Индонезийн лигийн хоёр том багийн хооронд болсон хөлбөмбөгийн тэмцээний дараа эмх замбараагүй байдал үүсчээ. Зүүн Жава мужийн Маланг хотод өчигдөр /2022.10.01/ болсон уг тоглолтоор талбайн эзэн “Арема FC” баг өрсөлдөгч “Persebaya Surabaya” багт 3:2 харьцаатай хожигдсон. Тиймээс тоглолтын дараа дэмжигчдийн дунд мөргөлдөөн болжээ. Эмх замбараагүй байдлын улмаас дор хаяж 127 хүн нас барж, 200 орчим хүн шархадсан байна. Нас барсан хүмүүсийн дунд цагдаагийн хоёр ажилтан байсан.
Хожигдсон багийн дэмжигчид талбай руу дайрсан ба цагдаа нар нулимс асгаруулагч хий цацжээ. Улаан, цэнхэр хувцастай хөгжөөн дэмжигчид талбай руу дайран орж, аюулгүй байдлын хүчнийхэнтэй мөргөлдөж, танхайрч буй бичлэг цахим сүлжээнд тарсан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр олон хүн хүчилтөрөгчийн дутагдал болон амьсгал давчдах өвчнөөр ойролцоох эмнэлэгүүдэд хэвтжээ.
Зүүн Жава мужид байрладаг Канжурухан цэнгэлдэх хүрээлэн нь 42500 хүн хүлээн авах чадалтай. Хөлбөмбөгийн тоглолтын үеэр чухам хэдэн хүн байсныг албаныхан баталгаажуулаагүй байна. Бичлэг, гэрэл зургуудаас харахад цэнгэлдэх хүрээлэн бүрэн дүүргэлттэй харагдаж байжээ.
Индонезийн хөлбөмбөгийн холбоо эл эмгэнэлт явдалтай холбоотойгоор ирэх долоо хоногийн тоглолтуудыг түр цуцаллаа. Энэ үйл явдал нь Индонезийн хөлбөмбөгийн нэр хүндийг гутаасан гэж холбооны дарга хэлжээ. “Persebaya Surabaya” багийн зүгээс мөн мэдэгдэл гаргаж, эмгэнэл илэрхийлжээ. “Хүний амь хөлбөмбөгтэй дүйцэх үнэ цэнтэй байх ёсгүй” гэж тэдний мэдэгдэлд дурдсан байна.
Индонезийн Цагдаагийн байгууллага Маланг хотын цагдаагийн дарга Ферли Хидаятад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөхийг уриалаад байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ