УИХ-ын намрын чуулган нээлтээ хийснээр Монголын улс төрийн амьдрал албан ёсоор идэвжиж буйгаа зарлав. Энэ удаад спикерийн хэлсэн үгнээс харвал Монгол Улс дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа энэхүү “тектоник шилжилт”-ийг хэрхэн давах, хямрал, ханшийн өсөлтийн эсрэг авах арга хэмжээ, төлөвлөгөө алга. Тэр ч бүү хэл хойд, урд хөршийн геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улс орноо хамгаалах геостратегиэ ч танилцуулсангүй.
“Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг нэг мөр засаж залруулан улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна.Цар тахал, дэлхий дахины хурцадмал нөхцөл байдал, үүнээс улбаатай тээвэр, эдийн засгийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг бий болголоо. Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнесийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний наймдугаар сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байна” гэхчилэн ерөнхийдөө түүний үг улиглал, гомдол, цөхрөл, ядрал дүүрэн, алдаагаа хүртэл өнгөрсөн рүүгээ чихсэн, ирээдүй рүү чиглэсэн ганц стратеги нь Л.Оюун-Эрдэнийн зарласан “Шинэ сэргэлтийн бодлого” л байх шив.
Өмнөх үгнүүддээ ч УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн алдаагаа засна, улс орноо Япон лугаа хөгжүүлнэ гэж амлаж байв. Атал Япон лугаа хөгжих нь бүү хэл эдийн засаг нь Эрээнээс хамааралтай л сууж байна.
2016 оноос хойш дараалсан сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан, үнэмлэхүй эрх мэдэлтэй болсон МАН төрийн ордонд “төвхнөөд” зургаан жил болж байгаа билээ. Иймээс энэ улс оронд болж буй сайн нь ч, саар нь ч Ардын намаар овоглогдоно гэсэн үг. Товчхондоо, спикерийн хэлсэнчлэн алдаагаа хэн нэгэнд тохох эрх Ардын намд байхгүй. Гудамжинд гараад зургаан жил болсон Ардчилсан намд алдаагаа арай тохох гээгүй байлгүй.
35 боодол төгрөг нэг ам.доллартэй тэнцэж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэн, энэ нь хямралын зөвхөн “трейлер” болохыг ч эдийн засагчид сануулсаар байхад л спикер “богино хугацаанд гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэл нүүрлэж байгаа боловч урт хугацаанд Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, тод томруун байгаа” гэж өөдрөг төсөөлөлтэй сууж байна. Эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэхийг өнөөдөртөө бурхан ч таашгүй. Дайн хэзээ дуусах нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа нөхцөлд мөрөөдлөө ярихаас илүү бодит байдлыг бодитоор нь үнэлэх нь чухал. Мөрөөдөхөд хүртэл мөнгө төлдөг болсон шүү дээ.
Эдийн засгийн хямралаас гаргах спикерийн таван зорилгоос энэ л биелэгдэж магадгүй гэж өлгөөд авчих реформ үзээд өгье гэхнээ алга. Ихэнх нь хоосон, тунхаг, мөрөөдлийн, мөнгөний л амлалтууд харагдана. Төсөв өргөн барих бүрт алдагдлыг бууруулна гэж улстөрчид амалдаг л юм. Гэхдээ хэлсэндээ хүрсэн удаа УИХ-д байхгүй. Харин ч хэмнэе, таная гэсэн засгийн бодлогоо унагаж байсан удаа бий.
Үнэндээ, 20 их наядын зарлагатай төсвийг хэн ч хэмнэлтийн төсөв гэж хэлэхгүй. Тийм байтал төсвийг алдагдлыг бууруулах замаар өрийг тогтвортой байдлыг хангана гэж худлаа ярихаа больчих. Өрийн тааз нь хэтрээд, нэг хүнд оногдож буй 33 сая төгрөг өр, төгрөгийн уналтаа бодохоор бараг Венесуэлийн араас гулсаж мэдэхээр байгаа шүү дээ. Олох мөнгөө худлаа тооцож, үрэх мөнгөө өсгөөд байвал шүү дээ.
Орлогын реформ хийнэ л гэнэ. Ажлын байрыг нэмэгдүүлэхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Бодит үнэн гэвэл орлого өсөх нь бүү хэл иргэд орлогоо, ажлын байраа алдаж байна. Төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэх спикерийн үг чухамдаа хувийн хэвшлээ дарамтлаж, авлига ав гэсэнтэй аг нэг юм даа. Харин ч төсвийн байгууллагад цомхотгол хийж, намчид, цүнхчид, хамаатан садангуудаасаа төрийг цэвэрлэж, төсвийн ачааллыг буруулбал жинхэнээсээ реформ болно шүү. Төсвийн урсгал зардлыг 60 хувь нь төрийн албан хаагчдын цалин, цавгад зарцуулдаг гэсэн. Тэрчлэн төр дээрмээ, өрсөлдөөнөө зогсоочиход хувийн хэвшлийнхэнд том дэмжлэг болно. Тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд дотоодын хөрөнгө оруулагчдаа айлгаж, ичээхээ боль. Эсвэл хувийн хэвшлээ дэмжинэ гэж худлаа попрох хэрэггүй.
Зарлагын реформын тухайд гэвэл ард түмэн аль эртнээс бүсээ чангалаад эхэлсэн. Ардын намынхан л бүсээ чангалах хэрэгтэй байна.
Эцэс нь спикер “Хууль бус үйлдэл хийсэн этгээдэд зохих хариуцлагыг үүрүүлэх нь эрүүл нийгэм, шударга ёс тогтоох бидний нийтийн зорилгод нийцнэ гэж үзэж байна” гэлээ. Тэр шударга ёс чинь хаана байна. Ядарснаа хамгаалж, задарснаа засаглана гэдэг. Эсрэгээрээ ядарснаа засаглаад задарснаа хамгаалаад байвал ямар юмных нь шударга ёс.
Холбоотой мэдээ