Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс аравдугаар сарын урьдчилсан мэдээллийг гаргаад буй. Ургац хураалт, өвлийн бэлтгэл өрнөж байгаа саруудад ихэнх нутгаар цаг агаар ямар байх талаар тодруулан хүргэж байна.
-Тариалангийн бүс нутгаар зуншлага тааруу байсан. Энэ сард цаг агаар тогтуун байх уу?
-Есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар ахиу хур тунадас орох төлөвтэй байсан. Энэ сарын хувьд баруун аймгууд болох Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин зүүн аймгууд буюу Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байна.
- Баруун буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймаг,
- Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв,
- Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
- Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгууд хамаарна.
-Хур тунадас, цас бүс нутгийн ихэнх хэсэг болон зарим газраар ажиглагдах үед тухайн бүсийн аль хэсэгт төвлөрч байгаа мэдээг хэрхэн боловсруулдаг вэ?
-Ус, цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын үзэгдэл нийт нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газарт ажиглагдах тохиолдолд зарим газраар, бүс нутгийн 30-70 хувьд бол ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийн хэсгийг хамрах тохиолдолд нийт нутгаар хур тунадастай байна гэж мэдээлдэг.
Анхны цас Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулсаар есдүгээр сарын сүүлээр, харин Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар аравдугаар сарын дунд үеэр, бусад нутгаар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр ажиглагдах төлөвтэй.
Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25-35 мм, Алтайн өвөр говиор 0-5 мм, бусад нутгаар 5-25 мм орох төлөвтэй. Тиймээс цаг агаарын мэдээллийг иргэд тогтмол хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзаж мал, хадлан, аян замд явахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
-Урьдчилсан байдлаар аль аль бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох, их хэмжээний цас орох төлөвтэй байна вэ?
–Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр өнгөрсөн жилүүдийнхээс хүйтэн, бусад нутгаар тогтуун, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Сарын эхээр баруун бүсийн ихэнх нутгаар хүйтэрч ОЖД-аас 1–2 градусаар хүйтрэх бөгөөд цас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.
Төвийн аймгуудын тухайд агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадасны хувьд Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.
Төвийн аймгуудад сарын эхээр дулаан байх боловч сарын дунд үеэс эрс хүйтэрнэ.
Зүүн аймгуудын нутгаар аравдугаар сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн хойд хагасаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зүүн бүсийн ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.
Харин говийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ын орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч шороон шуурга шуурна.
-Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбоотойгоор малчид, тариаланч, иргэдэд юуг анхааруулах вэ?
-Иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурга зэрэгт эд хөрөнгө, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо, цас орох үед бага насны хүүхдийг малд, хадланд явуулахгүй байх нь зүйтэй.
Баруун бүсийн болон тариалангийн бүс нутгийн иргэд цаг агаарын нөхцөл байдлын мэдээг тухай бүрд авч хадлан тэжээлээ бэлдэхийг анхааруулж байна.
Холбоотой мэдээ