Том мөнгөн дэвсгэртийн судалгааг 2023 оны үндсэн чиглэлд багтаажээ

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

Том мөнгөн дэвсгэртийн судалгааг 2023 оны үндсэн чиглэлд багтаажээ

Том мөнгөн дэвсгэртийн судалгааг 2023 оны үндсэн чиглэлд багтаажээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн 2021 оны наймдугаар сард Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзаж, мөнгөн дэвсгэртийн шинэчлэл хэрэгжүүлж, гүйлгээний зардал төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашиглагддаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтайг онцолж байв. Улмаар төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчим баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банкинд даалгасан билээ.

Сүүлийн үед 30, 40, 50 мянгатын дэвсгэрт гарна гэсэн мэдээлэл олны дунд тархаж буй юм. Энэ талаар Төв банкнаас тодруулахад, “Жил гаруйн өмнө УИХ-ын даргаас мөнгөн дэвсгэртийн зохистой хэрэглээний тухай судалгаа хийж, танилцуул гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд судалгааны дүн тайланг багтааж, өргөн барьсан. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд эцэслэн шийдвэрлэх хуультай. Монголбанкны хувьд ямар нэг байдлаар мөнгөн дэвсгэртийн бүтэц, загвар, тоо хэмжээнд өөрчлөлт оруулах эрх зүйн боломжгүй” гэж хариулав.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн онд “Төгрөгийн масштабтай холбоотойгоор сүүлийн үед шинэ мөнгөн дэвсгэрт гаргах тухай асуудал яригдаж байна. Монголбанк төлбөр тооцоог зохион байгуулж, төгрөг гаргадаг онцгой эрхтэй байгууллагын хувьд энэ талаарх бүх тооцоо судалгаа, төсөөллийг хийгээд явж байна.

Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа бэлэн мөнгийг 1993 онд гаргасан. Хамгийн сүүлд 2006 онд 20000-тын дэвсгэрт гаргасан. Тухайн үед 1 ам.доллар = 1000 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, манай хамгийн том мөнгөн дэвсгэрт 20 ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 7 ам.доллар болсон. Энэ нь хэрэглээ өндөр болсныг харуулж байна. Тиймээс арай том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргах боломж бий гэж харж байна.

Түүнчлэн ханштай холбоотойгоор 5, 10, 20-тын дэвсгэртүүдийн хэрэглээ байхгүй, худалдан авах чадваргүй болсон учраас мөнгөний бүтцэд тодорхой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий.

100,000 төгрөг гаргалаа гэж бодоход тэр нь 5 ширхэг 20,000-тын дэвсгэрттэй тэнцэнэ. Адилхан хэмжээтэй цаас, нууцлал, аюулгүй байдал байна. Тиймээс том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргахад жижиг мөнгөний хэрэглээг багасгаад, зардал хэмнэх тооцоо судалгаанууд бий.

Шинэ мөнгөн тэмдэгт гаргахад бүгдийг нь өөрчлөх шаардлага гарна, эсвэл хэсэгчилж шинэчилнэ. Өнөөдрийн хэрэглэж байгаа 11 дэвсгэртээс зохисгүй дэвсгэртийг хасах боломжтой.

Ер нь дэлхий цахим мөнгө рүү шилжиж байна. Энэ талаар бид мөн судалж байна. Төв банкнаас төвлөрсөн байдлаар гаргах цахим мөнгөний боломжийг судалж байна" гэж мэдээлж байв.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 11 дэвсгэрт гүйлгээнд ашиглагдаж байна. Мөнгөн дэвсгэртийн нууцлалыг сайжруулан шинэчилсэн тухайд:

2018 онд 5000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг солонгорч харагдах бэхэн элемент болгон сайжруулж,

2019 онд 50, 20,000 төгрөгийн дэвсгэртэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент шинээр нэмж, 20000 төгрөгийн дэвсгэртийг гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай цоо шинэ туузтай болгож,

2020 онд 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэртүүдэд солонгорч харагдах бэхэн элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элементтэйгээр тус тус шинэчлэн сайжруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж