дэх Нобелийн шагналын хорооноос шинжлэх ухаан, уран зохиол, эдийн засаг, энх тайвны чиглэлээр шинэ амжилт тогтоосон бүтээл, нийгэмд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шалгаруулж, шагнадаг. Энэ жил Нобелийн шагналд 343 хүний нэрийг дэвшүүлснээс зургаан хүнийг шалгаруулж, аравдугаар сарын 7-10-ны хооронд өдөр бүр нэг нэгээр нь зарлана.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS, THE NEW YORK TIMES
Холбоотой мэдээ