Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Амь амиа бодоорой…  

Амь амиа бодоорой…  

Намрын чуулган нээгдэв. Нам, засгийнхнын үг тун чиг битүү, хатуу. Ажил байдал нь дутуу, хөтүү.

Амралтын өдрөөр нохойтойгоо айсуй өвлийг ажсан УИХ-ын дарга бодон бодсоор “Хамжихгүй бол амжихгүй” аян хийхийг чуулганы нээлтэд хэлэв. Даргын хэлснээр, хурааж авах ургацынхаа үр тарианы 33 хувийг,  хүнсний ногооны 70 хувийг, хадлан тэжээл 30 хувийг хурааж авчээ.

Хөрсөн дээрх цочир хүйтрэл тариаланчдыг сандаргаад зогссонгүй. Хотод ч дөрвөн айлын 12 хүн угаартсан мэдээлэл байна. Албаныхнын амнаас “стандартын зуух хэрэглээгүй, яндангаа хөөлөөгүйгээс…”  гэх адгийн тайлбар дахин унав. Арай л дэндүү. Түүхий нүүрсээ түлж байхдаа иргэд ингэж олноороо хордож, хорвоог орхисон удаагүй юм.

Угаартахаас айсан нийслэлчүүд галаа түлж чадахгүй,  эрчим хүчний хомсдолд орсон ид үед хөлдөх вий. Янз бүрийн асуудал байгааг учирлаад “Хөлдөөхгүйн төлөө ажиллана. Хөлдөөхгүй байх аа. Гайгүй байх” гэсэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн  царай базаахгүй харагдана. Ер нь базаахгүй царайтай, нүүр бууруулж, хойноос нь гүйсэн сэтгүүлчдээс хол тасрах гэж гүйх албан тушаалтнууд их байлаа. Зохиолч болохоор тэр үү? Амьдрал, биш юм аа. Ам.долларын ханшийг индэр дээрээс, энгийн иргэдэд эгэлгүй ойлгомжтой тайлбарладаг гишүүн валютын ханшийн өсөлтийн тайлбараа бэлдэхээр хаалганы завсраар шургаад орж байгаа харагдав. Ам.доллар арван долоон боодол төгрөгтэй тэнцэхээр Ардчилсан намыг буруутгаж асан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 35 боодолтой тэнцсэн шалтгааныг хаалгаа хаахаасаа өмнө цухас хэлнэ лээ. Санаж яваарай. Ам.доллар өссөн шалтгаан бол “Цар тахал, дайны л асуудал шүү дээ”. Харин Монголбанкны ерөнхийлөгч ам.долларын нөөц буурч, төгрөгийн ханш суларсан шалтгааныг импорт, экспорттой холбон тайлбарласан. Түүний хэлснээр импорт өнгөрсөн оноос 25 хувь өсчээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдад өчигдөр өглөө ирсэн мэдээллээр ОХУ-ын хил дээр ганц машин байгаа тухай гарцаагүй гэнэ. Тиймээс цаашдаа бороо орохгүй, оросууд ирэхгүй гэж ойлгох хэрэгтэй бололтой.

Монголын асуудал зуун задгай, жаран хагархай. Харин асуудал хариуцсан албан тушаалтнууд сэтгүүлчдийн өмнөөс,

-Болно доо, болно оо, хоёулаа гэж дуулах нь холгүй. Дараа дараагийн сайд, сэтэртнүүд нь юу гэж донгодохыг бид бараг л гадарладаг болчлоо. “Монхойчоод хүн хуураад” гэдэг шиг МАН-ынхан нэг л биш.

УИХ-ын дарга Г.Занданшатарын үгийг ажиглавал “байдал бишдэв”, “идэж, уудгаа болиорой”, “амьдрал гого, авлига баба”, ”больцгооё”, ““гурван намрын чуулганы нээлт хийчихлээ, сонгууль болоход ганцхан жил үлдлээ” гэдгээ л хэлсэн. Ер нь бол “сар гарна аа, Золбоо” гэх нь холгүй юм ярина лээ. Саяхан л Монгол хүн зуун жилийн түүхтэй гэх нь холгүй байсан бол энэ удаад Их хаанаас эш татсаныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Анхнаасаа таван хушуу тэмдэгээ таван хошуу мал болгож, таван эрдэнэ, таван төгөлдөршил гэхчилэн өөрчилж ирсэн Ардын намынхан энэ удаад 5 цогц арга хэмжээ, бүтцийн суурь шинэчлэлийн 5 зорилтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Тэрхүү зорилтын хүрээнд Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай хамт Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн аж. Бүр байгаад УИХ гүйцэтгэх засаглалаа хянах эрх мэдлээ алдсан бол өдгөө өөрөө өөртөө хяналтын бүтцийг бий болгох бололтой. Нөгөөтэйгүүр “Төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлэх, улмаар татварын бааз суурийг өргөтгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах нь зүйтэй” гэж дарга үзсэн нь данхар төрийг даагдахгүй болгох бололтой. Чөлөөт эдийн засагтай хэр нь хувийн хэвшилтэй төр өрсөлдөж, орлогыг нь  булаан цалингаа нэмэгдүүлэх нь. Үгүй гэхэд татвар хураалтаа нэмэгдүүлж, торгуулиа ихэсгэж, дарамтална гэсэн үг. Өөрөөр түүний хэлснийг биелүүлэх боломжгүй.

“Хоноцын сэтгэлээр бид эх орон, ард түмэндээ хандаж хэрхэвч болохгүй” гэж Г.Занданшатар дарга хэлнэ лээ. Ганц үнэн гэвэл хоноцын сэтгэлээр хандацгааж ирсний нотолгоо нь өнөөгийн нийгэм, эдийн засаг, эрх мэдлийн хямрал. Үүнийг ч УИХ-ын дарга сүүлийн 30 жилтэй холбон тайлбарлаж, буруугаа хүлээсэн. Өмнөх 70 жил нь  бас л энэхүү намтай холбоотой.

Ардын намд ард түмэн итгээд 100 жилийг үдлээ. Гэтэл одоо хэр нь хариуцлага хамгийн их ярьдаг хэр нь өөрсдөө хүлээдэггүй, бүхнийг өвчин зовлон, давагдахгүй хүчин зүйл, дайн, самуун руу чихдэг хэвээрээ. Тэднээс одоо юу ч гарахгүй гэдгийг өмнө нь ч, өчигдөр ч харлаа. Харин маргааш хармааргүй байна.

Гэхдээ иймэрхүү байдлаар наанаа найр тавьж, цаагуураа нийлж “цусалсаар” байвал удаан тэсэхгүй л болов уу? “Арван тавны цагдаа гэхээр чинь л хөдлөөгүй юм” гэдэг шиг ард түмэн их л харлаа. МАН болоод Дагдангийн эхнэрийн таргалсан, тансагласан, Цэрмаа хийгээд монголчуудын турсан, зүдсэн хоёр яг тэнцэнэ. Айдаст автуулж, тахал, дайнаар дарамталж их л зовоолоо. Ардын намд арга үлдсэнгүй. Амь амиа бодоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж