Ипотекийн зээлийн шаардлагыг өөрчилсөн ч банкууд зээл гаргахгүй байна | News.MN

Ипотекийн зээлийн шаардлагыг өөрчилсөн ч банкууд зээл гаргахгүй байна

Ипотекийн зээлийн шаардлагыг өөрчилсөн ч банкууд зээл гаргахгүй байна

Ипотекийн зээлийн шаардлагыг өөрчилсөн ч банкууд зээл гаргахгүй байна

ОУВС-гаас ипотекийн зээлийг зогсоохгүйгээр эдийн засагт дарамт учруулна гэдгийг Монголын Засгийн газарт зөвлөж буйгаа дуулгасан. Гэсэн хэдий ч төв банк ипотекийн зээлийн шаардлагаа өөрчилж, үнийн дүнг өсгөсөн талаараа мэдээлэв. Гэхдээ үүнд баярласан иргэд цөөхөн.

Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн амьжиргаанд тохируулан ипотекийн зээлийн хүүгээ зургаан хувь болгосон. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон нь орон сууцны худалдааны эрэлтийг нэмэгдүүлсэн ч арилжааны банкууд өнгөрсөн тавдугаар сараас зээл олголтоо хязгаарлаад байгаа. Тодруулбал, зарим банк ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг авч байгаа бол зарим нь эхний хүсэлтүүдийг шийдвэрлэх хүртэл зээл олголтоо бүрэн зогсоожээ.

Учир нь, Монголбанкнаас олгох санхүүжилтийн хэмжээ бага байгаа тул иргэдийн хүсэлтийн хүлээлгийн хугацаа багадаа 3-4 сар болж буй аж.

Монголбанкнаас өчигдөр /2022.10.03/ хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгасан байна. Тухайлбал,

  • Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны аравдугаар сараас эхлэн санхүүжүүлэх,
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  • Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн.

Гэвч ийнхүү хөнгөлөлттэй зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан ч арилжааны ихэнх банк зээл олголтыг хязгаарлаад байгаа. Харин ипотек биш орон сууцны өндөр хүүтэй зээлийг шалгуурын дагуу олгож байна. Тодруулбал, арилжааны банкууд урт хугацаатай зээл олголтыг өнгөрсөн гуравдугаар сараас хязгаарлалттай олгож буй. Гэхдээ тавдугаар сараас хойш орон сууцны зээл болоод ипотекийн зээл, цалингийн зээл, зарим урт хугацааны зээлийг арилжааны банкууд хязгаарлаж наймдугаар сараас хэвийн олгохоо мэдэгдээд байсан. Гэвч энэ сард ч мөн арилжааны банкууд зээл олгохгүй байгаа бөгөөд хэзээнээс хэвийн олгох нь одоогоор тодорхойгүй байна.

Эдийн засагчдын хэлж буйгаар иргэд банканд хадгаламж байршуулах нь багассан учраас зээл олголтын эх үүсвэр тасалдаж, зээл олгохгүй байхаас өөр сонголтгүй болсон.

Ирэх 11-12 дүгээр сард эдийн засаг улам хүндэрч, арилжааны банкууд он дуустал зээлд хязгаарлалт тогтоох эрсдэлтэйг хэлж байгаа юм. Тиймээс банкуудтай холбогдоход тодорхой заасан хугацаа байхгүй ч зээл олголтын материал хүлээж авахгүй байгааг онцоллоо.

Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Санхүүгийн зах зээлд нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч түүнд нийцсэн хариу үйлдэлд суурилдаг. Иймээс банкууд зээл хязгаарласан гэхээсээ илүү хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэвэл арай илүү үнэнд нийцэх байх.

Макро эдийн засгийн байдал, бизнесийн орчин, иргэдийн амьжиргаа гээд бүх л нөхцөл байдал зээл олголтын эсрэг чиглэлд байна.

Энэ нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Нөгөө талаар эх үүсвэрийн нөхцөл байдал ч таатай бус байна. Мөнгөний захын үзүүлэлтүүд болох мөнгөний нийлүүлэлт, хадгаламжийн статистик үүнийг харуулж байна. Иймээс эдийн засгийн нөхцөл байдал нь санхүүгийн зах зээлийг болгоомжлох, хязгаарлах нөхцөл байдалд орох суурь болсон. Иймд банкууд ч гэсэн өөрөө бизнесийн байгууллага тул томоохон эрсдэл бий болгохоос сэргийлж байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ байдал нь эдийн засаг сэргэхийн хэрээр эргээд хэвийн болох боломжтой.

ОЛГОЛТ БАГА Ч ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХУВЬД ШАЛГУУРЫН ДАГУУ МАТЕРИАЛЫГ БҮРТГЭЖ БАЙГАА

Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй олон мянган өрх байгаа ч зээлийн материалыг зарим банк авахгүй байгаа аж. Тус зээлийн хувьд хэдийгээр бага хувийн хүүтэй ч хамрагдах магадлал жил ирэх бүрт багасч байна. Ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа уртсаж, хүсэлт өгөх иргэд багасахгүй байгаа аж.

Ачаалал, хүсэлт өгсөн иргэдийн материалыг хянах зэргээс шалтгаалж “Хаан” болон “Худалдаа хөгжлийн банк” тодорхой хэмжээний хязгаарлалтаа өнөөдрийг хүртэл цуцлаагүй байгаа аж. Харин “Төрийн банк”, “Голомт”, “Хас” банкны тухайд  иргэдийн материал хүсэлтийг хүлээж авч байгаа гэв.

Гэхдээ банкууд материалыг авсан ч хамгийн багадаа 2-3 сар хүлээх шаардлагатай гэлээ.Учир нь Covid-19-ийн нөхцөл байдлаас болоод ипотекийн эргэн төлөлт энэ оныг дуустал хойшлуулсантай холбоотой санхүүжилтийг зогсоогоод буй. Гэхдээ Монголбанкнаас тус зээлийг зогсоох, иргэдийн хүсэлтийг авахгүй байх шийдвэр, тушаал гаргаагүй төдийгүй хөнгөлөлттэй зээлийн нөхцлийг шинэчлэн батлаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-04 202.55.188.90

Банкууд зээл гаргах мөнгөгүй болсон одоо удахгүй дампуурч Монгол дефолт зарлана. Хятадад өрөө төлж чадахгүй бол газар нутгаасаа тасдаж өгхөөс өөр аргагүй болно. Зугтаж ирсэн "Орос иргэдээ хамгаалах" шалтгаар Путлер Монгол руу дайрна. Ингээд Орос Хятад 2 Монголыг хувааж аваад Монгол дуусаа

Avatar

Зочин 2022-10-04 103.57.92.40

ИЙМ АРИЛЖААНЫ БАНКУУД БАЙЖ ЕРӨӨСӨӨ БОЛОХГҮЙ ! ГАДААДЫН БАНКУУД ОРУУЛ ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БОЛСОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж