"Нэг хүн үхвэл эмгэнэлт явдал, олон хүн үхвэл статистик" гэж Сталины хэлсэн үг байдаг. Үнэндээ, Монголын армид ийм л явдал тохиолдож байна. Учир нь, байсхийгээд л нэг цэрэг учир битүүлгээр амиа алдах, хэн нэгэн зодуулж нас барах явдал жирийн үзэгдэл болжээ. Эрүүл саруул иргэнээ армид авчраад эргээд ээж аавд нь цогцос хүлээлгэж өгдөг эмгэнэлт явдал хэзээ төгсгөл болох вэ.
Увс аймгийн 0245 дугаар цэргийн ангийн байлдагч энэ сарын 29-ний өдөр модноос боомилсон байдалтай олдсон харамсалтай хэрэг гарав. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад 19 настай цэрэг нь Хөвсгөл аймгаас 2022 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн байжээ. Талийгаачийг ямар шалтгаанаар амиа хорлосон болохыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Цэргийн ангид ямар нэгэн дарамт шахалт байсан эсэхийг шалгалтын явцад тогтооно гэдэг хариултыг өгөв. Дарамт шахалт байсан эсэхийг шалгах биш дарамт шахалт байсан болоод л цэрэг амиа алдахад хүрсэн биш үү.
Харамсалтай, дунд шатны хурган даргыг ажлаас нь халах төдийгөөр асуудлыг шийдэж ирсэн нь энэ салбарт "эмгэнэлт явдал" тасрахгүй байгаагийн шалтгаан юм. Зүйн нь армил алба хааж байсан цэрэг амиа алдсанд Х.Нямбаатар, Г.Сайханбаяр нартай хариуцлага тооцох ёстой. Харамсалтай нь, "хүн биш цэрэг" гэдэг хандлагаар армид алба хааж яваад амиа алдсан цэргүүдийн асуудлыг төр нь тоохоо болиод удаж байна.
Хүний сайхан үрийг цэрэгт аваачид алчхаад "Энэ хэргийг эргэн мэдээлнэ. Шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэж олны амыг тагладаг хэвшмэл үгтэй болсон. Хэвлэл,олон нийтээр хэдэн өдөр шуугиж байгаад мартчихна гэж тэд тооцдог байх. Тиймээс шалгаж байна, нягталж байна гэсээр цаг хождог. Эр цэргийн албанд үдсэн хүү нь эргэж ирэхгүй болсон насын шарх, сэтгэлийн тамтайгаа ээж, аавууд нь үлддэг. Ядаж л сайд, дарга нартай нь хариуцлага тооцдог бол цэргүүдийн үхэл статистик төдий болохгүй юм.
Энэ он гарснаас хойш зургаан цэрэг амиа алдсан.
- Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсны улмаас амиа алдсан.
- Цэргийн алба хаагч 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага долдугаар сарын 13-ны өдрийн 09.10 цагт иржээ. Цагдаагийн ерөнхий газраас "Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулж, 19 настай, эрэгтэй Н амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.
- Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байлдагч /2022.08.01/ тогонд цохиулж нас барсан. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч харамсалтайгаар нас барсан гэдэг мэдээллийг өгч байв.
- Дорнод аймагт цэргийн алба хаагч /2022.08.06/ усанд осолдон амиа алдав. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байх ЗХЖШ-ын харьяа 327 дугаар ангийн алба хаагч Хэрлэн голын усанд живж нас барсан байна.
- Сүхбаатар аймгийн Онгон суман дахь хилийн цэргийн 0184 дүгээр ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр Дорноговь аймгаас татагдсан 21 настай байлдагч наймдугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн үед цэргийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байх үедээ мориноосоо унаж, ухаангүй байдалтай олдож, хүнд гэмтсэн.
Цэл залуухан, амьдралд дөнгөж хөл тавих насан дээрээ цэргийн албанд мордсон залуус яагаад амиа хорлох, бэртэж, гэмтэж, ухаангүй эмнэлэгт хүргэгдэх болов. Учир шалтгаан нь цэргийн албандаа юу эсвэл алба хаахаар ирж байгаа залуусын хүмүүжил, сэтгэлзүйтэй холбоотой юу гээд олон хариултгүй асуултууд үргэлжилсээр. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нь энэ талаар судалгаа дүгнэлт гаргаж, шалтгааныг олохгүй бол цэргийн албанд явах залуус ховордож, ямар нэг аргаар цэрэгт явахгүй байх арга сийлэх залуусын тоо улам олон болох вий.
ХЭҮК-ын судалгаанд өнгөрсөн оны судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, цэргийн албанд ямар нэг байдлаар дүрмийн бус харьцаанд өртсөн гэдэг нь өнөөдрийн Монгол Улсын цэргийн алба ямар дэг журам, сахилга баттай байгааг тодорхойлж болмоор. Нэгхэн жилийн дотор нэг биш тавын таван алтан амь зөвхөн цэрэгт татагдсаныхаа төлөө алтан амиа алдана гэдэг харамсмаар, халагламаар.
Цэл залуухан алтан амь аав, ээждээ үнсүүлээд алба хаагаад, "эр хүн" болоод ирнэ гэсэн таван амь. Жил бүр л цэрэгт нас барсан залуусын тоо нэмэгдэх, иргэд ч цэргийн албанд итгэх итгэл алдарсаар өнөөг хүрэв. Олон нийтийн шүүмжлэл нэмэгдээд ирэхэд хэн нэгэн даргад хариуцлага тооцох нэрээр халаад үлддэг, харин иргэд нь хайран сайхан залуучууд хэмээн статистик тоо тоолсоор байх уу?
Цаашид хэдэн аав, ээжийн хүү, хэдэн залуусын алтан амиар цэргийн албаны дэглэлтийг анхаардаг болох вэ.
Холбоотой мэдээ