Хан-Уул дүүргийнхэн бүтээн байгуулалтаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2022.10.01-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийнхэн бүтээн байгуулалтаа танилцууллаа

Хан-Уул дүүргийнхэн бүтээн байгуулалтаа танилцууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны "Эко-Эрүүл дүүрэг" төлөвлөгөөт хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг өнөөдөр /аравдугаар сарын 1/  боллоо. Өдөрлөгийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууц, гэр хороололд нийт 16 тоглоомын талбайг шинээр байгуулжээ. Иргэдийн чөлөөт цагийг өнгөрөөх эрүүл аюулгүй бүтээн байгуулалтын ажлуудыг тус дүүргийн нутаг дэвсгэрээс сурвалжиллаа.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан:

-Сүүлийн жилүүдэд хүн амын ачаалал нэмэгдэж байгаа. Төрийн үйлчилгээг иргэддээ чирэгдэлгүй тухтай орчинд хүргэх үүднээс уг ажлуудыг эрчимжүүлээд байна. Хүн амын төвлөрлөөс шалтгаалан бүх шатны үйлчилгээний ачаалал нэмэгдсэн. Дүүргийн төсвийн санхүүжилтээр иргэдийн нэг цэгийн үйлчилгээний талбайг шинэчилж, мөн гадна талбай, эмнэлэг, цэцэрлэг гэх мэт томоохон ажлуудыг эхлүүлээд байна.

 

 

 

 

 

“Рокранд” ХХК-ийн захирал Д.Аюурзана:

-Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга маань 1984 онд 40-50 мянган иргэний хүчин чадалтай баригдсан байдаг. Энэ онд багтаан өргөтөглийн барилга, гаднах заслын ажлыг дуусгахаар манай хамт олон ажиллаж байна.

 

Мөн хөтөлбөрийн хүрээнд Байгууллагын гаднах хашааг чөлөөлж ногоон байгууламж, машины зогсоолийг хийхээр төлөвлөж, ажил хэдийнээ эхэлжээ. Ингэснээр иргэдийн зорчих хөдөлгөөн чөлөөтэй болж, эмнэлгийн үйлчилгээ авахад улам хялбар болох юм.

 

 

 

БАЙРНЫ АРЫН ДАЛАНГ ТОХИЖУУЛЖ, СТАНДАРТ НИЙЦСЭН ТОГЛОООМЫН ТАЛБАЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Ногоон байгууламжтай Эко хүүхдийн тоглоомын талбайг дүүргийн төсвийн хөрөнгөөр ашиглалтад орууллаа. Тус талбайд стандарт нийцүүлэн  Эко гэрэлтүүлэг, камержуулалттай явган хүний зам, теннис, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч, авто машины зогсоол зэрэг тохижилтыг цогцоор нь шийдэж, даланг сайжруулсан эко хавтангаар бүрж тохижуулжээ. Байршил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр зорчдог хэсэг бөгөөд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тохижилттой, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөлийг бүрэн хангаж өгсөнөөрөө онцлог юм.  Уг ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 550 сая орчим сая төгрөгт байгуулжээ.

 “УТАСГҮЙ ИНТЕРНЭТ” ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТЭРҮҮЛЛЭЭ

ХУД-ийн 2-р хорооны ИТХ-ын төлөөлөгч З.Буянт:

-Хан-Уул дүүрэг цахим дүүрэг болох зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг иргэд олноор цуглардаг газарт утасгүй интернэт үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Эхний байдлаар дүүргийн 2 дугаар хорооны 7,8-р байрны хүүхдийн тоглоомын талбай, 14 дүгээр хорооны цэцэрлэгт хүрээлэнд тус тус байршуулсан. Цаашид хүүхэд, залуучууд олноор цуглардаг талбайд утасгүй интернэтийг үе шаттай суурилуулах бөгөөд Богдын музейн цэцэрлэгт хүрээлэн, 4 улиралын цэцэрлэгт хүрээлэнд тус тус байршуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Иргэдийн амар тайван амьдрах боломж бололцоог бий болгохоор зорьж буй уг ажилд иргэд ч сайшаалтай хандаж байлаа. Амралтын өдөр болохоор тоглоомын талбай, сүүдрэвч хүн ихтэй харагдана. “Өмнө нь тоглох газар муутай хүүхдүүдээ гаргах дуртай биш байлаа. Одоо ч санаа амар байх боллоо” гэж иргэд  ам сайтай ярьцгаалаа.

 

 

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГРАЖИЙГ БУУЛГАН, ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ

ИХ-ын төлөөлөгч Э. Батмөнх:

-Хан-Уул дүүргийн 13 байршилд зөвшөөрөлгүй барьсан 202 авто машины гараашийг буулгаж газар чөлөөлсөн. Чөлөөлсөн талбайд тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд дүүргийн 2-р хороонд байрлах 65-р цэцэрлэгийн баруун талын 20 гараашийг буулгаж, оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан авто машины зогсоол, дугуйн зогсоол, явган хүний зам, чийрэгжүүлэлтийн талбай, ногоон байгууламж бүхий тохижилт хийгдэж иргэнд ээлтэй орчинг бүрдүүллээ.

 

ХУД-ийн 2-р хорооны засаг дарга Э. Насан-Очир:

-2-р хороо нь 13,167 иргэнтэй. Төвлөрөл нилээн их гэсэн үг. 153 гражийг буулгаж тохижилтын ажлуудыг эхлүүлээд байна. Граж нь сургуулийн орчинд агаарын бохирдол, зогсоолын асуудал зэрэг нилээдгүй хүндрэл үүсгэдэг байсан.  Энэ бүгдийг иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлан хийж эхлэлээ. Авто зогсоол болгох, тоглоомын талбай болгох зэргийг санал хүсэлтээр шийдэж байгаа юм.

 

 

 

ЭКО ДҮҮРГИЙН ИРГЭН БҮР ХОГОО АНГИЛАН ЯЛГАЖ ХЭВШЬЕ!

ХУД-ийн 1-р хорооны Засаг дарга И. Сарангэрэл: 

-Хан-Уул дүүргийн Засаг даргын "Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд хоггүй цэвэр цэмцгэр орчин бий болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.  Тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хогоо ангилан ялгаж хаях зориулалт бүхий 30 хогийн савыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд байршууллаа. Эко дүүргийн өрх бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж хэвшвэл цугларах хогийн хэмжээ багасах мөн дахин боловсруулагдах боломжтой хогийг эргэлтэд оруулах давуу талтай юм. Ингэснээр бидний эрүүл мэндэд ч, эдийн засагт эерэг нөлөөтэй төдийгүй байгаль орчинд ээлтэй.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд Та бүхэн хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, хэвшил болгохыг Эко дүүргээс уриалж байна.

 

ГАЗРЫН ЭРХ НЬ ЦУЦЛАГДСАН 3 БАЙРШИЛД 200 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА

ХУД-ийн 15 дугаар хорооны Засаг дарга П.Мөнх-эрдэнэ:

-Хууль эрх зүйн хүрээнд газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудын эзэмших эрхийг хуулийн дагуу цуцлуулж, тухайн байршлуудад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэг сургууль зэрэг иргэдэд нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалт, тохижилт хийгдэж байна. Уг ажлын эхлэл болгож дүүргийн 4,15,16 дугаар хороонд 3 цэцэрлэг барих барилгын ажлыг эхлүүлээд байна.

 

 

 

 

 

 

Нийтийн эрх ашгийг зөрчин олгогдсон газруудын эрхийг цуцлуулж, чөлөөлөгдсөн талбайд иргэдэд нэн хэрэгцээтэй цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтын ажлыг өрнүүлээд буй.  Мөн 15 дугаар хороонд “Нийслэлийн жишиг ӨЭМТ”-ийн цогцолбор барихаар шав тавьжээ.

А.Сайханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж