Нийслэлийн Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс өнөөдөр /2022.10.03/ гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.
"Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:
-Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийнд хордсон. Азаар хүний амь нас эрсдээгүй. Дээрх иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чадсан учраас тухайн хүмүүсийн биеийн байдал одоо хэвийн байна. Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж угаартах тохиолдол их гарч байна. Угаартсан айл өрхүүдэд шалгалт хийхэд яндангаа хөөлөөгүйгээр галласан байсан. Мөн сайжруулсан шахмал түлш түлж байгаа айлуудын зуух нь шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, угаарын хийнд хордсон айлууд ихэвчлэн битүүмж алдагдсан, стандартын бус зууханд гал түлж, угаартах эрсдэл өндөр байна.
Түүнчлэн бороо, цас холилдож орсон өдрүүдэд яндангаа авч, өрхөө битүүлснээс шалтгаалж угаартах эрсдэл ч мөн гарч байгааг албаныхан мэдээллээ. Иргэд сайжруулсан шахмал түлш түлж байгаа зуухны битүүмжид онцгой анхаарч, яндангаа хөөлөх зэргээр угаарын хийн хордлогоос сэргийлэх бүрэн боломжтой. Мөн угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулах шаардлагатай байна. Хий мэдрэгч нь угаарын хийн хордлогоос сэргийлэх анхан шатны хэрэгсэл гэв.
Учир нь "Тавантолгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 24 цагийн турш айлуудын яндангаас гарч буй угаарын хийг хянадаг. Хяналтын дэлгэц дээр хоногт 20-30 дуудлага ирдэг. Холбогдох албаныхан иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг сайн өгч байгаа учраас энэ намар угаарын хийнд хордох тоо өнгөрсөн жилүүдээс харьцангуй буурсан гэв. Гэсэн ч иргэд эрсдэлээс сэргийлж угаарын хийн мэдрэгчээ ажиллуулж, яндангаа хөөлөх, яндан дээврээс дээш урттай байх стандартыг мөрдөхөд анхаарах шаардлагатайг анхаарууллаа.
Б.Ундрам
Холбоотой мэдээ