Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

МАН-ыг талцуулсан LRT

МАН-ыг талцуулсан LRT

LRT төслийг 2023 оны улсын төсөвт суулгаагүй болохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Гэхдээ уг төслийг хэрэгжүүлэхээр болсон гэх.  Учир нь Засгийн газраас уг төсөлд батлан даалт гаргахгүй гэдгээ зарласан ч  төслийг зогсоох тухай яриагүй болохыг хотын удирдлагууд тодотгож буй юм. Уг төслийг хэрэгжүүлэх үийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргасан байдаг.

Ийнхүү хотын удирдлагууд Хятадаас их хэмжээний өр тавьж хэрэгжүүлэх юм. Хэдийгээр төслийн ТЭЗҮ өнгөрсөн бэлэн болсон гэж хотын дарга нар хэлж буй ч Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ТЭЗҮ хийгээгүй болохыг хэлж, энэ асуудлаас болж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай сошиалаар багагүй талцаж, хэрэлдсэн билээ.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЭСЭРГҮҮЦСЭН ШАЛТГААН 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тухайн үед "Засгийн газрын өөрийн өргөн мэдүүлсэн төсөлд байгаа зээлийн баталгаа гаргуулагч нь нэг компани байгаа. Тэр компани нь регистрийн дугаараа аваагүй, дээрээс нь 3 жил ашигтай ажилласан байх ёстой гэсэн өрийн удирдлагын хуультай зөрчилдөж байна. 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй LRT төсөл болон Тавантолгойн цахилгаан станц дээр 565 сая ам.долларын баталгаа гаргах асуудлуудыг нийлүүлээд үзэхээр 3.4 орчим тэрбум долларыг нэмэхээр Монгол Улсын өрийн бодлоготой зөрчилдөж байна. Миний хувьд энэ асуудлыг ярьсан. Улмаар төсвийн байнгын хороо дээр энэ асуудал хэлэлцэгдээгүй.

Улаанбаатар хотод түгжрэлийн асуудлыг шийдэх өөр хувилбарууд гарч ирээсэй гэж хүсч байна. Монгол Улсад хийгдэж буй том төслүүд хуулийн дагуу хийгдэх ёстой. Миний хувьд хууль дээдлэх зарчмыг хатуу баримталдаг" хэмээн мэдэгдэж байсан юм.

Ийнхүү МАН-ын бүлэг дэх гол хэрүүл өнөөдрийн хувьд LRT болж хувирсан юм. Энэ талаар хотын дарга чимээгүй суусангүй, “гурван тэрбум ам.долларын өр зээл огт үйлдвэрлэхгүй, улсаа ийм өр зээлээс аврагч хэн нэгний дүрд хэн ч тоглох хэрэггүй. Өмнө нь түгжрэл бөөгнөрлийг бууруулах талаар юу ч хийлгүй улсын сан хөмрөгийг барьж өр байнга үйлдвэрлэж байсан хүн  иргэдэд хэрэгтэй гол төслийг гацаах тухай ярих нь сайн санаа юу, юу вэ хэлэх юм алга” гэж эгдүүцлээ илэрхийлэв.

БУЯНТ-УХААГААС БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН САНСАРЫН ТОЙРОГ ХҮРТЭЛ НИЙТ 18.1 КМ ҮРГЭЛЖИЛНЭ 

LRT ашиглалтад орчихвол Яармагийн түгжрэл бодитоор буурах талаар тооцоог хүргэж байна. Гурван трасс бүхий төслөөс эхний ээлжид ашиглалтад оруулах нь Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос Баянзүрх дүүргийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил юм.

Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 662,644. Энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэл нь хотын хэт төвлөрөл, түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал гэдгийг албаныхан онцолж буй.

Тодруулбал, 1970 онд нийт иргэдийн 23 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байсан бол 2021 онд 47 хувь болтлоо өсч, энэ хугацаанд Монгол Улсын хүн ам 2.6 дахин, Улаанбаатар хотын хүн амын тоо 5.2 дахин, нийслэлийн нийтийн тээврээр өдөр тутам тээвэрлэсэн зорчигчийн тоо 3.7 дахин тус тус өссөн байна.  Хөнгөн галт тэрэгний төслийн баригдаж ашиглалтад орсны дараа 2025 онд өдөрт дунджаар 95.3 мянган зорчигч, жилд 34.7 сая зорчигч үйлчлүүлэхээр тооцоолжээ. Энэ нь 2050 онд өдөрт 341 мянган зорчигч буюу жилд 124.4 сая зорчигч үйлчлүүлж шинэ төрлийн тээврийн хэрэгслийн хүртээмж, хүчин чадал нэмэгдэхээр тооцжээ.

Тасалбарын үнэ таван буудал хүртэл үйлчлүүлсэн зорчигч 700 төгрөгийн суурь тарифаар зорчих бөгөөд нэмэгдсэн буудал тутамд 50 төгрөгөөр нэмэгдэж, бүтэн зорчилт дунджаар 1200 төгрөг байхаар тооцож байна. Харин МАН-ын зарим гишүүд энэ төслийг үрэлгэн, эдийн засагт ашиггүй бүтээн байгуулалт болно гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай санал нэгдэж байга билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж