Иранд 22 настай Махса Амини нэртэй эмэгтэй толгойн алчуур зүүгээгүйн улмаас баривчлагдаж, улмаар нас барсан. Энэ хэргээс улбаалан тус улсын эмэгтэйчүүд урьд өмнө байгаагүйгээрээ тэмцэл өрнүүлж байна. Тэгвэл Турк, АНУ, Швейцарь, Франц улсуудад мөн иран эмэгтэйчүүдийн төлөө жагслаа. Нийтдээ дэлхийн 159 хотод иран эмэгтэйчүүдийн төлөө жагссан гэж Ираны хүний эрхийн байгууллагаас мэдээлэв.
Туркийн нийслэл Истанбул хотод өчигдөр /2022.10.02/ иран эмэгтэйчүүдийн төлөө жагслаа. Жагсагчдын дунд иран хүмүүс ч олон байжээ. Эмэгтэйчүүд улаан сарнай, Ираны туг барин жагссан. Мөн “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэсэн лоозон барьжээ. Жагсаал Бямба гаригийн орой баруун хэсгийн Измир хотоос эхэлсэн байна.
Түүнчлэн АНУ дахь Ираны нийгэмлэгийн гишүүд Баасан гаригийн орой Лос Анжелес хотын гудамжинд жагслаа. “Тэд манай хүмүүсийг алж байна. Би энд 30 жил амьдарсан хэдий ч үндэстнийхээ төлөө санаа тавьдаг” гэж нэгэн жагсагч хэлжээ. Жагсаалын үеэр Калифорнийн Ассамблейн гишүүн Лаура Фридман “Иран эмэгтэйчүүд болон тэдний холбоотон эрчүүдийн золиос, шийдэмгий байдлыг би биширч байна” гэж хэлэв.
Швейцарийн нийслэл Берн дэх Ираны Элчин сайдын яамны гадаа Бямба гаригт жагсаал боллоо. Жагсаалын үеэр хоёр хүн элчин сайдын яамны хашааг давж орж, тугны шон дээрээс Ираны далбааг татаж унагажээ. Цагдаа нар жагсагчид руу резинэн сумтай буугаар буудав. Элчингийн байр руу нэвтэрсэн хоёр залууг саатуулаад байна.
Францын нийслэл Парис хотноо өчигдөр /2022.10.02/ олон мянган хүн жагсав. Хэд хэдэн эмэгтэй жагсагч үсээ тайрч, эсэргүүцлээ илэрхийллээ. Жагсагчид “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө”, “Иран эмэгтэйчүүдийн эрх чөлөө”, “Хижаб заавал өмсөхийг эсэргүүцэж байна”, “Махса Амини”, “Исламын бүгд найрамдах улс сөнө”, “Дарангуйлагчийн үхэл”, “Анхны феминист хувьсгалд нэгдээрэй” гэсэн лоозон барьжээ.
Ливан, Канад, Чили, Их Британи, Япон, Итали, Герман гэх мэт улсад мөн жагсаал өрнөсөн мэдээлэл байна.
Эх сурвалж: ABC, RFERL, TIMES OF ISRAEL, AFP
Холбоотой мэдээ