Хятад-Японы дайн 1937-1945 оны хооронд үргэлжилсэн. Энэ дайны үеэр Японы арми өөрсдийн үйлдвэрлэсэн хорт хийн зэвсгийн тодорхой хэсгийг ашиглажээ. Харин үлдсэн хэсгийг нь Хятад болон Японд устгаж, хаясан байна. Тэгвэл Японы Хоккайдогоос Кюүшю хүртэл 30 гаруй газраас хорт хий дүүргэсэн тэсрэх бөмбөг олдсоныг тус улсын засгийн газар мэдээллээ. Хятадын 40 гаруй газраас мөн олджээ. Үндсэндээ дайны үеэр үйлдвэрлэсэн 7.46 сая орчим хорт хийн зэвсгийн ул мөр хоёр улсад үлдсэн.
Хоёр улс есдүгээр сарын 29-нд дипломат харилцааныхаа 50 жилийн ойг тэмдэглэсэн. Гэвч дээрх асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
Дайны үеэр Японы арми Хятадад дор хаяж 2091 удаа хорт хийн халдлага үйлдсэн бөгөөд 80 мянга гаруй хүн амь үрэгдэж, шархадсаныг судалгаагаар тогтоожээ. Дайн сунжрахын хэрээр Японы арми хорт хийн зэвсгийн үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, янз бүрийн байршилд нөөцөлсөн. АНУ-ын цэргийн баримт бичгээс харахад Японы арми 1929 онд Хирошима мужийн Окуношима арал дээрх нууц үйлдвэртээ 7000 гаруй тонн хорт хий үйлдвэрлэж байжээ. Уг баримтыг Токиогийн Чуо их сургуулийн профессор Ёшиаки Ёшими АНУ-ын Үндэсний архиваас олсон байна. Улмаар 1933 онд Японы баруун өмнөд хэсэгт орших Фүкүока мужид байгуулсан үйлдвэрт 7.39 сая, Токиогийн өмнөд хэсэгт орших Канагава мужийн үйлдвэрт 70 мянган ширхэг зэвсэг үйлдвэрлэсэн.
Гэвч эцэст нь Япон ялагдал хүлээсний дараа цэргүүд зэвсгээ энд тэнд санамсаргүй хаяж, орхиж хоёр улсад хохирол учруулсан гэж үздэг. Дайны төгсгөлд хаягдсан, устгагдсан зэвсгүүд хүний амь амьдралд сөргөөр нөлөөлсөөр байна.
Хятадын зүүн хойд хэсэгт 1982 онд зам өргөтгөлийн ажил хийж байсан Жун Жианг Японы армийн үйлдвэрлэсэн хорт хийд хордсоноор амьдрал нь утгагүй болжээ. Зам өргөтгөлийн ажлын үеэр ган чингэлэг дотроос хорт хий олсноор тэр үхлийн ирмэгт очсон байна. Тэр дахин ажил хийх боломжгүй болж, өнөөг хүртэл хорт хийн үр дагавартай тэмцсээр байна.
Гэвч энэ мэт хохирогчдод Японы засгийн газар тусламж үзүүлээгүй гэв. Японы засгийн газарт 50 гаруй хохирогч нэхэмжлэл гаргасан. Хохирогчдод дорвитой тусламж үзүүлээгүй ч хаягдсан хорт хийн зэвсгийг устгахад их хэмжээний хөрөнгө хандивлажээ.
Дайны дараа Хятад улс 300-400 мянга орчим хорт хийн зэвсэг цуглуулж, зүүн хойд хэсэгт орших Жилин мужийн Хаербалинг хотод булсан байна. Химийн зэвсгийн тухай конвенцийн дагуу Хаербалинг болон бусад бүс нутаг дахь зэвсгийг устгах ажлыг түргэвчилнэ гэж Японы засгийн газар мэдэгдсэн. Энэ хүрээнд 2021 оны гуравдугаар сар хүртэл улсын төсөвт 384.7 тэрбум иен төсөвлөжээ. Түүнчлэн Зянсу мужийн Нанжин, Хубэй мужийн Ухань хотод орхигдсон зэвсгүүдийг хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан устгасан. Хаербалинг хотод томоохон хэмжээний дөрвөн устгах байгууламжийг энэ сард шинээр ашиглалтад оруулах аж. Хорт хийн зэвсэг устгал хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
Токиогийн зүүн хэсэгт орших Камису хотод булсан хорт хийн зэвсгийн хохирогч болсон 27 настай Рина Аоцүка эрүүл мэндийн эмгэгээ даван туулж, хоёр хүүхдийн ээж болжээ. Гэвч түүний ах Рюжи ойролцоох худгийн уснаас хордож, хүнд хэлбэрийн оюуны бэрхшээлтэй болсон байна. Гэтэл тэр худгийн усыг орон нутгийн удирдлагууд 2000 онд ундны ус гэж зөвшөөрсөн байдаг.
Рюжи 2001 оны есдүгээр сард төрсөн. Төрснийх нь дараа сард түүний гэр бүл Ибараки мужийн Кисаки дүүрэгт нүүж иржээ. Гэвч шинэ гэртээ нүүж ирснийх нь дараа гэр бүлийнхнийх нь биед өөрчлөлт гарч эхэлсэн. Хэргийн учир 2003 онд тайлагдсан бөгөөд тэдний ундны уснаас хүнцэл илэрчээ. Ингэхдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 450 дахин их байгааг илрүүлсэн байна. Уг бодис тэдний гэрээс 90 метрийн зайд бетонон доор булаатай байсан бөгөөд гүний ус руу урсч орсон байх магадлалтай. Гэтэл Рюжигийн сүүг тус худгийн усанд найруулж уулгадаг байжээ.
Рюжи алхаж чаддаггүй байсан ч ундны усан дахь хүнцлийг илрүүлж, уухаа больсноор бие нь арай дээрдсэн байна. Тэр 2020 онд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурдаг дунд сургуулийг төгссөн. Өдгөө түүнд нурууны хэвийн бус муруйлт, нүүрний саажилт зэрэг эрүүл мэндийн асуудал бий.
Ойролцоох нутгийн иргэд 1990-ээд оноос эхлэн эрүүл мэнд муудаж байна гэж гомдоллодог байв. Худгийн усны амт, үнэрт ямар нэг асуудал байдаггүй аж.
Тэгвэл хорт хийн хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээнд нь төсвийнхөө багахан ч болов хэсгийг зарцуулаасай гэж хүсч байна. Японы засгийн газар нөхөн төлбөр олгох тухай хүсэлтэд хариу өгөөгүй ч хохирогчдод туслах зорилготой ашгийн бус байгууллага байгуулагджээ. Япон-Хятадын хамтын ажиллагааны сан гэх энэхүү байгууллага нь мэргэжлийн хүмүүстэй хамтран Хятад дахь хорт хийгээр өвчилсөн хүмүүсийг үзлэгт хамруулж, эм тангийн хэрэгцээнд нь зориулан жил бүр 1000 юань олгож байна. Энэ тусламжийн цар хүрээг улам өргөжүүлэхийн тулд тус байгууллага нь бусад орноос хандив гуйх болжээ.
Холбоотнууд Японы армийг хорт хий ашигласан хэргээр яллах дүгнэлт үйлдэж байсан боловч эцэст нь үүнийгээ цуцалсан. Дайны дараа хорт хийг ашиглах хувилбарыг хэвээр үлдээхийг хичээсэнтэй энэ шийдвэр нь холбоотой байж магадгүй юм. Хорт хий болон бусад химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмшихийг хориглосон конвенц 1997 онд л сая хэрэгжжээ.
Олон улсын хуулиар хорт хий ашиглахыг 1925 онд хориглосон. Гэвч энэ хоригийн дараа Япон улс Окуношима арал дээр нууц үйлдвэр ажиллуулж байсан гэж үздэг. Дайнд ялагдсаны дараа цэргийн дээд цолтонгууд дайны гэмт хэрэгт буруутгагдахаас эмээж, нууц үйлдвэртэй холбоотой бүх баримт бичгийг шатаажээ. Ийнхүү арлын түүх булшлагдаад байсан ч АНУ-ын цэргийн нууцын зэрэглэлтэй мэдээллүүд 1980-аад оноос задарч эхэлсэн. Тус арал дээр 2.66 сая хорт хийн зэвсэг үйлдвэрлэсэн бөгөөд 6800 орчим хүн хорт хавдар, амьсгалын замын өвчнөөр өвчилжээ.
Цэргийн албан тушаалтнууд дуугүй байсан ч тухайн үед арлын хүн амд үзлэг хийж байсан эмч эмнэлгийн бүртгэл дээрх тэмдэглэлүүдээ эмхэтгэн хэвлүүлсэн байдаг. Юкутакэ Таданоуми нэртэй эмч 4000 орчим хүнд үзлэг хийсэн. Тэр үйлдвэрийн ажилтнуудтай уулзах үедээ ажлын нөхцөл байдлынх нь талаар тусдаа тэмдэглэл хөтөлж үлддэг байсан нь өдгөө баримт болон үлджээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ