“Боловсролын зээлээ төлөөгүйгээс 18 жил дипломоо аваагүй хүн бий”

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

“Боловсролын зээлээ төлөөгүйгээс 18 жил дипломоо аваагүй хүн бий”

“Боловсролын зээлээ төлөөгүйгээс 18 жил дипломоо аваагүй хүн бий”

Боловсролын зээлийн сан сурах хүсэл эрмэлзэлтэй, их дээд сургуульд элсэх шаардлага хангасан боловч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай иргэдэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, оюутан, суралцагчдад Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн санхүүжилтийг зохих шийдвэрийг үндэслэн олгодог юм. Одоогийн байдлаар боловсролын зээлийн санд хэдэн хүн хамрагдаж, эргэн төлөлтөө хугацаанд нь хийсэн эсэх талаар Боловсролын зээлийн сангаас тодрууллаа.

-Өнгөрсөн хугацаанд нийт хэчнээн оюутан зээл авч хэд нь зээлээ төлөөгүй байгаа вэ?

-1993-2016 оны хооронд диплом барьцаалсан зээл олгож байсан. Ингэхдээ 31.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүнээс 13 мянга орчим оюутан 5.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Энэ нь сургуулиа төгсөөд ажлын байранд гаран төлбөрөө эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр олгогдсон зээл юм. Харин арилжааны банкаар 2017 онд 2728 оюутанд зээл олгосон. Барьцаа хөрөнгө, хамтран зээлдэгч гэх мэт асуудлууд үүссэн учир 2018 оноос боловсролын зээлийн сангаар боловсролын зээл олгож эхэлсэн.

Тодруулбал, Давхардсан тоогоор 50864 суралцагч, дан тоогоор 25 мянган орчим суралцагчдад 79.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

-Зээлээ эргэн төлөх хугацаа нь болсон хэчнээн суралцагч байгаа вэ?

-2017 оноос хойш боловсролын зээлээ эргэн төлөх 17 мянган төгсөгч байна. Эдгээр төгсөгч нь сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээ төлөөд явж байна. Одоогийн байдлаар 7.2 тэрбум төгрөгийн зээл төлсөн.

Харин 2016 оноос өмнөх төгсөгчдийн хувьд 24 тэрбум төгрөгийн зээл төлөгдөж, эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн, дээд тал нь 18 жил диплом нь хадгалагдаж байгаа хүмүүс байна.

-Зээлээ төлөөгүй бол ямар хариуцлага тооцдог вэ. Зээл олгосон оюутантай эргэх холбоотой ажилладаг уу?

-Өмнө нь буюу 2016 оноос өмнө тухайн хүнийг ажилд орсны дараа боловсролын зээлийг төлүүлэх зохицуулалттайгаар ажилладаг байсан. Харин одоо зээлдэгчтэйгээ эргэж холбогдох байдлаар ажиллаж байна. Ингэхдээ төрийн байгууллагын сүлжээгээр дамжуулан мэдээллийг хүргэх, эргэн төлөх гэрээн дээр төлбөрийн төлөх хугацааг заан эргэн төлүүлэх арга хэмжээг авч байгаа юм. Харин боловсролын сангаас зээл аван, эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд торгууль болон хүү тооцно гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс зээлээ заавал төлөх гэсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

-Зээлийн үлдэгдэлтэй хүн одоогийн байдлаар хэд байгаа вэ?

-13205 оюутан байна. Тухайн үед суралцах боломжийг нь төр дэмжээд төлбөрийн зээл олгосон. Тиймээс дараагийн суралцагчдад боломж олгохын тулд зээлээ төлж, дахиад зээл авах боломж, эх үүсвэрүүдийг нь гаргаж өгөх үүднээс сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж