Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

Хүн бай, ХҮН шиг биш…

Хүн бай, ХҮН шиг биш…

Оройд малгайлан тогтсон шөнийн цасыг намрын шар нар хайлуулан хөшөөг “уйлуулж” орхив. Амьтайсан бол, адаглаад ааш авир гаргадагсан бол энэ хөшөө эзнийх нь нэрийг барьж, ичгүүр сонжуургүй аашилж, худал хуурмаг атлаа үнэнч, шударгын баг зүүж ирээд худлаа саймширч, хүндэтгэл үзүүлэх нэрээр хонжоо хайж, нэр төр, эрх мэдлийн төлөө анд, нөхрөө ч золихоос сийхгүй адгийн шаарнуудад ая данг таарсан хариу үйлдэл үзүүлэх биз ээ. Харамсалтай нь, үхсэний хохь, амьдын зол аж. С.Зориг өнгөрөөд 24 жил болжээ. Түүний үхлээр сонгуульдаж, улс төр хийж, увайгүй аашилсан 24 намар өнгөрч, навчис унажээ.

1998 оны аравдугаар сарын 2. С.Зориг амиа алдсан өдөр. Жил жилийн энэ өдрөөр хөшөөнд нь цуглаж, хүндэтгэл үзүүлдэг. Түүний үзэл санаа, үйл хэргийг үргэлжлүүлээсэй, юунд зүтгэж, юунаас сэрэмжлүүлж байсныг ухаараасай, алуурчныг барьж, ард нь хэн байсныг тогтоогоосой гэсэндээ…

Энэ удаад үзэл санаагаараа бус, хүн дагаж хуваагдсан ардчилагчид увж цуваар хүндэтгэл үзүүлэв. Түүнээс ч хөгийн нь ХҮН нам/Хөдөлмөрийн үндэсний нам/-ынхан  ирцгээв. Ирээд зогсохгүй, цахим ертөнцөд зургаа тавьж, ичгүүргүйгээр өөрсдийгөө дөвийлгөж, өрөөлийг үгүйсгэв. Хөшөөнийх нь цасыг унагаачих сэтгэлгүй хэр нь амьд цэцэгсийг үхүүлэн тавьснаа баталгаажуулсан зургаа тавихдаа тэд ичсэнгүй. Тоглож, шоглож болохгүй зүйл бийг тэд тоосонгүй.

Хавар л баруун төвийн үзэлтэй нам болсноо зарлаж, “иргэнийхээ эрх чөлөөг дээдэлсэн, цахимжсан цомхон төрийг бүтээнэ” гэж зарлаж байснаа намраар эрх баригчидтэй нийлэн данхар төрийг улам данхайлгахаар эрх баригчдын өвөрт нь “орж” Үндсэн хуулийг сэглэсэн хүмүүс бол тэд.

Ингэж зүүнтнүүдэд гэгээн цагаан өдрөөр “энгэрээ дэлгэсэн” байж баруун төвийн баримтлалтай, шударга ёс, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг гэхээсээ ичмээр. Үгүй ядаж С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэх үгийг нь эшлэхээс эмээх этик тэдэнд алга. С.Зориг лав тэдэн шиг монголчуудад итгээгүй нь лав.  Монгол хүн бүрт ч биш. Саруул ухаантай монгол хүнд итгэсэн байлтай.

..С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг гурван шатны шүүхээс тогтоосон. Харин тэднийг эрүүдэн шүүсэн талаарх бичлэгийг эл болгосон. Яллагдагч нар эрүүдэн шүүлтийн золиос болсон хохирогч нар болохыг шүүх бус улстөрчид зарлачихсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч эл хэргийн үнэн, мөнийг олохоор ажиллахаа мэдэгдсэн. Ажиллахдаа суллуулсан.  УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг (2021.03.25) өгч л байсан. Гэхдээ хэргийг нь ил болгоогүй. Тиймээс өнөөдөр хэрэгтэн нь “хохирогч” болчихсон. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын  дүгнэлтийг хэлэлцээд хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааснаас хойш жил таван сар өнгөрсөн. Энэ хооронд хэргийн явц ямар байгаа талаар нэг ч мэдээлэл цацагдсангүй.

Ийм ажлыг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар хийсэн. Тиймээс тэднээс энэ хэргийн эзнийг нэхүүштэй. Хамгийн хачирхалтай нь Ц.Нямдоржийг энэ хэрэгт холбоотой талаар хууль, хяналтын өндөр албан тушаалтнууд хэлдэг.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц:

-Ц.Нямдоржийн ойрын хүн нь Б.Сомномдаржаагийн ээжтэй утсаар ярихдаа Б.Хурцыг бид нар нэг юм зайлуулчихлаа шүү. Одоо та нар гишгээд өгөөрэй” гэж хэлж байсан тухай бичлэг байна гэдэг мэдээлэл надад ирж байсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Би захиалагч л яриад байна л даа. Ц.Нямдорж холоотой сэжүүр байгаа л юм билээ.

Гэх мэтчилэнгээр албан тушаалтнууд Ц.Нямдоржийг “ямар нэгэн холбоотой”-г хэлдэг. Харин тэр тоолонд “Э.Бат-Үүл холбоотой” гэж Ц.Нямдорж хэлдэг нь сонин. Өнгөрсөн хугацаанд Хууль зүйн сайд таван удаа хийсэн нэг л хүн бий. Энэ хүнийг тэр суудалд очих тоолонд С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжүүр бүдгэрдэг. Гэтэл түүнийг энэ хэрэгт холбоотой талаар ноцтой мэдэгдлийг хэрэгт ойрхон байсан өндөр албан тушаалтнууд хэлдэг ч хэзээ ч шалгаж байсангүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хууль журмаа байг гэхэд хүн чанар гаргаад шалгамаар… Магадгүй тэр айдаг байх. Учир нь “Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэсэн үйлдэл чинь чиний аминд ч хүрч мэднэ шүү, одоо болно” гэж түүнд Ц.Нямдорж сануулга өгч байсан. Илэрхий юмыг яагаад эрх баригчид шалгахгүй байгаа хэрэг вэ?! Хэний эрх ашгийн үүднээс хэрэгтнүүдийг суллаад сураггүй болов? Захиалагчийн захиалга биш юм бол одоо хэргийн явцын талаар хэлмээр биш үү, нууц биш ил болгомоор бус уу? Эрх баригчдаас хүсэх нэг хүсэлт байна. Хүн шиг бай, ХҮН шиг биш.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж