Эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.
-Төсөв хэт тэлсэн, бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, зайлшгүй тодотгох шаардлагатай орж ирсээр байна. Ирэх жилийн төсөв хэт өөдрөг төсөөлөлтэй, түүхэнд байхгүй зөрүүтэй төсөв гэж эдийн засагчид дүгнэж байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Ерөөсөө хуучин алдаагаа давтсан. Хөрөнгө оруулалтын төслүүдийг шинээр эхлүүлэхгүй гэж ярьсан. Шинээр оруулахгүй байх үндсийг ноднин жил хийж, таван их наядын төсөл эхлүүлсэн. 3-4 жилд хуваагаад, хөрөнгө оруулалтыг нь тавьчихсан. Шинээр эхлүүлэхгүй ч гэсэн хамгийн өндөр, гурван их наядын хөрөнгө оруулалт тавьсан байна. Дандаа барилга байшин, соёлын төв, цэцэрлэг. Яг үнэндээ тэр орон нутагт цэцэрлэг, сургууль хэрэгтэй байна уу гээд харахаар үгүй байна. Суман дээр нэг ангид долоон хүүхэдтэй хичээл орж байна. Улаанбаатарт хүрэлцэхгүй, шаардлага байгаа л байх. Одоо цэцэрлэг, сургуульгүй сумын төв бий гэдэгт би итгэхгүй. Тэдгээрийг буулгаад, шинээр барихаар оруулж ирээд байгаа юм. Ноднин үүнийг төсөвт оруулаад, энэ жил үргэлжлүүлээд явж байна. Үүнийгээ больчих хэрэгтэй. Хуучин ногооруулаад, гарын үсэг зурж, гэрээг нь үзэглэсэн төслүүдийг үнийн өсөлт гээд 300 тэрбум төгрөг тавьчихаж байна. Угаасаа инфляци 14, 15 хувийн өсөлттэй, үнийн өсөлтөд бүгд нэрвэгдэж байна. Өнгөрсөн жил гаргасан алдаагаа энэ жил засахыг оролдсонгүй. Завхан, Дундговь аймгуудад соёлын төвийн дуусаагүй 10 жил болж буй барилга ч байгаа юм.
-Ирэх жилийн төсөв сонгуульд зориулагдсан төсөв гэж хүмүүсийн шүүмжлээд байгаа оргүй ч юм биш байх нь?
-Тийм. Хэт өндөр мөнгө тавиад, зөрүү мөнгөн урсгалаар сонгуулийн бэлтгэл ажил хийдэг систем болчихоод байгаа шүү дээ. Шинэ төсөл эхлүүлээгүй гэдэг нь худлаа. Дээд шүүхийн барилгыг 56 тэрбумаар эхлүүлэх гэж байна. Нөгөө л Хэнтий аймгийн баахан аялал жуулчлалын кемп, хөшөө дурсгал замбараагүй олон. Хэнтийгээс Ульхан боомт руу 250-хан км зам тавьж байна. Тэр нь дараа жил үргэлжилнэ. Яг үнэнийг хэлэхэд өдөрт 10 машин явах, 250 км зам Хэнтий аймагт барих ямар шаардлага байгаа юм бэ. Ульхан боомтоор өдөрт хэдэн машин орж, гарч байгаа вэ. Гэтэл Дарханы зам дээр мөнгө байхгүй, гаднын зээл, тусламж гээд сонин юм яриад байгаа шүү дээ.
-Төсвийн орлогыг 18.9 их наяд буюу ДНБ-ий 34.7 хувь, зарлагыг 20.5 их наяд буюу ДНБ-ий 37.6 хувь байна гэж тооцоолжээ. Хэр боломжтой төсөөлөл вэ?
-Төсвийн зарлага талдаа шинэчлэл хийж чадаагүй. Төсвийн зарлага 14 хувиар өссөн байна лээ. Сүүлийн гурван жилд 9 их наядын төсвийн алдагдал хийгээд, баахан барилга, байшин босгосон. Тэр нь дахиад урсгал зардалдаа явна. Төрийн албан хаагчдыг цомхотгоно гэж аль ноднин ярьсан. Одоо орон нутагт цалинг 20 хувь нэмэгдүүлнэ гээд яриад сууж байна. Цахим шилжилт хийгээд, төрийн албан хаагчдыг цомхотгоно гэсэн нь байхгүй. Цахим нэртэй, төсөл хэрэгжүүлдэг хэдэн хүн нэмэгдээд, цомхотгох ёстой хүмүүс нь хэвээр, хуучиндаа. Орон тоог улам нэмэгдүүлсэн. Бид олон жил хөрөнгө оруулалт хэрэгтэй гээд барилга, байшин босгоод явчихсан. Одоо барилга, байшингийн харуул хамгаалалт, халаалт, цэвэрлэгээ гээд урсгал зардал нь дийлдэхээ больсон. Төрийн 198 мянган албан хаагч бий. Ямар ч үр өгөөжгүй төрийн өмчийн компаниуд, алдагдалтай ажилладаг. Үр өгөөжгүй тендерээр нэг юм шахдаг. Ийм л систем болчихоод байна.
"ЮУН БАГАСАХ, ЮУН ХЭМНЭХ"
-Сангийн сайд Б.Жавхлан нэг тэрбум төгрөг хэмнэлээ гэж мэдээлсэн. Төслөөс харахад илүү нэмэгдүүлсэн байх юм?
-Хэмнэлт байхгүй. Төсвийн зарлага 14 хувиар өссөн. Юун багасах, юун хэмнэх. Тэр худлаа. Төсвийн орлого талдаа энэ оныхоос 20 хувиар нэмэгдүүлсэн. Энэ бол хэт өөдрөг, хэт хийсвэр төсөөлөл. Ирэх жил 36.5 сая тонн нүүрс гаргана гээд төлөвлөсөн. Энэ нь Монгол Улсын квотод тохирсон, яг тулсан дүн. Энэ төсөөлөл хэт өөдрөг. Ирэх жилийн нүүрс, зэс, алтны үнэ буурахаар байна.
-Зарим эдийн засагчид 2023 оны төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гэж мэдэгдэж байна?
-1.6 их наяд төгрөг.
-Ирэх жил баахан бондын төлбөр төлнө. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй, та санал нийлж байна уу?
-Засгийн газрын өр 5.8 их наядаар нэмэгдэхээр байна. Үүнээс 2.2 нь гадаад өр. Гадаадаас дахиад зээл авах нь. Мөн 3.6 нь дотоод өр, нэмэгдэхээр байна. Энэ 3.6-г хаанаас гаргаж өгөх вэ. Дотоодын бонд босголоо гэхэд хэн авах вэ? Монголбанк л авах байх. Тийм их бэлэн мөнгө банкуудад байхгүй. 3.6-гаар Монголбанкны мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх байх.
-Эдийн засгийн өсөлт 5 хувь, инфляци 8 хувь байна гэж тусгасан байна. Инфляцийг огцом бууруулах боломж байх уу?
-Сангийн яам инфляцийг ирэх жил найман хувь гэж тооцсон байна. Одоо 14 хувь, ирэх жил яаж буулгах юм бэ. Дэлхий даяар инфляци өсөлттэй байна. Америкийн инфляци найман хувьтай, Английнх бүр 10 гараад явчихлаа. Валютын инфляци нэмэгдээд байна. Ханшаа 3200 бил үү хэт бага төсөөлсөн байна. Инфляци тооцоолсноосоо ихсээд явчихвал Сангийн яам тэр мөнгийг иднэ. Сангийн яаманд ашигтай. найман хувь гэж тооцоолсон учраас тэтгэвэр, тэтгэмж найман хувиас дээш өсөхгүй. Инфляци 14, 15 хувьтай байна. Зөрүүг нь яах вэ? Сангийн яам зөрүүгээр нь төсвийнхөө цоорхойг нөхөх гээд байна. Үр ашиггүй, хэрэгцээгүй хөрөнгө оруулалтаа танахгүй байж төрийн албан хаагчид, тэтгэврийнхнээ мөлжих нь шударга бус. Төгрөгийн ханш сулраад л байна. Монгол Улсын инфляци импортын бараанаас маш их хамааралтай. Дотоодын инфляци ч өндөр. 8 хувь руу бууна гэх үндэслэл ерөөсөө харагдахгүй байна. Сангийн яаманд төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байх сонирхол байна. Үйлдвэрчний эвлэлтэй инфляцитай уялдуулж явна гэсэн гурван талын гэрээтэй. 8 хувиас дээш гарвал Засгийн газрын өөрийнх нь орлого болно. Ард түмнээ л ядууруулж байна.
-Сард 20 сая, түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн хувь хүний орлогын албан татвар төлөхөөр төсөлд тусгажээ. 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн татвар төлөх нь?
-Тэр бол хэт хийсвэр тоо. 10 сая төгрөгөөс дээш цалин авдаг 1300 хүн байдаг нь хүн амын 0.1 хувь. Тэдэнд зориулсан хууль батлах гээд байгаа юм уу. Орлого ихтэй хүмүүсээс илүү татвар авна гэдэг зүгээр нэг попрол, олон нийтэд таалагдах гэсэн оролдлого. Тэндээс ямар ч татвар нэмэгдэхгүй, төсвийн орлогод ч нэмэргүй.
“ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ОДОО БОЛЬЧИХМООР ЮМ”
-Ирэх жилийн төсвийн төсөлд иргэн бүрийг ажилтай болгоно гэж тусгасан байна. Ажилтай, орлоготой байвал ч болоод явчихна биз дээ?
-Сайхан сайхан зорилтууд бичсэн байна лээ. 2050, “Шинэ сэргэлтийн бодлого” гээд бичсэн байна. Хөдөлмөрт шилжинэ гээд. Манайх коммунист орон уу. Коммунизмын үед л тийм зорилт дэвшүүлдэг байсан. Одоо 21-р зуунд тийм тэнэг юм ярьж байгаа улс Монголоос өөр хаана ч байхгүй. 21-р зууны, бусад орны төсвийн бодлогыг харахаар тэс өөр болсон байна. Хүмүүст боломж олгоё гэдэг чиглэл рүү. Тэрнээс биш хэн нэг хүнд зориулаад, ажлын байр гаргаад, тэрэнд мөнгө зарах юм ерөөсөө байхгүй байна. Манай халамжийн бодлогыг харахаар нийгмийн аль нэг сигментэд зориулсан нь маш их. Эдийн засгийн утгаараа энэ нь олон нийтэд хандсан биш. Тухайлбал, 20 мянган хүнийг анхаарч, бусдаас илүү гэж үзээд, бусдын боломжийг бууруулчихаж байна.
-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 90 хувьд олгоно гэдэг нь өмнөхөөс 9 хувиар багассан үзүүлэлт. Сүртэй хэмнэлт болж чадахгүй болов уу?
-Хар л даа. Сонгуулийн амлалт, хүүхдийн мөнгө гээд 10 мянган төгрөгөөс эхэлсэн. 20 мянга болсон, Covid-ийн үед 100 мянга болчихлоо. Одоо түүнийгээ бууруулж чадахгүй байна. Тэтгэвэр, тэтгэмж гээд хүн амын гуравны хоёр нь халамж авч байна. 1.4 сая хүүхдэд 100 мянган төгрөг олгож байна. Халамж уу, мөнгөний нийлүүлэлт үү, нэг бол хүн амаа өсгөх бодлого уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгө хэрэггүй гэж зарим нь попроод, зарим нь хүүхдийн мөнгөнөөс болоод ажил хийх хүн олдохоо болилоо гэхчилэн их дураараа тайлбарлаж байна. Энэ бол мөнгөний нийлүүлэлтэд маш их нөлөөтэй. 1.4 их наяд, сая түүнийхээ 9 хувийг хасч, өрхийн орлого нь 3 саяас дээш байвал авахгүй байхыг уриална гэж байна. Бодит амьдрал дээр буухаараа нийгмийн халамжийн газар нь хасах л байх. Нийгмийн дотор ялгаа үүсгээд, ялгаварлан гадуурхаж байна. Нөгөө 9 хувьд гомдох сэтгэл төрнө. 91 хувь нь “Баячууд авч яадаг юм бэ” гэж хоорондоо бие биенээ үгүйсгэсэн нийгмийн хүйтэн хандлагыг төрүүлж байна. Хүүхдийн мөнгийг одоо больчихмоор юм.
-Яагаад тэр вэ? Хүүхдийн мөнгө хэрэгтэй гэж хүмүүс эсэргүүцэх болов уу?
-Хүн амын 30 хувийн орлого буураагүй. Covid-ийн үед ч малчдын орлого буураагүй. Ноос, ноолуур нь байдгаараа л гарч байсан. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ тогтмол өсч байна. Covid-ийн эхний жил ноолуурын үнэ унаад, буцаад сэргэсэн байх. Гэтэл сонгуулийн зорилгоор энэ хүмүүсийн 30 хувийг бэлэн мөнгөөр тэтгээд байна шүү дээ. Ер нь хүүхдийн мөнгийг тусламж уу, сонгуулийн санал авах хэрэгсэл, эсвэл мөнгөний нийлүүлэлт, халамж уу гэдгийг тодорхой болгох ёстой. Эсвэл хүн амаа өсгөх бодлого юм уу. Одоо хүний амьдралын чанар, түвшинг ярих ёстой. Хүн амын 90 хувь нь 1000 ам.доллараас бага орлоготой байна.
-Ирэх жилийн төсөв дээр 10 их наядын гадаад өр нэмж бичигдэхээр байна гэсэн мэдээлэл ч байна?
-Өр бол маш том асуудал болсон. Ирэх жилийн төсөв дээр гадаад өрийг 2.2 их наядаар, дотоод өрийг 3.6 их наядаар нэмэгдүүлнэ гээд санал ороод ирж байна. Энэ байдлыг засч чадахгүй бол дефолт болох нь ойлгомжтой.
-Ирэх жил эдийн засгийн өсөлтийн тухай яриад ч нэмэргүй юм биш үү?
-Сангийн яам, төр засгийнхан эдийн засгийн өсөлт гэхээр алт, зэс, нүүрс гээд нөгөө л гуравхан юмаа ярьдаг. Алт угаасаа тогтмолжсон юм шиг байна лээ. Гэтэл цаана чинь хувийн хэвшлийн бусад үйлдвэрлэлүүд байгаа шүү дээ. Хувийн хэвшлийн, эдийн засгийн итгэлцүүр судалгаанаас харахад, ирэх онд ерөөсөө ямар ч итгэл байхгүй. Хөрөнгө оруулалт хийхгүй, хийх хуримтлал ч байхгүй болсон байна. Ирэх жилүүдэд Тавантолгойн нүүрсээ гаргадаг л юм байгаа биз. Хувийн хэвшлийн үйлдвэрлэл, үйлчилгээ буурах хандлагатай, уналт болох байх гэж бодож байна. Тэгэхээр ирэх онд 5 хувийн эдийн засгийн өсөлт гарна гэдэг нь хэт өндөр, эрсдэлээ тооцоолоогүй, хөөсөрсөн дүн.
"ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦААГ ХЭТЭРХИЙ ГАЖУУДУУЛААД, ЖАМААРАА ХӨГЖИХ ХӨГЖЛИЙН ӨСӨЛТИЙГ НЬ БУУРУУЛААД БАЙНА"
-Үнэхээр гайхалтай төсөв болсон байна.
-Тийм, би уншаад бүр гайхсан. Сонин сонин юм орж ирсэн байна лээ. Covid-ийн үед 10 сар дотроо халдвар алдаагүй гээд. Юу яриад байгаа юм бэ. Халдвар алдаад, хоёр жил өнгөрчихөөд байхад одоо тэр гавьяагаа бичээд суугаад байгаа байхгүй юу.
-Ерөнхий зургаараа эдийн засаг хэдэн оноос нааштай эргэж, сэргэх төсөөлөл танд байна вэ?
-Зөв бодлого явуулж байж л сэргэлт гэж ярина шүү дээ. Ёроол руугаа хэзээ ойчих вэ. Одоо ёроол руугаа л яваад байна. Дээшээ өндийгөөгүй байхад бид өсөлт яриад яах вэ. Нэмж нэг зүйлийг хэлмээр байна, эдийн засгийн байдал муу, ийм төсөв гаргаж байхад сөрөг хүчин хаана байна вэ? Нөгөө Ардчилсан нам, ХҮН нам хаана байна вэ? Сонгууль болохоор гэнэт олноороо гарч ирдэг жижиг намууд дуугарч байна уу, байхгүй. Худлаа, ерөөсөө карманы намууд. Гэнэт мөнгөтэй болоод нэр дэвшдэг тэднийг нам ч гэж битгий тоо. Ардчилсан нам, ХҮН намууд энэ дээр эдийн засгийн тооцоо хийгээд, дуугарах ёстой. Мэтгэлцэх ёстой. Тэд дуугарахгүй байна.
-Ухааны бяд нь хүрэхгүй байна уу?
-Засгийн эрх барьж байсан хүмүүс шүү дээ. Потенциал нь байвал байх л ёстой. ХҮН нам нэлээн олон эдийн засагчтай юм билээ. Энийг ярих ёстой.
-Иргэд ирэх оны эхний өдрөөс ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Тэгж төлөх орлогын эх үүсвэр байхгүй учраас ипотекийн хямрал болох вий?
-Жилд 20, 30 мянган хүнд моргэйжийн зээл олгох эх үүсвэрийг нь гаргаж өгч байна. Гэхдээ түүний 60 хувь нь Монголбанкны эх үүсвэр, одоо бүр 80 болгох гээд байна. Банк өөрөө мөнгөгүй болчихоод байна шүү дээ. Тэр 60 хувийн мөнгө хаанаас гарч ирж байгаа вэ? Монголбанк яг үнэндээ мөнгөний нийлүүлэлтээ л нэмж байна. Мөнгө хэвлэнэ гэсэн үг. Тийм учраас төгрөгийн ам.доллартай харьцах ханш ямар байх нь ойлгомжтой. Яагаад гэвэл барилгын материал зарсан мөнгөний 70 хувь импорт руу чиглэдэг. Монголд дотроосоо цемент, арматур, хайрга гэх мэт зүйлс үнэлгээнийх нь 30 хувь. Цементээ бүрэн хангаж чадахгүй, арматур ч бас гаднаас авч байна. Бусад доторхи тавилга, тоноглол, шохой, будаг гээд бүгд импортынх. Одоо тэр ипотекийн зээлийг болих хэрэгтэй.
-Яагаад?
-Жилд ипотекийн зээл авч буй 20, 30 мянган хүн буюу хүн амын 1 хувийн төлөө бусад 99 хувийн амьдрах нөхцлийг муутгаж байна. Орон сууцны зээл авах шаардлага хангаагүй, түрээсээр амьдардаг хүн байж болно. Эсвэл байр авъя гээд мөнгөө хурааж байсан хүн байж болно. Өндөр орлоготой мөртлөө орлогоо нотолж чадахгүй, нийгмийн даатгал бичүүлдэггүй ч юм уу, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн боломжийг хулгайлчихаж байгаа юм. Сүүлийн хоёр жил байрны үнэ хоёр дахин өслөө. Тэдгээр хүмүүс хохирч байна. Улс нийгмийг дэмжих гээд, эдийн засгийн дотоод амьдралд оролцох тусам өөрөө эрсдэл үүсгэж байна. Зах зээлийн харилцааг хэтэрхий гажуудуулаад, өөрийнхөө жамаар хөгжих хөгжлийн өсөлтийг нь бууруулаад байна.
-Төсөв жилээс жилд тэлж, хэтэрхий өөдрөг төсөөлөгддөг байдлыг яаж өөрчилж, “эрүүлжүүлэх” вэ? Боломж, шийдэл бий болов уу?
-Төсвийн төлөвлөлт гээд хуучин системээ хаяад, бүр шинээр хийх хэрэгтэй. Төсвийн төлөвлөлтийн хуультай болох хэрэгтэй. Монгол Улсын нийт гадаад өр, эдийн засгийн өсөлт, нийт валютын нөхцөл байдлаа тооцоолоод, бид жилд тэдэн тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад хийх боломжтой вэ гээд аймгууд, Улаанбаатартаа хуваарилаад, тэр нь эдийн засгийн хөгжлийг дэмжсэн, дахин орлого нэмэгдүүлэх, эдийн засгийн бааз суурь, хөгжлийг дэмжсэн төслүүд байх ёстой. Эрчим хүч, ус хангамж, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн гэх мэт. Барилгын материалын үйлдвэрлэл гэж ярихаар төрийн өмчийн компани үүсгэх гээд байдаг. Битгий тэгж ярь. Төр боломжийг л үүсгэх ёстой. Дулаан, ус хангамжийг нь хийгээд, замыг нь тавиад өгчихвөл хувийн хэвшил бусдыг нь хийчихнэ. Тохирсон төсвийг нь гаргаад өгчихвөл орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт өгөөч гээд гуйдаг хүмүүс өөрсдөө дотроо бодох ёстой. Энэ жил тэдийг өгөх юм байна, энэ жил тэд, ирэх гурван жилд манай төсөв дээр тэдэн төгрөг орж ирж, хөрөнгө оруулалт дээр эрх нээгдэх юм байна гээд орон нутагтаа хэрэгтэй юмаа захиалах байхгүй юу. Тэгэхгүй бол одоо мөнгө орж ирэх эсэх нь тодорхойгүй болохоор тэр хүмүүс хүслийн жагсаалттай явж байна. Аль болох их авах хүсэлтэй. Тэр төсөл хэрэгжинэ үү, байна уу ерөөсөө падлий байхгүй. Гурав, дөрвөн жилд мөнгө тавьж л байвал бол оо, бидэнд хамаагүй гэж боддог.
-Үр өгөөжийг нь хүртэх, үгүйгээ мэдэхгүй учраас уу?
-Тийм. Хэрвээ дүн нь тодорхой болоод та нар хэрэгтэй төслөө шийд гэвэл жишээлбэл, тухайн аймагт 10 тэрбум тавигдах нь гэвэл тэр жилдээ хэрэгжээд, үр шим нь гарах төслөө л санал болгоно шүү дээ. Тэгэхгүй болохоор маш их хэмжээний санал, хүслийн жагсаалт явуулдаг. Тэгээд УИХ-ын гишүүнээ лоббидоод, “За манай аймагт ийм юм тавигдсан шүү, та дэмжээд өгөөрэй гэнэ. Нөгөө гишүүн нь очоод Сангийн яамаа лоббидоод, гуйгаад ч юм уу, чихдээд. Сангийн яам нь 10 төсөл оруулаад, тус бүр нь 10, 10 хувийн мөнгө тавьдаг юм уу, ийм тэнэг юм болчихоод байна. Улсын төсвөөс хэдийг юунд зарцуулах вэ гэдгээ бодитой хуульчлаад өгчихвөл хүмүүс арай зөв юм төлөвлөнө. Зарлагуудаа танах хэрэгтэй. Дандаа үргүй зардал. Жилд хоёр, гуравхан удаа ашигладаг соёлын төвөөр яах юм бэ. Нэг ангид долоохон сурагчтай цэцэрлэг, сургууль ажиллаж байна, орон нутагт. Түүнийг дахин шинэчилж яах юм бэ. Хуучин муудсан байрууд байвал аятайхан янзалж болно доо. Заавал нурааж шинээр барих ямар хэрэг байна вэ. Энэ бол хэмнэлтийн горимд ажиллаж байгаа хэрэг яавч биш.
"ЭРДЭНЭТ, ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХОЁР ҮР ӨГӨӨЖГҮЙ, ТӨСЛИЙН ЗАРЛАГЫГ
ХИЙСЭЭР БАЙГААД УНАХ ГЭЖ БАЙНА"
-Эдийн засаг дахь төрийн оролцоо их байгааг “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-н жишээнээс харж болохоор байна, тийм үү?
-Манай эдийн засагт төрийн оролцоо маш өндөр, 40 хувь байна. Төрийн өмчийн компаниудаа оролцуулаад яривал 70 хувь болно. Энэ тоо улам өсөөд байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагтай орон биш, буцаад төвлөрсөн төлөвлөөт эдийн засагтай орон болсон. Үр өгөөжгүй, нийгмийн баялгийг дандаа буруу хуваарилдаг яг социалист систем рүүгээ л яваад байна. “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэс Тавантолгой” гэж хоёр том төрийн өмчийн компани дандаа төсөв хийх ёстой, хүмүүст мөнгө тараах, сургуулийн жорлон барих гээд замбараагүй юм болоод байна. Компани л юм бол компани шиг л ажиллах ёстой. Ашгаа, хуримтлалаа хийх ёстой. Хөрөнгө оруулалтаа хийгээд, цаашдын өсч хөгжих төслүүд рүүгээ мөнгө оруулах ёстой. Гэтэл Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой хоёр үр өгөөжгүй, төслийн зарлагыг хийсээр байгаад унах гэж байна.
-Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэн нүүрсний экспортоос харах зүйл байхгүй, орлого ойрын хугацаанд орж ирэхгүй, урьдчилаад мөнгөө авчихсан шүү гэдгийг анхааруулсан. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-"Эрдэнэс Тавантолгой" нийт нүүрснийхээ 40 хувьд гэрээтэй. Нүүрсний бартераар авсан хөрөнгийн тухайд ямар төсөлд хэдэн төгрөг зарцуулсан нь улсын нууцад ихэнх нь байна. Төмөр зам руу хэдийг нь оруулаад, ямар өртгөөр барьсан, түүний хэд нь Хятадын мөнгөөр, хэд нь "Эрдэнэс Тавантолгой"-н мөнгөөр баригдсан, нэгжийн өртөг нь хэд юм бэ гэдгийг улсын нууцаас гаргах ёстой. Энэ задарвал бараг эрүүгийн хэрэг ч болж магадгүй.
-Манипуляци хийгээд байна гэсэн хардлага ч бий?
-Харин тийм. Нэгжийн өртгийг нь хэдээр авсан юм бэ. Одоо тэгээд шинээр тавьсан төмөр зам дээр л галт тэрэг онхолдлоо шүү дээ.
"АНОД БАНК БУУ ТУЛГУУЛЖ ДЭЭРЭМДҮҮЛЭЭД, ДАМПУУРЧИХСАН ГЭДЭГ ХУДЛАА"
-Монголбанк багагүй шүүмжлэлд өртөж байна. Та тэнд ажиллаж байсны хувьд Төв банкны хараат бус байдлын талаар юу хэлэх вэ?
-Монголбанк одоо Засгийн газрын мөнгөний нярав болсон. Бие даасан, хараат бус байдал огт байхгүй болсон. Засгийн газар ямар төсөл санаачилна, хийнэ гэж хэлнэ түүн дээр нэг удаа эсэргүүцсэн, түүнийг баримттай нотолгоотойгоор “Энэ чинь худлаа шүү” гэж хэлсэн тохиолдол байхгүй. Ялангуяа сүүлийн 3, 4 жилд. Засгийн газар 2 их наядын ипотекийн зээл, 10 их наядын хөтөлбөр санаачиллаа, Монголбанк бүгдийг нь дэмждэг. Энэ бол ерөөсөө хараат бус байдал байхгүй болсныг хэлж байгаа юм. УИХ-ын дарга нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгч хоёрыг өрөөндөө дуудаад, үүрэг чиглэл өгдөг болсон. Олон янзын үр ашиггүй хөтөлбөр санаачлаад, түүнийг санхүүжүүлэх мөнгөний нярав халаасанд орчихсон байна. Дуулгавартай тэр мөнгийг нь гаргаж өгч байна.
-Тантай уулзсаных "Анод" банк тойрсон асуудлыг тодруулъя. Тус банкны дампуурлын үед та Монголбанкны хяналт шалгалт дээр ажиллаж байсан. 14 жилийн өмнөх хэргийг яагаад одоо сөхөж ярих болов гэдэг сонирхолтой байна. Удирдлагын буруугаас болж дампуурсан гэдэг үнэн үү?
-Анод банк 1998 онд анх лицензээ авсан, 10 жил болоод дампуурсан. Валютын ченж хийдэг байсан хүмүүс анх үүсгэн байгуулсан, мэргэжлийн банкны хүмүүс биш. Хоёр нь цэргийн, нэг нь инженер мэргэжилтэй байсан байх. Мэргэжлийн банкирууд бол биш. Анх байгуулагдахдаа дүрмийн сангаа хуудуутай, хуурамч баримттай бүрдүүлсэн нь нотлох баримтаар нотлогдсон. Тэр хүмүүс банкийг мэргэжлийн түвшинд авч яваагүй. Дандаа булхайтай үйлдэл хийсэн, маш муу менежментийн үр дүнд дандаа алдагдал хүлээгээд дууссан банк шүү дээ. Хууль бус үйл ажиллагаа үргэлж явуулдаг байсан учраас хууль хяналтын байгууллагын хараа хяналт, дарамтад орсон удаа ч олон. Түүнд зориулаад их мөнгө зарсан ч юм байдаг байх. Далдуур, бидэнд мэдэгдэхгүйгээр. Хуулийн байгууллагад яаж дарамтлуулж байсан тухайгаа сая ярьсан байна лээ.
-Харуулыг нь зүрхэнд нь буудаад, дээрэмдээд явсны улмаас дампуурсан гэж ярьж байсан. Тийм зүйл болсон юм болов уу?
-Буу тулгуулж дээрэмдүүлээд, дампуурчихсан гэдэг бол худлаа. 200 мянган ам.доллар, тухайн үеийн ханшаар 240 сая төгрөг буу тулгуулж дээрэмдүүлж алдсан. Гэхдээ бодит хохирлын хувьд банкны баланс бол 160 тэрбум байсан. Тэгэхээр харьцуулашгүй дүн байхгүй юу.
"АЗИ ДОТРОО МОНГОЛ ДЕФОЛТЫН ЭРСДЭЛ ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА"
-2023 оны төсвийн төсөлд тусгаснаар Хятад, Японы хоёр банк Монголд байгуулагдах нь тодорхой болж байна гэж харлаа. Гаднын банкууд орж ирэх нь буруу, зөв гэсэн талцал байдаг. Таны бодлоор гаднын банк Монголд байгуулагдах нь ашигтай юу?
-Гадаадын банк ороод ирвэл сайн л байна. Үнэхээр баярламаар байна. Яагаад гэвэл, Монголын банкууд хэтэрхий жижигхэн, чадвар муутай, хүү өндөртэй. Урт хугацааны зээл олгож чадахгүй. Хөрөнгийн чадваргүй учраас угаасаа боломжгүй. Засгийн газар бүх банкаа чихийг нь мушгисаар байгаад хамаг мөнгийг нь ипотек рүү гаргачихлаа. Хүүгийн зөрүүг нь төлүүлээд, 3 хувийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн бүх мөнгийг хураагаад гаргачихлаа. Одоо банкнаас тэгж их мөнгө гаргах боломж байхгүй. Тийм учраас гаднын банк орж ирэх нь хэрэгтэй. Банкны нэгдсэн баланс харахад, монгол төгрөгийн хадгаламж хоёр их наяд төгрөгөөр буурсан байна лээ. Хүмүүсийн орлого буурч байна. Хадгаламжаа авч идээд.
-Бас валют болгоод байна уу?
-Үгүй ээ, ер нь нийт дүнгээрээ буурсан. Хүмүүсийн орлого буураад, зарлага нь ихэсмэгц хадгаламжаа бууруулж, авч идэж эхэлж байна. Энэ бол эдийн засаг өөрөө өөрийгөө идэж, эдийн засаг жижгэрч байгаагийн хэлбэр. Тэгэхээр бид гаднаас мөнгө оруулахгүй бол энэ байдлаас гарч чадахгүй.
-Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд монгол зөв бодлого барихгүй бол буруу яваад, дефолт үүсэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Таны хувьд дефолтын эрсдэл ойрхон гэж бодож байна уу?
-Ази дотроо дефолтын эрсдэл хамгийн өндөр байгаа юм. Шриланк дампуурсан, Пакистан дараа нь явж байна. Гурав дахь улс нь Монгол. Пакистанд үер болоод, эдийн засагт нь маш их хохирол учирлаа. Ер нь дампуурах тал руугаа орох байх. Монголын төр засаг хамгийн их нөлөөтэй сангийн болон мөнгөний бодлогоо зөв залж, өөрчлөлт авчрах шинж тэмдэг ерөөсөө харагдахгүй байна.
-Эрх баригчид Хятадаас маш их хэмжээний мөнгө авсныхаа барьцаанд орсон гэж эдийн засагчдын ярихыг сонссон. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Угаасаа Хятадын Ардын банкнаас своп хэлцэл нэртэй 3 тэрбум ам.долларын зээл авчихаад байгаа шүү дээ. Яг своп хэлцэл юм уу гэхээр биш. Жинхэнэ своп хэлцэл гэдэг төгрөг, юаниар хоорондоо шилжүүлэх хэлцэл байх ёстой. Төгрөг, юаниар чөлөөтэй хөрвөдөг. Хятадын Ардын банкнаас своп нэртэй боловч бид юань биш, америк доллар зээлээд авчихсан. Своп бол биш, долларын зээл. Үүнийгээ бид төлж чадахгүй болчихсон. Яг үнэндээ манай гадаад валютын нөөцийн дүн дээр свопын дүн ордоггүй. Сүүлдээ валютын нөөцөө тооцох аргачлалаа өөрсдөдөө тааруулаад, дүнг нь аль болох их байхаар өөрчилчихсөн юм шиг байна лээ. Энэ бол жирийн ард түмнийг хуурсан, мэхлэлт. Байгаа байдлыг хуурамчаар сайн байна гэж харагдуулах арга.
Холбоотой мэдээ