Египет улсад энэ оны сүүлээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “COP27” бага хурал болно. Энэ хуралд хаан III Чарльз оролцохгүй гэж Букингемийн ордон мэдэгдлээ. “The Sunday Times” сонинд мэдээлснээр Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс хааныг оролцохгүй байхыг “тушаасан” гэжээ.
Хаан ширээнд суухаасаа өмнө буюу ердөө сарын өмнө Уэльсийн хунтайж цолтой байхдаа тэр жил бүр чуулганд оролцоно гэж мэдэгдэж байв. “Байгаль орчны кампанит ажлыг олон арван жил хийсэн хаан энэ шийдвэрт сэтгэл дундуур л байж таарна” гэж сурвалжлагч Жонни Даймонд хэллээ. Хаан III Чарльз өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хунтайж байхдаа Египетэд очиж, ерөнхийлөгч Абдель Фаттах Аль-Сиситэй уулзаж байсан. Түүнчлэн өнгөрсөн жил тэр Глазго хотод болсон “COP26”-ийн нээлтийн үгийг хэлж байв. Тухайн үед хаан III Чарльз уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой алхам хийхийг дэлхийн удирдагчдад уриалж байлаа.
Энэ жил биечлэн оролцохгүй ч цахим байдлаар оролцож магадгүй байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал арваннэгдүгээр сарын 8-16-ны өдрүүдэд Шарм-эль-Шейх хотод болно.
Эх сурвалж: BBC