Путины цөмийн заналхийлэл ба шинжээчдийн таамаг

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

Путины цөмийн заналхийлэл ба шинжээчдийн таамаг

Путины цөмийн заналхийлэл ба шинжээчдийн таамаг

Украинд өнгөрсөн хоёрдугаар сард дайн эхлүүлсэн ОХУ-ын төрийн тэргүүн тус улс дахь цөмийн зэвсгийн нөөцөөрөө Киев эсвэл барууны бусад орнуудад тактикийн цөмийн дайралт эсвэл стратегийн цөмийн цохилт өгнө гэж сүрдүүлж байгаа. Тэгвэл нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн инженер Виталий Федченко "Цөмийн дэлбэрэлт бол цөмийн дэлбэрэлт. Тактикийн эсвэл стратегийн зэвсгийн талаарх нарийвчилсан тодорхойлолт, ойлголцол байхгүй. 1000 тоннтой тэнцэх дэлбэрэлтийн хүчийн үхлийн арифметикаас үл хамааран үр дагавар нь хэдэн зуун мянган хүний амиар хэмжигдэнэ" гэв. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Армагеддоны зэвсгийн талаарх судалгаагаараа Стокгольмд төвтэй Олон улсын судалгааны институтэд тэсрэлт хийсэн нэгэн юм. 

ОХУ-ын 6000 орчим цөмийн зэвсгээр Путины учруулж болох гамшиг, сүйрлийн талаарх гурван таамаглалыг Виталий Федченко бусад мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулснаа "The Daily Beast " вэбсайтад ярьжээ. ОХУ-аас цөмийн зэвсгээр Украинд агаар, газар эсвэл газар доор цохилт өгөхөөс шалтгаалан хор хохирол нь харилцан адилгүй байх гэнэ.
Тодруулбал, Агаарын цахилгаан соронзонгийн түвшинд цөмийн зэвсэг дэлбэлбэл Украин төдийгүй Европын цахилгаан системийг сүйрүүлнэ. Газар дээр цөмийн бөмбөг хаявал Украин болон хөрш орнуудын олон арван мянган энгийн иргэнийг хөнөөнө.
Харин газар доор цөмийн зэвсэг дэлбэлбэл чичирхийллийн долгио нь дэлхийг дахиныг хамарна. Үүнээс гадна Путин ердийн зэвсгээр Украины 16 цөмийн реакторыг устгах боломжтой гэдгийг үгүйсгээгүй.

Хүйтэн дайны үед АНУ, хуучин ЗХУ-ын хооронд цөмийн зэвсэг ашиглан сөргөлдөж байсан. Тухайлбал, 1961 оны Кубын пуужингийн хямрал нь АНУ, ЗХУ-ын хооронд шатрын нүүдэл шиг байв. Харин өнөөдрийн Украины дайнтай холбоотой цөмийн сөргөлдөөн нь "Үнэн эсвэл үр дагавар" телевизийн шоу нэвтрүүлэгтэй илүү төстэй гэж үзэж байна. 

ОХУ-аас Украинд цөмийн зэвсэг ашиглавал "хамгийн хатуу үр дагаварт" хүрнэ гэдгийг Умард Атлантын цэргийн эвслийн дарга Йенс Столтенберг анхааруулсан. Үүний хариуд, ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын орлогч дарга Дмитрий Медведев "Дайнд Оросын зэвсгүүд тэр дундаа стратегийн зэвсгүүдийг ашиглаж болно" гэж сүржин мэдэгдэл хийсэн.  Нөгөө талд Путины шатрын хүү, Чеченийн удирдагч Рамзан Кадыров өнгөрөгч амралтын өдрүүдэд "эзэн"-ээ цөмийн дайнд турхирсан. Тодруулбал, тэрбээр хилийн бүсүүдэд цэргийн хуулийг тогтоож, бага хэмжээний цөмийн зэвсэг ашиглах зэргээр эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй гэж онцолжээ. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан хэлэхдээ, -"ОХУ хязгаарыг давбал сүйрлийн үр дагавартай" гэдгийг сануулсан. 

АНУ-аас 1945 онд Хирошимад "жижиг хүү" гэж нэрлэгдсэн цөмийн зэвсгийг хаяснаар 66 мянган хүнийг хөнөөж, 70 мянга орчим хүнийг гэмтээснээс хойш цөмийн зэвсэг ямар аюултай болохыг бараг бүгд ухамсарласан гэж болно.  Энэ үйл явдлын дараа АНУ-ын цөмийн зэвсэг үйлдвэрлэгчид "тарган эр", "туранхай эр" гэж нэрлэсэн цөмийн зэвсгүүддээ "сахил хүртээсэн". Нөгөө талд ОХУ-ын цөмийн зэвсгийн нөөцөд 1949 онд үйлдвэрлэсэн плутони ангиллын Жой-1, 1961 оны Цар тэсрэх бөмбөг, 1965 оны Чаган зэрэг хуучны зэвсгүүд бий.

"Гэхдээ тухайн үеийн цөмийн зэвсгийг орчин үетэй харьцуулбал Форд, Ламборгини шиг ялгаатай. Тэсрэлтийн хүч нь ижил боловч хамрах хэмжээ, гадаад шокийг тэсвэрлэх чадвар зэрэг нь ялгаатай" гэж Виталий Федченко тайлбарлажээ.

Гол нь Путины цөмийн зэвсэглэлд бүрэн ажиллагаатай эртний эсвэл орчин үеийн зэвсгийн систем хэд байгаа нь тодорхойгүй. Тэрбээр хэлэхдээ, "АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан "Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээ" нь хоёр талын чадавхийг үнэлэхийг зогсоосон. олон удаагийн шууд туршилтгүй радикал загвараар бүтээсэн цөмийн зэвсгүүд үнэхээр зорилгынхоо дагуу ажиллах эсэхийг мэдэх боломжгүй. Цөмийн зэвсгүүд нь 1980-аад он, түүнээс өмнөх системд үндэслэн бүтээгдсэн" гэжээ. 

Үүний зэрэгцээ Нэгдсэн үндэстний байгууллагаас Киевт зориулан 139 хуудас гэрээ боловсруулсан нь ямар ч хэрэгцээгүй гэж "Dixi Group" судалгааны институтийн эрчим хүчний бодлогын шинжээч Олена Павлено мэдэгдэв. "Украинд заналхийлж буй Оросын цөмийн аюулын эсрэг НҮБ ямар ч арга хэмжээ аваагүй. Путин олон жилийн турш бидний цөмийн дайралтаар айлгаж ирсэн. Гэвч НҮБ Путины цөмийн зэвсгийн талаар ярилцаагүй, юу ч хийхээгүй" гэж тэрбээр бухимджээ. "Ямартай ч цөмийн дайралтаас эмээсэн украинчууд цацраг идэвхт бодисын хорыг саармагжуулахын тулд иодын бэлдмэл ихээр нөөцлөх зэргээр олон арга хэмжээг авч байна. Бид аюулыг бодитоор үнэлэх ёстой. Гэхдээ сэтгэлзүйгээрээ бид айгаагүй.

Хүн болгон л Путиныг Украинд цөмийн зэвсэг ашиглах эсэхийг мэдэхийг хүсч, тоглоом шоглоом хийж байна. Гэхдээ оросуудын сэтгэлзүйн тоглоомыг украинчууд илүү сайн мэднэ.

Путин ямар нэгэн зүйл хийхээ чангаар зарлаж байвал үүнийг хийхгүй гэсэн үг. Харин чимээгүй байвал бид айж эхлэх ёстой" гэж Киевт суугаа Олена Павлено мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж