“2023 оны төсөв эдийн засгийг аврахад чиглэсэн байх ёстой”

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

“2023 оны төсөв эдийн засгийг аврахад чиглэсэн байх ёстой”

“2023 оны төсөв эдийн засгийг аврахад чиглэсэн байх ёстой”

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн доктор, профессор Б.Отгонтөгстэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ирэх оны төсвийн талаар та ямар бодолтой байна вэ. Сангийн сайд маш сайн хумьсан таналт хийсэн гэж мэдэгдэж байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Ер нь төсөв оруулахаас өмнө хуулиараа тавдугаар сард төсвийн хүрээний мэдэгдэл гэж гардаг. Төсвийн хүрээний мэдэгдлээр ирэх оны төсвийг хэрхэн яаж төсөөлж, төлөвлөж байна вэ гэдэг нь яг тэр хүрээндээ төсвөө шийдэж, хэмжиж орж ирэх ёстой байдаг. Гэтэл төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зардлыг 18 их наяд байхад, 20 их наядаар зардлыг оруулж ирж байна.

Өөрөөр хэлбэл, даруй хоёр их наяд төгрөгөөр нэмэгдүүлж байна. Тэгээд хэмнэсэн мундаг төсөв оруулж ирлээ гэдэг нь хүүхэд хуурч байгаа юм шиг санагдаж байна.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж тодорхойлох вэ. Эдийн засгийг сэргээж ханшийг тогтворжуулахын тулд юу хийх ёстой вэ?

-Эдийн засагчид нэг л үг хэлж байгаа. Эдийн засаг хямралтай үед инфляцийн түвшин нэмэгдээд ам.доллартай харьцах төгрөгийн ханш огцом унасан үед мөнгөний хатуу бодлого, төсвийн хэмнэлтийн бодлоготой хамт, явж байж давж гарна гэсэн үг. Тэгэхгүй бол мөнгө дахиж хэвлээд, төсвөө тэлээд популист бодлогоо санхүүжүүлээд байвал мөнгө дахин хэвлэгдэж, үнийн түвшин нэмэгдээд л байна. Үнийн түвшин нэмэгдэж байна гэдэг нь инфляцийн түвшин нэмэгдэж, ард түмний худалдан авах чадвар буурна гэсэн үг юм. Дараа нь ядуурлын түвшин нэмэгдэнэ.

Тэгэхээр 2023 оны төсөв бол маш онцлог, эдийн засгийн хямралыг аврахад чиглэгдсэн, гадаад өр төлбөрөө төлөхөд чиглэгдсэн төсөв байх ёстой. Тэрнээс биш төсөв данхайсан, Засгийн газар эрх мэдэлтэй болох гэсэн төсөв байх ёсгүй. Төсвийг хөгжүүлэх гэж хийдэг.

-Сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 20 хувийн, 15 сая ба түүнээс дээш бол 15 хувийн ХХОАТ төлөхөөр тусгасан. Энэ нь амьдрал дээр хэрэгжих магадлалтай юу?

-Өндөр орлоготой иргэдийн тоо хэд байна уу гэдэг чухал асуудал. Тэр тоо багасч байгаа. Ийм үед өндөр орлоготой иргэдээс татвар авна гэдэг нь эдийн засагт нөлөө үзүүлэхгүй. Өндөр орлоготой хүмүүсийн тоо өдрөөс өдөрт багасч байна.

Үүний оронд татвар төлдөггүй иргэдээс татвар авах ёстой.

Суурийг дээшлүүлж, өргөжүүлэх ёстой. Жишээлбэл, худалдааны төвүүд байна. Тэр бүр татвар төлдөггүй байсан иргэдийг тодорхой хэмжээнд төсвийн татвар төлдөг, орлого оруулдаг болгох ёстой.

"МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭДЭГ НЬ МӨНГӨ ҮНЭТЭЙ БОЛЖ БАЙГАА ЮМ"

-Монголбанк мөнгөний бодлогоо нэмэгдүүлснээр иргэд аж ахуй нэгжүүдэд зээл олгохгүй байгаа талаар шүүмжилж буй. Ингэснээр аж ахуй нэгжүүд эдийн засгийн хямралд “нугаслуулж” байна гэхчлэн ярьж байна. Энэ талаар та юуг хэлэх вэ?

-Та нар “зээл гаргахгүй байна, гаргаж байна” гэж яриад байна. Үгүй л дээ. Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэдэг нь мөнгө үнэтэй болж байгаа юм. Мөнгө үнэтэй болж байгаа юм чинь арилжааны банкуудаас тийм их үнэтэй зээл авах аж ахуй нэгжийн эрэлт буурч байна. Арилжааны банкууд зээл өгөхгүй гээд байгаа юм биш. Арилжааны банкууд найдвартай зээл олгож байж амьдарч, оршин тогтнодог байгууллага. Тэд зээл өгөхийн төлөө л байгаа. Харин аж ахуй нэгжүүд авах сонирхолгүй байна.

Инфляци өндөртэй байгаа үед тийм өндөр хүүтэй зээл авах компаниуд ховор шүү дээ.

-Ирэх оны төсвийн 25 хувийг уул уурхайн салбараас олно гэж тооцсон байна. Урд, хойд хөршийг нөхцөл байдал бидэнд ийм боломж олгох болов уу. Хэр бодит төсөөлөл вэ?

-Уул уурхайн хэчнээн вагон гаргасныг мэдэхгүй байна. 25 хувийг оруулна гэдэг нь манай экспортын барааны олборлолт, ложистикийн ачилт, худалдах үнэ өсч байж гарна гэсэн үг. Худалдаж авдаг БНХАУ-ын зах зээл дайны дараа тодорхойгүй байгаа цагт эрэлт тогтох уу. Бид яахав мундаг ачаад байж болох байх. Тэрийг худалдаж авах уу, бидний төсөвт төвлөрүүлэх 8000 мянган ам.доллараар худалдаж авах уу гэдэг асуудал.

-Хүүхдийн мөнгөний асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ. Зарим иргэд НДШ-ийн төлдөг иргэдийн хүүхдэд олгох хэрэгтэйг ярьж байна?

-Эдийн засаг хүндрэлтэй үед ядуурал өсдөг. Тиймээс хүүхдийн мөнгийг халамж хэлбэрээр өгч байх  ёстой.

Хэрвээ тэгэхгүй бол энэ хэцүү үед цар тахлын дараа болон инфляцийн түвшин өндөртэй, дайн дажинтай үед арай хийж хүргэж явсан хүүхдийн хөгжил, сурлага боловсрол, боловсролын чанар эрүүл мэндийн үйлчилгээг алдана гэсэн үг. Өгч байх ёстой. Гэхдээ өнөөгийн түвшинд тодорхой бүлгүүдэд өгөх нь зүйтэй. Нэг өрхийн нэг хүнд ногдох орлого нь нэг саяас давсан орлоготой эхнэр нөхөр, нийлээд гурван сая төгрөгийн орлоготой айлд өгөх хэрэггүй. Яг тэр зүйлийг тооцож, хэмнэж өгөхгүй байсан дээр. Их сургуулийн багш хүний хувьд 18 настай хүүхдүүд их сургуулийн оюутан болчихсон байдаг. Тэдэнд хүүхдийн мөнгө өгөх ёсгүй гэж бодож байна. Цар тахлын үед өгснийг ойлгож байна. Гэхдээ 2023 он учраас 17,18 настай хүүхдэд өгөхгүй байсан нь зөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж