“Ургац хураалт хойшилж магадгүй”

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

“Ургац хураалт хойшилж магадгүй”

“Ургац хураалт хойшилж магадгүй”

Газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймагт ургац хураалтын нөхцөл байдал ямар байгаа талаар тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрөөс тодрууллаа.


-Ургац хураалтын явц ямар байна вэ?

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалт өнөөдрийн байдлаар үр тарианы хувьд 40 хувьтай, төмс хүнсний ногооны тухайд 65 хувьтай явагдаж байна. Энэ жил нийт 304 аж ахуй нэгж, 199 иргэн үр тариа тариалсан. Төмс хүнсний ногооны хувьд 33 аж ахуй нэгж 2300-аад иргэн 204 мянган га газарт үр тариа тариалсан. Үүний 129 мянган га-д улаан буудай тариалснаас одоогийн байдлаар 52.8 мянган га-г хурааж аваад байна.

-ХХААХҮЯ-наас 2022 оны ургацын блансыг харьцангуй өөдрөг байгаа тухай мэдээлсэн. Ургацын хэмжээ Сэлэнгэ аймагт арвин байна уу?

-Ямар ч байсан бидний тухайд бланс хэмжээг баримталж, төлөвлөсөн ургацаа хурааж авахаар ажиллаж байна. Ургац арвин байгаа нь тариалангийн нутгаар зуншлага харьцангуй сайн байсан, цаг агаарын таатай нөхцөл бүрдсэнтэй холбоотой.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар эрс хүйтэрлээ. Сэлэнгэ аймгийн тариалангийн бүсүүдэд цасанд дарагдсан талбай бий юу?

-Цаг агаарын хувьд намрын улиралд бороо үе, үе их хэмжээгээр орж байгаа нь ургацад нөлөөлж байна. Тухайлбал, хур тунадас орж буй тариалалтын нутгаар ургац хураалт хойшлох төлөвтэй байгаа. Гэхдээ их хэмжээний цас ороогүй учраас харьцангуй дажгүй гэж болно. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд уулархаг хэсгээр цас орсон. Бусад нутгаар бол хур тунадас, цаг агаарын аюулт үзэгдэл гараагүй. Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгуудаар энэ жил цаг агаарын аюулт үзэгдэл холуур өнгөрч байгаа нь ургац хураалт төлөвлөгөөнөөс бага зэрэг хойшилсон таатай боломж үүсгэж байна.

Хавар газар тариалангийн бүсээр хуурайшилт ихтэй байсан ч зун сэргэсэн. Харин намрын борооны хувьд айхтар ус ихтэй орж байгаа нь ургацад нөлөөлж байна.

-Тэгвэл цаг агаарын нөхцөл байдлаас гадна ургац хураалтад тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Тулгамдаж байгаа гурван асуудал байна. Нэгдүгээрт, ажиллах хүчний хомсдол. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Боловсрол шинжлэх ухааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан шийдвэрийн дагуу оюутан, цэргүүдийг ургац хураалтад ажиллуулж байгаа нь сайшаалтай. Мэдээж ажиллах сэдэл төрүүлнэ гэдэг бол хэцүү.

Гэхдээ одоо ургац хураалт дөнгөж тал гаруй хувьдаа явж байхад оюутнуудын буцах хугацаа болсон нь тулгамдах асуудал болоод байна.

Оюутнууд буцчихвал ажиллах хүчний 50 хувь нь дутна гэсэн үг. Энэ нөхцөл байдлын талаар бид холбогдох газруудад хүсэлтээ өгсөн. Мөн Зэвсэгт хүчний жанжин штаб тодорхой хэмжээний квот тогтоож өгсөн байгаа. Нийт 1000 цэргийн квот байлаа гэхэд 500-г гаргасан гэх мэт. Эдгээр ажиллах хүчний нөөц багасвал ургац хураалт дахин хойшлох эрсдэлтэй.

Хоёрдугаарт, намар оройдоо хүйтэрч байгаатай холбоотой мал, тариаланч хоорондын зөрчил гарч байна.

Хүйтрэхээр мал өвөлжөө рүүгээ гүйх зэрэг асуудал үүсдэг. Ингэснээр зарим хариуцлагагүй малчин болоод тариаланчдын хооронд зөрчил үүсч байна. Үүнийг зохицуулахад тодорхой хэмжээний бэрхшээл гарч байгаа. Гуравдугаарт, талбай дээр их хэмжээний будан бууснаас авах будаа нийлүүлэлтгүй болоод талбайн будаа их хэмжээгээр нэмэгдэх нөхцөл байдал ажиглагдаж байна. Одоогоор эдгээрээс өөр онц тулгамдсан асуудал бага. Ямар ч байсан тариаланчид авах ёстой тариагаа хураагаад савандаа хийх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хувьд аймаг, сумын засаг дарга нартай тогтмол холбогдож мэдээллээ солилцоод явж байгаа.

-Баруун бүсийн нутгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна

-Мөн бид ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс улсын хэмжээнд ургац хураалт ямар түвшинд байгааг тодрууллаа. Тэрбээр, газар тариалангийн бүс нутгуудад их хэмжээний цас, хур тунадас орсон тохиолдол одоогоор гараагүй. Өвөрхангай, Архангай, Хөвсгөл зэрэг уулархаг нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд цас орсон. Тариалангийн бүс нутгаар бол харьцангуй сайн үзүүлэлттэй байна. Харин баруун бүсийн нутгуудаар өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байгаа учраас онцгой анхаарч байгаа. Гэхдээ ургац хураалтаас илүү мал аж ахуй талдаа анхаарч ажиллаж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж