О.Цогтгэрэл: Ардын намаас болж Монгол Улс өрийн хямралд орлоо

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

О.Цогтгэрэл: Ардын намаас болж Монгол Улс өрийн хямралд орлоо

О.Цогтгэрэл: Ардын намаас болж Монгол Улс өрийн хямралд орлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2022.10.03) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ.

ИРЭХ ЖИЛИЙН ТӨСВИЙН ТӨСӨӨЛӨЛ ДЭЭР БАРАГ 10 ИХ НАЯДЫН ӨР НЭМЭГДЭХЭЭР БАЙНА

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-2023 оны төсвийн төсөл, төсвийн төсөөлөл тойрсон асуудлаар Сангийн сайд мэдээлэл хийсэн. Түүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч, асуултууд асуулаа. Хоёрдугаарт, хэвлэлийнхэнд сонирхолтой байж магадгүй, мөн УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх үүднээс УИХ-ын тухай хуульд долдугаар сард УИХ дахь намын бүлгийн даргыг хэрхэн өөрчлөх талаар өөрчлөлт орж, АН-ын бүлгийн удирдлага өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэнтэй холбоотойгоор гишүүдэд мэдээлэл өгсөн. Өнөөдөр аравдугаар сарын 3, төсөв хэлэлцэж эхэлнэ. Арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төсөв хэлэлцдэг хуультай.

Сар гаруйн хугацаанд Монгол Улсын Их хурал эдийн засгийн асуудлуудаар амьсгална. Монгол Улсын эдийн засаг сүүлийн 2, 6 жилд ямар байна вэ? Эдийн засгийн нөхцөл байдал ямар болчихоод байна вэ? 2023 оны эдийн засгийн төсөөлөл ямар байна вэ гэдэг дээр манай ажлын албанаас маш олон асуудал ярьж болох ч гэсэн 13 асуудлаар Монгол Улсын эдийн засаг хямралын байдалд орчихлоо, эрх баригчдын бодлого буруу, оновчгүй байна гэдгээр мэдээллүүд гаргаж тавилаа.

Төсөв өчигдөр ирээд, өнөөдөр Сангийн сайдаас мэдээлэл авч байгаа тул гишүүд мэдээлэл багатай байна. Гэхдээ урьдчилсан байдлаар гуравхан зүйл хэлье. Сүүлийн жилүүд, ирэх жилүүдийн байдлыг харахад Монгол Улсад дундаж анги, дундаж давхарга гэж байхгүй болох нь ээ. Тэр тусмаа эдийн засгийн утгаараа байхгүй болох нь. Ядуурал асар ихээр нэмэгдэх нь ээ. 29, 30 хувь гэдэг нь хэдэн жилийн өмнө гаргачихсан тоо, шинэчилсэн тоо байхгүй.

Ядуурлыг яг яаж тооцож байна вэ гэвэл, өдрийн 2 ам.долларын орлоготой хүнийг ядуу биш гэж үзэж байгаа юм. Сарын 60 ам.доллар. Жишээ нь, сарын 200.000+1 төгрөгийн орлоготой хүнийг ядуу биш гэж Монгол Улсын Засгийн газар бодож, үнэлж байна.

Эдийн засгийн бодлогуудын үр дүнд энэ давхарга маань хэд болж байгаа бол? Үүнийг хэлүүлэлтгүйгээр хэвлэл мэдээлэл болон олон нийт мэдэж байгаа байх аа. Хоёрдугаарт, энэ бүх бодлогын цаана Зүүний нам олон жил бодлого хэрэгжүүлж, зөвхөн сонгуульд л ялж байвал, зөвхөн олон нийтийн уур амьсгалыг дарж л байвал гэдэг үүднээс 5, 10 их наядын, халамжийн бодлогууд хэрэгжүүлсээр байгаад Монгол Улс одоо өрийн хямралд орлоо. Өөрснөө бол ДНБ-ий 50 хувьтай тэнцэх хэмжээний өртэй гэж хэлдэг. Монголбанк 60 хувь гарчихсан гэдэг.

Дэлхийн банк Монгол Улсын өрийг ирэх жилийн төсөөлөл ороогүйгээр 90 хувьтай болчихсон. Та нар Засгийн газрын өрөндөө Монголбанкны тавьсан өрийг оруулаагүй, Хөгжлийн банкны тавьсан өр зээлүүдийг оруулж тооцохгүй, төрийн өмчит компаниудын тавьсан өр зээл гээд Засгийн газрын хариуцах бүх өрийг оруулж тооцохгүйгээр бичилтийн зөрүүгээр өр багатай гэж харуулж байгаагаас биш Монгол Улсын өр олон улсын аргачлалаараа ДНБ-ий 100 хувьд хүрчихсэн шүү гэж хэлдэг.

Ирэх жилийн төсвийн төсөөлөл дээр бараг 10 их наядын өр нэмж тавигдахаар байна.

Талыг нь дотоодын зах зээл дээрээс үнэт цаас гаргаж авна гэж байна. Би тоо баримт дээр нэлээн тулж ажиллана. Бизнесүүдэд мөнгө очихгүй байна. Бизнесүүд улам хатингарших нь. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын эдийн засаг төрөлжсөн эдийн засаг, социалист эдийн засаг, төр давамгайлсан эдийн засаг болж хувирч байна. Бид төсвийн хэлэлцүүлгүүд дээр санаа оноогоо хэлээд ажиллана.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудлын талаар жижиг тайлбар хэлье. УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү УИХ-ын тухай хуулийн 31.10 дээр намын бүлгийн даргыг өөрчилсөн асуудал Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр маргаан үүсгэсэн байна лээ. Маргаан үүссэнээр тухайн хуулийн үйлчлэл түдгэлздэг тул Ардчилсан намын бүлгийн удирдлагыг өөрчилсөн шийдвэр хүчингүй мэтээр тайлбар хийж харагдсан. Зарим хүмүүс ийм ойлголттой байж магадгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц дээр Маргаан шийдвэрлэх тухай хууль дээр маш тодорхой бичсэнээр, Дунд суудлын хуралдааны шийдвэр гарснаар тухайн хуулийн үйлчлэл түдгэлздэг. Иймд одоо Ардчилсан намын бүлэгтэй холбоотойгоор хуулийн үйлчлэл зогсоогүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.

"ЭРХ БАРИГЧИД БУРУУТАН ОЛЖ, ТУГ ТАХИХ ГЭСЭН АРГА БАРИЛААР ЯВАХ ГЭЭД БАЙНА"

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төв банкны ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө мөнгөний бодлогыг хэлэлцдэг. Ирэх Пүрэв гаригийн чуулганаар мөнгөний бодлогыг хэлэлцэх байх. Өнгөрсөн жил инфляцийг 6+-2 буюу 4-8 хувийн интервалтай байна гэж мөнгөний бодлого батлагдсан. Өнөөдөр 14, 15 хувьтай байна. Гэхдээ энэ нь тооцооны бас асуудалтай. Яаж тооцоод, ямар бараа бүтээгдэхүүний сагсыг бүрдүүлснээр 14 гарчихаад байгаа вэ гэдэг бас асуудал. Ядуурал бүхий хэсэгт асар өндөр хувиар очиж байгаа нь үнэн. Монголбанкны удирдлага мөнгөний бодлого дээр алдаатай бодлого явуулсан зүйл бий. Гэхдээ валютын нөөц багаслаа гэхчилэн эрх баригчдын зүгээс буруутан олж, туг тахих гэсэн арга барилаар явах гээд байна уу л гэж бодоод байгаа юм. Яг үнэндээ Монголбанк гэдэг чинь доллар орж ирдэг газар биш. Экспортыг нэмэгдүүлдэг газар биш. Дотоод, гадаад хөрөнгө оруулалт оруулж ирдэг газар биш. Гадаад валют гэдэг экспорт хийснээр, гадаадын хөрөнгө оруулалт татсанаар нэмэгддэг зүйл. Тэгэхээр энийг Монголбанк биш, Засгийн газар хийх ёстой. Засгийн газар өөрийн хийгээгүй ажлыг тэнд өөр хүнд нялзааж туг тахиад, өөрсдөө цэвэрхэн үлдэх тухай яриа энд байж болохгүй. Энэ бол Засгийн газар, төрийн алдаатай бодлого гэж үзэж байна. Боомтын гацаанаас эхлээд олон шийдэл хүлээсэн ажил Засгийн газрын ажил.

-Нийслэлийн Засаг даргын төсөв дээр түгжрэлийг бууруулахад 800 орчим тэрбум төгрөг тавьсан байна. LRT төслийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байна уу?

-Та бүхэнд ирэх жилийн төсөв маш гоё болж байгаа, хөрөнгө оруулалтын төслүүд тавигдаагүй, хэмнэлтийн хууль маш гайхалтай хэрэгжиж байна гэсэн мэдээллүүд өгсөн. Гэтэл бодит байдал дээр хөрөнгө оруулалт одоо 7 их наяд, дээр нь гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалт гээд өмнөх жилээсээ илүү их хөрөнгө оруулалт тавьсан байна. Яахаараа хэмнэлтийн хууль нь хэрэгжээд, яахаараа төсөвт хэмнэлтийн бодлого нь яваад илүү зардалгүй төслийн хөрөнгө оруулалт нь нэмэгдчихдэг юм бэ. Урсгал зардал нь анх удаа 20 их наяд давж байна. Гоё сайхан болчихсон хэмнэлтийн төсөл чинь яахаараа ийм байдаг юм бэ. Энэ дээр тодруулах зүйл их гарна аа.

-Хүн амын орлогын албан татварыг төсөв дээр шаталсан байдлаар оруулж ирж байна. Энэ нь төсөвт хэр их нэмэр болно гэж бодож байна вэ? Татварыг нэмэх нь хэр зохистой вэ?

-Шаталсан татвар дээр дахиад л асуудал гарна. Өнөөдөр иргэд үүнд бэлэн байна уу? Нөгөө талаараа дэлхийн олон улсад шаталсан татварын бодлого байдаг. Бүлгээр хэлэлцэж байж нэгдсэн байр сууриуд гарах байх аа.

-Ардчилсан нам Онц их хурал, Эвлэрлийн Онц их хурал хийхээр төлөвлөж буй талаар мэдээлэл өгнө үү?

-Ардчилсан намд олон талт олон асуудал үүсч байна. Гэхдээ албан ёсны, хууль ёсны бүтцийн байгууллага бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг гэдэг байгууллага. Яг хуулийн дагуу, маргаангүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан намаас гарч буй, тал талуудын санаачлага, эвлэрэх, нэгдэх үйл явц гээд олон зүйлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж ажиллана.

МАН ҮРЭЛГЭН, ХУУРАН МЭХЛЭХ АРГААР ХЭЧНЭЭН ЖИЛ АРГАЦААХ ВЭ?

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА: 

-LRT төсөл гэдгийг яавч дэмжиж болохгүй. Монгол Улсын өр 33 тэрбум ам.доллар хүрсэн. Гэтэл өнөөдөр түгжрэл бууруулна гэдэг нэрийдлээр дахиж улс орноо барьцаалсан зээл, тусламж авахыг эсэргүүцэж байна. Өнөөдөр Сангийн сайдын мэдээллээс харвал, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хумина, бид шинэ төсөв оруулж ирнэ гэсэн мэдээлэл бидэнд өгч байна. Гэтэл энэ төсөвт дүн шинжилгээ хийсэн мэргэжлийн байгууллагууд өөр үзэл бодолтой, өөр дүгнэлтүүд гаргаж байна.

Өнөөдөр түгжрэлийг бууруулна гэсэн нэрийн дор 2022 онд 500 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын төсөвт үлдээсэн. Энэ 500 тэрбум төгрөгөөр юу хийснээ тодорхой гаргаж ирэх ёстой. Хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын 50 гишүүн, Улаанбаатар хотоос сонгогдсон 26 гишүүн байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын төсөв дээр 1 их наяд орчим төгрөгийн төсөв оруулж ирж байна. Хотын түгжрэлийг бууруулна, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлнэ гэж. Бид хэлэлцүүлгийн явцад нухацтай хэлэлцэж, энэ асуудлыг шийдэх ёстой.

LRT гэдэг төсөл бол МАН-ын түгжрэлийг бууруулах мөрийн хөтөлбөрийг шийднэ гэсэн сайхан нэртэй боловч үүний цаана олон асуудал гарч, олон зөрчил үүсч байсныг 2022 оны төсвийн хэлэлцүүлэг, тодотголын үед та бүхэн санаж байгаа байх. Ийм нэг гараараа нэг юм хийгээд, нөгөө гараараа өөр юм хийдэг, үрэлгэн, аливаа зүйлийг хууран мэхлэх аргаар хэчнээн жил аргацаах вэ. Улс орны эдийн засаг хүнд байгаа гэдэгтэй санал нэг байна. Геополитикийн болон бусад зүйл дээр бид маш их болгоомжтой хандах ёстой. Гэтэл өнөөдөр юмны үнэ нэмэгдэж, ард түмний амьдрал доошилж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэмнэвэл хэмнэсэн шиг хэмнэх ёстой.

Энэ жилийн төсөв бол сонгуулийн өмнө батлагдаж буй төсөв. Энд хэмнэлт нэрийн дор хулгай хийх, гаднын зээл тусламжийг ямар нэгэн хэлбэрээр далдалж, сонгуулийн жилд зориулсан үйл ажиллагаа явуулах байдал ажиглагдаж байна. Тийм учраас сөрөг хүчнийхэн бид та нөхөдтэй хамтран, үүнийг засч залруулахын төлөө ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж