"Далан давхар"-ыг тохижуулах ажил энэ сарын 19-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

"Далан давхар"-ыг тохижуулах ажил энэ сарын 19-нд эхэлнэ

"Далан давхар"-ыг тохижуулах ажил энэ сарын 19-нд эхэлнэ

"Хүчит шонхор" захтай зэрэгцэн орших “Далан давхар”-ыг шинэчилж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл одоогоос 12 жилийн өмнө буюу 2010 оноос эхлэн яригдсан. Тухайн үед энэ ажлыг 40 гаруй тэрбум төгрөгөөр, концессийн гэрээгээр хийхээр төлөвлөсөн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийсэнгүй.

“Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийн хэрэгжилт одоогоор эхний шат буюу  судалгааны шатанд явж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Тодруулбал, иргэдэд мэдээ, мэдээлэл танилцуулгыг хийж, судалгааг бүрэн боловсруулсны дараа шарилыг чандарлах ажил хуулийн дагуу эхлэх гэнэ. Судалгааны ажил дуусах шатанд орсон бөгөөд эцсийн байдлаар энэ сарын 19-нд  дуусч, ажил эхлэх төлөвлөгөөтэй байна.

“Далан давхар”-ын оршуулгын газрыг шинэчлэн тохижуулах ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран уг төслийг хэрэгжүүлэх захирамж 2021 оны сүүлээр гаргасан байдаг.

Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нь оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, салах ёслолын өргөө, буяны сүм зэрэг таван хэсгээс бүрдэх юм. Улмаар 2025 онд бүрэн ашиглалтад орно гэж тооцоолсон бөгөөд дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн хамгийн эхэнд буюу 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Тус цэцэрлэгт хүрээлэнд чандар залах нийтийн суварга, чандар залах нийтийн хөрсний сектор, чандар хөрсөнд залах, талийгаачийн дурсгалыг мөнхжүүлэх хүндэтгэлийн хана зэрэг байрлах аж.

Нийт 73.9 га талбайг хамардаг “Далан давхар”-ын оршуулгын газарт эхний ээлжид төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийж 10,934 булш тоолжээ. Эдгээрийн 48.4 хувь буюу 5,291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувь нь эвдэрч, тоногдсон, хөшөөний нэр нь арилсан, ямар ч хаяггүй болжээ.

А.Сайханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж