Цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш зүүн өмнөд Азийн орны 20-35 насны залуус хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирол явдал нэмэгджээ. Тухайлбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мяньмар улсын “КК Парк” гэх газарт Монгол Улсын зарим иргэд хохирогч болсон нь тогтоогдсон талаар ТЕГ-аас сэрэмжлүүлж байна.
Цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг, мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж өөрийн иргэдээ гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж эхэлсэн аж.
Дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ цахим орчинд “Англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд авна” гэж өндөр, цалин хангамж амласан худлаа зар мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж авчирч байна. Улмаар онгоцны зардал, хувцас, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалтын дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг аж.
Тиймээс хүн худалдаалах гэмт хэргийн золиос болохоос сэргийлж дээр зар, мэдээллийн дагуу хандахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Холбоотой мэдээ