Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
"УЛ ГЭСЭН ЯАМНЫ АЖИЛТНУУДЫГ ШАЛГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА"
ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл дундаа гаргасан алдааг Монголын ард түмэн шүүмжиллээ. Хоёр өдрийн туршид Монголын ард түмэн сайдын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан ихээхэн шүүмжлэлийг Засгийн газар, салбар эрхэлсэн сайдад ирүүлж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт зөрчсөн үйлдлийг гаргасан. Тухайлбал, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс угсаа, хэл, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг.
Мөн 19 дүгээр зүйл “төр хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцдаг” заалт байдаг. Эдгээр заалтыг Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалтан гаргасан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараах захирамжийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж “Монгол Улсын сайдыг огцруулах тухай. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1 дахь хэсэг, хоёр дахь заалтыг үндэслэн Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдын албан тушаалаас огцруулсугай” хэмээн тушаал гаргалаа. Үүнтэй холбогдуулж, УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бичгийг Засгийн газраас хүргүүлдэг. Огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.
Д.Сарангэрэл сайдын албыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан түр хугацаанд хавсран ажиллах юм байна. Мөн "ул" гэж тодорхойлсон яамны ажилтнуудыг шалгах ажлыг ч өнөөдрөөс эхлүүлж байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов.
ЗАСГИЙН ГАЗАР 2023 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Засгийн газрын ээлжит хуралдаан есдүгээр сарын 28-нд болов.
Хуралдаанаар:
- Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон дагалдах бусад хууль тогтоомжийн төсөл,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар,
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны дүнгийн талаар зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна. Хуралдааны талаар мэдээлэл өгнө.
Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хэлэлцсэн ч олон нийтэд мэдээлэл өгч чадаагүй юм.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагууд нь хотын төвөөс нүүлгэх шийдвэрийг гаргасан. Тухайлбал, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байна. Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.
ОУВС: ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ЗОГСООЖ, ТӨХК-ИУДЫН ЗАРДЛЫГ ТАНАХ ХЭРЭГТЭЙ
Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийнхэн Монголд энэ сарын 15-наас 28-ны өдрүүдэд ажиллаад, тун таагүй мэдээлэл, дүгнэлттэй буцаж байгаагаа мэдэгдлээ. Эдийн засгийн төлөв байдал урд урдахаасаа илүү муудах төсөөлөлтэй, урьдчилан тооцоолж байгаагүй олон эрсдэлтэй нүүр тулахыг хэлэв.
Монгол Улсын ирэх оны эдийн засгийн өсөлтийг тэд 5-4 хувь болгон бууруулжээ.
“Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэгчлэн Монгол Улсын төр засаг, бодлого зангидагчид буруу замаар будаа тээж, асуудлын голыг олж харж чадахгүй, хэрэгцээ шаардлагагүй төсөлд дэмий мөнгө зарлагадаж, иргэдийнхээ амьдралыг тэтгэх нь битгий хэл эдийн засгаа “сүйрүүлж” буйг хатуухан санууллаа.
Ажлын хэсгийнхэн Монголд ажиллах хугацаандаа Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Сангийн сайд Б.Жавхлан ирэх 2023 оны төсвөөс 1 их наяд төгрөг хэмнэх боломж бүрдсэн гэж мэдээлж буй. Гэвч ОУВС-гийн Ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа танилцуулсан төсвийн төсөл өчигдөр танилцуулсанаас бага дүнтэй, өөрөөр хэлбэл одоо өргөн барьж буй төсөл хэт "тэлсэн" байгааг онцлов.
ЗГ: АМ.ДОЛЛАРЫН НӨӨЦ 4.4 ТЭРБУМААС 2.4 БОЛЖ БУУРСАН
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-2023 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барих гэж байна. Улсын төсөв Монгол Улсын эдийн засгийн бодлоготой нэвт уялдаж явах учиртай байдаг. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна вэ, ирэх онд Засгийн газраас эдийн засгийн ямар бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ гэдгийг танилцуулъя.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 1.9 хувьтай гарсан. Манай яам холбогдох тооцоог судалж үзээд энэ жилийн гүйцэтгэлээр ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна. Инфляци өнөөдрийн байдлаар 14.4 хувьтай байгаа. Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагаст хэрэв эдийн засгийнхаа тогтворжуулах бодлогыг бусад бодлоготой хамтад нь авч хэрэгжүүлбэл нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Инфляцийн хамгийн том эрсдэл нь төгрөгийн ханшны уналт.
Монгол Улсын эдийн засгийн салбарууд ямар байдалтай байна вэ гэдгийг судалсан. Уул уурхай, тээвэр, барилга, худалдаа, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг салбаруудыг авч үзсэн. Урд хөршийн "Тэг-Covid-19" бодлоготой холбоотойгоор уул уурхайн салбарын үйлдвэрлэл уналттай харагдаж байгаа. Гэхдээ ирэх онд эргэн өснө гэж үзэж буй. Экспортын хэмжээг авч үзвэл цар тахлын өмнөх хэмжээнд буюу 2019 оны түвшинд хүрээгүй байгаа. Ирэх онд цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүргэх бодлогыг барина.
Гадаад валютын нөөц дундарсан. Энэ оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдөр 2.4 тэрбум ам.долларын нөөцтэй болсон.
ЦЕГ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН ГАДААД УЛСЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЛАА
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэг дэх зочид буудлаас өнөөдөр /2022.09.29/ баривчиллаа.
Тодруулбал, 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба энэ хугацаанд эмэгтэйчүүдтэй зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хохирогчдыг айлган сүрдүүлж, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон зэрэг, охид эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Иймд хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Холбоотой мэдээ