Телевизийн сугалаа цэвэрхэн залилан уу!

Хуучирсан мэдээ: 2022.10.03-нд нийтлэгдсэн

Телевизийн сугалаа цэвэрхэн залилан уу!

Телевизийн сугалаа цэвэрхэн залилан уу!

Эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авалтын чадвар муудахын хэрээр эд хөрөнгө, бэлэн мөнгөний хонжворт сугалаа зарлах нь ихсэв. Сугалааны тохирол сурталчилсан телевизийн контентууд ч нэмэгдэж, энэ чиглэлийн залилан ч олон нийтийн сүлжээнд олшров.

Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрлийг Сангийн яам өнгөрсөн 2021 оноос цахимжуулсан. Ингэснээр шалгуурыг хангасан  аж ахуйн нэгжид гурван жилийн хугацаатай тохирол явуулах зөвшөөрөл олгодог байна.

Харин тусгай зөвшөөрөлтэй ч иргэдийг төөрөгдүүлсэн, залилсан тохиолдолд энэ эрхийг цуцлах заалттай аж.

Иргэдийн ихээр шүүмжилж буй зүйл бол телевизийн сугалаа явуулж буй аж ахуй нэгжүүд урамшууллын аргыг хэрэглэж байгаа явдал. Тодруулбал, 3+1, 5+2 гэхчлэн тус бүр нь 10-20 мянган төгрөгийн үнэтэй сугалааг урамшуулалт зарчмаар олгож, олныг авах тусам давуу талтай мэтээр иргэдийг төөрөгдүүлж буй. Энэ нь зүйд нийцэх эсэх тухайд салбар яамнаас эрхийг нь олгодог шалгуурт заагаагүй байна. Тиймээс тухайн сугалаа явуулж буй зохион байгуулагчид тохирлын зарчмаа гаргадаг гэсэн үг. Тэгэхээр сугалаа гэдэг цэвэр ашгийн бөгөөд бизнесийн нарийн ухааны хүрээнд хэрэгжиж байгаа ажил учир тооцоолол ч өндөр байх нь гарцаагүй. Мэдээж ашиггүй байсан бол телевизийн олон сувгаар үндэсний гэх тодотголтой сугалааг сурталчлан таниулахгүй байсан нь лавтай. Тиймээс хэрэглэгчид залилан мөн, бишийг өөрсдөө дүгнэж, худалдан авалт хийж буй. Гэхдээ тусгай зөвшөөрөлтэй гэсэн бүхэн бодит хонжворт хөтөлбөр гаргадаггүй гэдгийн жишээ бий.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СУГАЛАА СУРТАЛЧИЛБАЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОНО

Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” гэж бий. Энэ хуулиар Монгол Улсад явуулахыг хориглосон үйл ажиллагааг зааж өгсөн байдаг бөгөөд зарим төрлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстойг заажээ. Тухайлбал, тус хуулийн 15.4.4 хэсэгт “Эд мөнгөний хонжворт сугалаа явуулах“ хэмээн тодорхой заасан байна. Тэгэхээр хуулийн хүрээнд бол дурын нэг иргэн фэйсбүүк, сошиал орчинг ашиглаж сугалаа явуулах боломжгүй. Мөн эрхгүй сугалааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах боломжгүй аж.

Хэрэв хэн нэгэн этгээд зөвшөөрөл эрхгүй сугалааг сурталчилсан, тохирлыг мэдээллийн хэрэгслээр дамжуулсан тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно гэжээ.

Сугалааны тусгай зөвшөөрөл авахад:

  • Сугалааны үйл ажиллагаа эрхлэх төсөл
  • Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаанд аудит оруулж санхүүгийн тайлан хийлгэсэн байх
  • Татварын албанаас өр төлбөртэй эсэх талаар лавлагаа
  • Санхүүгийн чадвартай байх
  • Сугалаа гаргаснаар ямар хэмжээний борлуулалт хийж, ашиг олох талаарх судалгаа
  • Баталгаажуулсан тасалбарын хэмжээ гэх мэт маш нарийн шалгууртай.

Харин цахим орчинд явуулж буй сугалаанууд эдгээр шалгуурын нэгийг нь ч хангаагүй байдаг учраас залиланд хамаардаг болохыг хуулийн байгууллага анхаарууллаа.

Харин албан ёсны зөвшөөрөлтэй эрх нь 2023 онд дуусах 10 аж ахуй нэгж байгааг Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн  газраас мэдээлжээ.

ТЕЛЕВИЗИЙН СУГАЛААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ШУУД ЯВУУЛЖ БАЙГААГ ХЯНАДАГГҮЙ

Одоогоос нэг жилийн өмнө нэр бүхий телевизийн сувгаар сугалааны шууд тохирлын үеэр залилах үйлдэл хийсэн эсэхийг хуулийн байгууллага шалгасан. Шалгалтын дараа тусгай зөвшөөрөлтэй компанийн эрхийг цуцалсан юм. Эргэн сануулбал, Сангийн яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон “Эгнэшгүй Их” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шалгаж байгаа талаар мэдээлж байв. Тэгвэл "Эгнэшгүй Их” ХХК-ийн эд мөнгөний хонжворт сугалаа тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бөгөөд телевизээр явуулахгүй байх шийдвэр гарсныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Учир нь тус сугалааны үеэр иргэдийн авсан сугалааг хажуу тал руугаа шидсэн, мөн дараа нь хөтлөгч нь хуруундаа сугалаа хавчуулаад гаргаж ирсэн гэх мэт асуудал үүссэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор хуулийн байгууллагад хэд хэдэн гомдол иржээ. Гэхдээ сугалааны тохирол шууд дамжуулж байгаа үгүйг хуулийн байгууллага, ШӨХТГ, Сангийн яамнаас хянадаггүй байна. Иймд зарим тохирлыг өмнө нь бэлддэг ч байж болох. Энэ мэт үйлдлүүдэд мэргэжлийнхэн хяналт тавих шаардлагатай. Тэгэхгүй бол иргэдийн итгэлээр нааддаг, овжин гэх үү, сүйхээтэй гэх үү хэсэг бүлэг аж ахуй нэгж тусгай зөвшөөрлөөр түрий барьж бизнесээ цэцэглүүлж байгааг олон нийт шүүмжилж байна. Хэрэв цензур сул хэвээр байвал хууль тогтоомж зөрчсөн, иргэдийн эрх ашгийг хохироосон, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн материалаасаа зөрүүтэй үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн байж болзошгүй үйлдлүүд газар авах нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж