Телевизийн сугалаа цэвэрхэн залилан уу! | News.MN

Телевизийн сугалаа цэвэрхэн залилан уу!

Телевизийн сугалаа цэвэрхэн залилан уу!

Телевизийн сугалаа цэвэрхэн залилан уу!

Эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авалтын чадвар муудахын хэрээр эд хөрөнгө, бэлэн мөнгөний хонжворт сугалаа зарлах нь ихсэв. Сугалааны тохирол сурталчилсан телевизийн контентууд ч нэмэгдэж, энэ чиглэлийн залилан ч олон нийтийн сүлжээнд олшров.

Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрлийг Сангийн яам өнгөрсөн 2021 оноос цахимжуулсан. Ингэснээр шалгуурыг хангасан  аж ахуйн нэгжид гурван жилийн хугацаатай тохирол явуулах зөвшөөрөл олгодог байна.

Харин тусгай зөвшөөрөлтэй ч иргэдийг төөрөгдүүлсэн, залилсан тохиолдолд энэ эрхийг цуцлах заалттай аж.

Иргэдийн ихээр шүүмжилж буй зүйл бол телевизийн сугалаа явуулж буй аж ахуй нэгжүүд урамшууллын аргыг хэрэглэж байгаа явдал. Тодруулбал, 3+1, 5+2 гэхчлэн тус бүр нь 10-20 мянган төгрөгийн үнэтэй сугалааг урамшуулалт зарчмаар олгож, олныг авах тусам давуу талтай мэтээр иргэдийг төөрөгдүүлж буй. Энэ нь зүйд нийцэх эсэх тухайд салбар яамнаас эрхийг нь олгодог шалгуурт заагаагүй байна. Тиймээс тухайн сугалаа явуулж буй зохион байгуулагчид тохирлын зарчмаа гаргадаг гэсэн үг. Тэгэхээр сугалаа гэдэг цэвэр ашгийн бөгөөд бизнесийн нарийн ухааны хүрээнд хэрэгжиж байгаа ажил учир тооцоолол ч өндөр байх нь гарцаагүй. Мэдээж ашиггүй байсан бол телевизийн олон сувгаар үндэсний гэх тодотголтой сугалааг сурталчлан таниулахгүй байсан нь лавтай. Тиймээс хэрэглэгчид залилан мөн, бишийг өөрсдөө дүгнэж, худалдан авалт хийж буй. Гэхдээ тусгай зөвшөөрөлтэй гэсэн бүхэн бодит хонжворт хөтөлбөр гаргадаггүй гэдгийн жишээ бий.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СУГАЛАА СУРТАЛЧИЛБАЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОНО

Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” гэж бий. Энэ хуулиар Монгол Улсад явуулахыг хориглосон үйл ажиллагааг зааж өгсөн байдаг бөгөөд зарим төрлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстойг заажээ. Тухайлбал, тус хуулийн 15.4.4 хэсэгт “Эд мөнгөний хонжворт сугалаа явуулах“ хэмээн тодорхой заасан байна. Тэгэхээр хуулийн хүрээнд бол дурын нэг иргэн фэйсбүүк, сошиал орчинг ашиглаж сугалаа явуулах боломжгүй. Мөн эрхгүй сугалааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах боломжгүй аж.

Хэрэв хэн нэгэн этгээд зөвшөөрөл эрхгүй сугалааг сурталчилсан, тохирлыг мэдээллийн хэрэгслээр дамжуулсан тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно гэжээ.

Сугалааны тусгай зөвшөөрөл авахад:

  • Сугалааны үйл ажиллагаа эрхлэх төсөл
  • Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаанд аудит оруулж санхүүгийн тайлан хийлгэсэн байх
  • Татварын албанаас өр төлбөртэй эсэх талаар лавлагаа
  • Санхүүгийн чадвартай байх
  • Сугалаа гаргаснаар ямар хэмжээний борлуулалт хийж, ашиг олох талаарх судалгаа
  • Баталгаажуулсан тасалбарын хэмжээ гэх мэт маш нарийн шалгууртай.

Харин цахим орчинд явуулж буй сугалаанууд эдгээр шалгуурын нэгийг нь ч хангаагүй байдаг учраас залиланд хамаардаг болохыг хуулийн байгууллага анхаарууллаа.

Харин албан ёсны зөвшөөрөлтэй эрх нь 2023 онд дуусах 10 аж ахуй нэгж байгааг Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн  газраас мэдээлжээ.

ТЕЛЕВИЗИЙН СУГАЛААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ШУУД ЯВУУЛЖ БАЙГААГ ХЯНАДАГГҮЙ

Одоогоос нэг жилийн өмнө нэр бүхий телевизийн сувгаар сугалааны шууд тохирлын үеэр залилах үйлдэл хийсэн эсэхийг хуулийн байгууллага шалгасан. Шалгалтын дараа тусгай зөвшөөрөлтэй компанийн эрхийг цуцалсан юм. Эргэн сануулбал, Сангийн яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон “Эгнэшгүй Их” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шалгаж байгаа талаар мэдээлж байв. Тэгвэл "Эгнэшгүй Их” ХХК-ийн эд мөнгөний хонжворт сугалаа тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бөгөөд телевизээр явуулахгүй байх шийдвэр гарсныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Учир нь тус сугалааны үеэр иргэдийн авсан сугалааг хажуу тал руугаа шидсэн, мөн дараа нь хөтлөгч нь хуруундаа сугалаа хавчуулаад гаргаж ирсэн гэх мэт асуудал үүссэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор хуулийн байгууллагад хэд хэдэн гомдол иржээ. Гэхдээ сугалааны тохирол шууд дамжуулж байгаа үгүйг хуулийн байгууллага, ШӨХТГ, Сангийн яамнаас хянадаггүй байна. Иймд зарим тохирлыг өмнө нь бэлддэг ч байж болох. Энэ мэт үйлдлүүдэд мэргэжлийнхэн хяналт тавих шаардлагатай. Тэгэхгүй бол иргэдийн итгэлээр нааддаг, овжин гэх үү, сүйхээтэй гэх үү хэсэг бүлэг аж ахуй нэгж тусгай зөвшөөрлөөр түрий барьж бизнесээ цэцэглүүлж байгааг олон нийт шүүмжилж байна. Хэрэв цензур сул хэвээр байвал хууль тогтоомж зөрчсөн, иргэдийн эрх ашгийг хохироосон, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн материалаасаа зөрүүтэй үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн байж болзошгүй үйлдлүүд газар авах нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-10-03 202.179.26.131

ёСТОЙ ЖИНХЭНЭ "ЦЭВЭР ЛУЙВАР" ЯВААД БАЙГААГ ЭРХ БИШ ГАДАРЛАЖ БГАА БАЙЛГҮй дээ???!!

Avatar

Зочин 2022-10-03 103.68.107.106

Хожид авсан гээд байгаа гарууд ч сэжигтэй. Сумтай байрын

Avatar

Зочин 2022-10-03 202.9.41.159

бөмбөлгүүд нь жин нь өөр өөр бдаг бхаадаа.хөнгөн бөмбөлөг нь илүү өндөрт үсэрнэ.

Avatar

Зочин 2022-10-03 66.181.184.173

ТВ-р сугалааг хөтөлж байгаа нөхдүүдийн царай, ярьж байгаа зэргииг анзаарсан уу? Эрэгтэй нь яаж ч магад лу****чин царайтай, хүүхннүд нь нүдээ гялалзуулсан. Бас л эвгүй гарууд шиг санагддаг. Бүх сугалаанд адилхан

Avatar

Зочин 2022-10-03 192.82.86.189

ТВ СУГАЛАА ЯВУУЛДАГ ГАЗАР БИШ БҮГДИЙГ НЬ ДАРУЙ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2022-10-03 202.126.89.62

Монголд сугалаа болгон цэвэр залилан.

Avatar

Зочин 2022-10-03 66.181.160.117

энэ нэг юм болно шүү ер нь бол луйвар би ажиллаж бгаад гарсан ..ингэж2 цунами болно шүү

Avatar

Irgen 2022-10-03 192.82.70.109

Er n iimerhuu amar argaar menge oloh gesen zuil hereggui, uls ornoo saihan bolgoh ajil uilsiig demjij baimaar…

Avatar

Үл таалагч-1 2022-10-03 192.82.88.174

Засаг төр нь өөрсдийгөө мөнгөжүүлэх сэдэл гаргаж сугалаанд аль болох олныг оролцуулах замаар цөөхөн хүнд хэдхэн ₮ олгосон нэр зүүж бна шүү дээ. Энэ нь ард олныг хэтэрхий шулж бна гэж харж бна. Өгч байгаа хувь нь 2-хон хувь. Ядаж 5-6 хувь болгох нь шударга болно.

Avatar

иргэн 2022-10-03 49.0.178.158

Бүх юманд төр орно гэж юу байхав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж