Сурвалжлага: Цэрэгт явж ирээд, төмөр замд ажилд орно доо

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цэрэгт явж ирээд, төмөр замд ажилд орно доо

Сурвалжлага: Цэрэгт явж ирээд, төмөр замд ажилд орно доо

Цэргийн жинхэнэ албаны 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнгөрсөн долоо хоногт орон нутагт эхэллээ. Монгол Улсын 18-26 настай эрчүүд Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, цэргийн алба хаадаг. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд цэрэг, зэвсэгт хүчинтэй холбоотой таагүй мэдээ ихээр дуулдах болсон учир залуусын итгэл үнэмшил, хүсэл зориг илтэд мохсон гэх. Тиймээс нөхцөл байдал бодитоор ямар байгааг сурвалжлахаар Дорноговь аймгийг зорилоо.

Дорноговь аймгийн цэрэг татлага аравдугаар сарын 1-ний өдөр Замын-Үүд болон Эрдэнэ сумдаас эхэлсэн. Арван жилийн сургуулийг амралтын өдрөөр цэрэг татлагын байр болгон ашиглаж, спорт зааланд нь урьдчилсан шинжилгээ хийх бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлжээ.

Сургуулийн үүдэнд томоо гэгчийн “Замын-Үүд сумын цэрэг татлагын товчоо” гэх бичигтэй зарын самбар өлгөж, цэрэг эрс, эх орны тухай дуунууд чанга яригчаар эгшиглэнэ. Бямба гаригийг далимдуулан цэргийн үзлэгтээ орохоор хотоос ирсэн оюутан залуус дийлэнх нь байх аж. Тэднийг харьяа баг багаар нь ялган эгнээнд оруулан зогсооно. Ахлах сургуулиа төгсч, нутгаасаа холдсон удаан уулзаагүй оюутнууд элдвийг л хуучилна.

“-Чи одоо сурсан, сураагүй хоёрын хооронд сууж байж, цэрэгт явсан нь дээр.

-Тэр дэмий байх аа, аав, ээж явуулахгүй гэсэн.

-Уг нь одоо цэрэг гайгүй болчихсон гэсэн шүү дээ.

-Тэгвэл чи өөрөө явахгүй юу” гэх мэт яриа сургуулийн үүдэнд өрнөнө. Ерөнхийдөө л нэгнийгээ “Цэрэгт яв” гэж доог тохуу хийх нь олон байв.

Товлосон цаг нь ч өнгөрч, цэргийн штабын албаны хүн сургуулийн үүдэнд гарч ирэн залуусыг 10, 10-аар нь дотогш оруулж эхэллээ. Залуустай зэрэгцэн биеэр ирээгүй хүүхдийнхээ холбогдох бичиг баримтыг тэвэрсэн эцэг эхчүүд штабын, багийн даргатай уулзахаар үүд рүү зүтгэнэ. Цэргийн хүмүүс ч тэднийг тайван байхыг хүсч, маргааш ирээрэй гэж учирлав.

Спорт заалны үүдэнд багийн дарга нар, мэргэжилтнүүд нь эгнэн сууж, харьяаллынхаа залуусыг бүртгэж, эрүүл мэндийн үзлэгийн хуудас тараана. Хуудсаа авсан залуус заалны хажууд зассан сандал дээр хувцсаа тайлж, үзлэгт орохдоо бэлдэх бөгөөд тэнд чих, хамар, хоолой, дотор, бэлгийн зам, мэдрэл, цус гээд анхан шатны бүхий л үзлэгт бэлтгэсэн эмч нар өөр өөрийн хэсэгтээ ширээ засчээ.

Залуус үзлэгтээ ороод дууссаны дараа ерөнхий эмчээр гарын үсэг зуруулж, үзлэгт тэнцсэн эсэхээ дүгнүүлж, цэргийн штабын дарга дээр очин цэргийн үүрэгтний үнэмлэх дээрээ тамга даруулах ажээ. Ерөнхий эмч тэнцсэн залуусын үзлэгийн цаасан дээр улаан өнгөөр тэмдэглэгээ хийх бөгөөд үүнийг нь харгалзаж, штабын дарга бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхийг нь хураан авч, аравдугаар сарын 16-ны өдөр аймгийн төв дээр бэлэн байхыг сануулж, дахин зарлан дуудах хуудас гардуулж байлаа.

Тэнцсэн гэх хариу сонссон залуус хоёр төрлийн сэтгэл хөдлөл, хариу үйлдэл үзүүлнэ. Цэрэгт явах хүсэлтэй нь хаашаа хуваарилагдах, юу бэлдэх зэргээ асууж, шалгаах бол явах хүсэлгүй нь багийн дарга, штабын даргыг бараадан нэг жил өнжүүлэхийг хүснэ.

"Сургууль соёл, ажил төрөлгүй над шиг хүн нэг жил цэрэгт явсан нь дээр юм байна лээ. Ядаж л хоёр жил болохоос нь өмнө одоо явсан нь дээр байх. Явж, ирчхээд төмөр замд ажилд орно" гэж явах хүсэлтэй нэг нь ярьж байхад нөгөө талд "Дөнгөж их сургуулиа төгсөөд ажилд ороод удаагүй байхад цэрэгт явна гэхээр хэцүү шүү дээ. Хэдий нэг жил ч гэсэн энэ богино хугацаа биш. Тэгээд ч сүүлийн үед хэрцгий хэргүүд их гараад байна" гэж цэргээс "зугтаана".

Хүүхдийнхээ тэнцсэн хариуг сонссон сургуулийн гадаа хүлээн суух эцэг эхчүүд янз бүрийн л ааш авир гаргана. Хараа муутай, удахгүй гадаад руу сурахаар явах, ирэх жил их сургуулиа төгсөх гээд төрөл бүрийн шалтгаантай хүүхдүүдийг нь тэнцүүлсэнд тэд бухимдалтай байлаа. "Шилгүй бол бараг л хардаггүй хүүхдийг минь тэнцүүлчихсэн байна. Наад хүүхэд чинь ирэх сар гадаад руу сургуульд сурахаар бүх материал нь жин тан болчихсон. Гэтэл та нар хүчээр цэрэгт авч явах гээд байх юм. Квот чинь хүрэхгүй болохоор нэг болон дөрөвдүгээр курсын оюутнуудыг үлдээгээд хоёр, гуравдугаар курсын оюутнуудыг шууд татна гэж үнэн юм уу" гэж нэгэн аав уурлангуй ярина.

Штабынхан ч эцэг эхчүүдийн ая талыг олох гэж, тайлбар тавьсаар зогсоно. “Уучлаарай урьдчилсан үзлэгт тэнцлээ гээд шууд цэрэгт татагдана гэсэн үг биш ээ. Аравдугаар сарын 14-ний өдөр бүр нарийн шинжилгээнд хамрагдаж, 16-ны өдөр аймгийн төв комиссоор оруулж, цэрэг татах эсэхийг нь шийднэ. Тэнд хариу нь гарна. Өнөөдөр зөвхөн урьдчилсан үзлэг” гэж ахмад ярина.

Гэвч явдал суудал болсон энэхүү шийдвэрийг нь эцэг эхчүүд эсэргүүцэж, “Дахиад л хичээлээ таслаад ирэх хэрэг үү, ямар их чирэгдэлтэй юм бэ. Сургуулиас нь чөлөө өгөхгүй гэсэн. Бас манай сумаас цэрэгт татагдах квот нь хүрэхгүй бол шууд хүчээр татна биз дээ” гээд л үрдээ санаа зовнисон байдалтай асууж шалгаана.

Энэ мэтчилэн цэрэг татлагын товчооны гадаа янз бүрийн яриа, асуулт, хариулт өрнөв. Гэхдээ гол ажиглагдсан зүйл нь цэрэгт явах хүсэлтэй залуус тун бага байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж