“Эко монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд экспорт хамгийн чухал”

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

“Эко монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд экспорт хамгийн чухал”

“Эко монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд экспорт хамгийн чухал”

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын “Eco mongolia expo-2022” үзэсгэлэн өнөөдөр /2022.09.30/ нээлтээ хийлээ. Энэхүү гурав хоног үргэлжлэх өдөрлөг нь эко монгол бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын иргэдэд сурталчлан таниулах давуу талтай юм.

Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/– ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:

-Өнөөдрийн үзэсгэлэнгийн гол онцлог бол хувийн хэвшлийн санаачилгаар анх удаа зохиогдож байгаа явдал. Өнгөрсөн жилүүдэд аливаа энэ төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээг төр өөрөө зохион байгуулж, оролцох боломж олгодог байсан бол одоо энэ жишгийг халж байна. Нийт 100 гаруй аж ахуй нэгжийн оролцож байгаа дотоодод үйлдвэрлэсэн эко бүтээгдэхүүний үзэсгэлэн гэдэг бол хамрах цар хүрээний хувьд авч үзсэн ч том.

Аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хувь хүмүүс зөвхөн дотоодын гэлтгүй гадаадын бусад улс оронд бүтээгдэхүүнээ экспортлох сонирхол өндөр байгааг хэлж байна.

Тиймээс үндэсний үйлдвэрлэлийн бүх бүтээгдэхүүн олон улсын стандарт шаардлагын дагуу бий болох ёстой. Мөн бусад улс орон руу экспортлохын тулд тухайн улс орны шаардлагыг хангах нь зөв. Органик бүтээгдэхүүн гэдэг үнэ өртгийн хувьд өндөр хэдий ч түүнийг дагаад үнэ цэн нь бүр өндөр гэдгийг онцолъё. Тэгэхлээр иргэдийг үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцож, монгол шинэ бүтээгдэхүүнтэй өргөнөөр танилцахыг уриалж байна.

ЧАНАРТАЙ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ БАЙНГЫН ХОРООНООС БОДЛОГООР ДЭМЖИНЭ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг:

-Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгжүүд ийнхүү нэгдэж байгаа нь сайшаалтай. Нэг талаар монголчууд юу хийж чаддаг вэ гэдгийг гадаадын иргэдэд сурталчилж, нөгөө талаар дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах боломж бүрдэж байна.

 

Чанартай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр Монгол Улсыг сурталчлан таниулна гэдэг давуу талтай.

 

Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос эдгээр бүтээгдэхүүнийг бодлогоор цаашид дэмжиж хамтарч ажиллах болно.

 

ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛЖ ДОТООДЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ХУДАЛДАН АВАЛТ ЭРС БАГАССАН

Улаанбаатар хивсХК-ийн  маркетинг, борлуулалтын менежер Г.Бат-Эрдэнэ:

-Хөл хорионоос хамааралтай хоёр жилийн хугацаанд экспорт болон дотоодын зах зээл дээрх эрэлт бараг тэг зогсолт хийсэн. Энэ жилээс л харьцангуй сайжирч эхэлж байна.

 

Манай үйлдвэрийн хувьд хамгийн анхны машинт хивсний үйлдвэр. 1971 оноос үйл ажиллагаа явуулж байна. 100 хувь хонины ноосоор хивс үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын хэрэглэгчдэд нийлүүлдэг.

 

Хивсний бренд дотроо хоёр нэршлээр ялгарч байгаа. Хивсний үсний ширхэгээс шалтгаалж Улаанбаатар, Алтан-Өргөө гэхчлэн нэрлэгддэг. Мөн хивснээс гадна ноосон хувцас үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүний хэрэглэгчийн хүрээгээ ирэх жилүүдэд илүү нэмэх зорилт тавин ажиллаж байгаа. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн гол бэрхшээл бол иргэдийн худалдан авалт. Мэдээж давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж эрэлт багассан хэдий ч эргэж сайжирч байгаа нь давуу талтай.

МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАДААДАД ХУДАЛДААЛАХ НЬ ИЛҮҮ АМАР

“Lhamour” брендийн үүсгэн байгуулагч Д.Хулан:

-Органик гоо сайхны бүтээгдэхүүнд чанар, стандарт дээд зэргээр тавигддаг. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй бусад бүтээгдэхүүн ч олон улсын стандартын дагуу үйлдвэрлэлд орох ёстой. Монголын газар дээрх баялаг болох түүхий эдүүдийг ашиглаж органик үйлдвэрлэл явуулж байгаа нь олон давуу талтай. Өнөөдөр дотоодын зах зээлд монгол бүтээгдэхүүн хэрэглэгчдэд онц сонин харагдахгүй байгаа ч гадаадын зах зээлд эко гэдэг нь эрэлт ихтэй байдаг.

 

Тиймээс экспортыг салбар яамнаас илүү анхаарч дэмжиж өгөхийг хүсч байна.

 

Монгол бүх брендүүдэд экспортлох чадамж бий. Гол нь дэмжлэг л хэрэгтэй байгаа юм. Бидний хувьд экспортлоод олон жил болж байгаа учраас туршлага дээрээ үндэслээд юуг анхаарах хэрэгтэй зэргийг мэдэж байгаа. Тухайлбал, үйлдвэржилт гэж ярьдаг ч стандарт талаас нь авч үзэхгүй байгаа. Үүнийг жишиг стандартын дагуу авч үзэх. Мөн энгийн бус байдлаар хэрэглэгчдийг татаж зах зээлд орон зай үүсгэх нь чухал байна.

ЗАРИМ ҮЙЛДВЭРЛЭЛ ИМПОРТООС ХАРААТ БАЙГАА НЬ АСУУДАЛ

“EZ” брендийн үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг:

-Үндэсний үйлдвэрлэгч бүрт асуудал, бэрхшээл тулгарч байгаа. Тухайлбал, манай үйлдвэрийн хувьд 30 орчим хүнийг цалинжуулж ажилладаг. Цар тахлын хугацаанд үйлдвэрлэл зогсоход хүрсэн. Арьсан бүтээгдэхүүний хувьд дотоодоос гол түүхий эдийг хангадаг ч товч, цахилгаан зэрэг туслах хэрэглэгдэхүүнийг импортоос авдаг.

Дотоодын ихэнх үйлдвэрт тулгамдаж байгаа асуудал бол импортоос хараат байгаа явдал.

Үүнд анхаарч чадвал үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Түүгээр ч зогсохгүй олон улсад бүтээгдэхүүнээ экспортолж чадна. Импортоор орж ирж байгаа туслах материалын үнэ нэмэгдээд ирэхээр бүтээгдэхүүний үнэ дахин өсөх зэрэг асуудал гардаг. Тиймээс үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст бодит дэмжлэг л хэрэгтэй байна. Зээл, тусламжийн шалгуураа адаглаад багасгаж өгвөл үйлдвэрлэл өргөжих боломжтой.

Эрүүл аюулгүй хүнс, монгол эко бүтээгдэхүүн хувцас, хэрэглэл зэргийг ийнхүү сурталчлах өдөрлөгийн хүрээнд нийт 120 гаруй аж ахуй нэгж, иргэд нэгджээ.

Тиймээс улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж буй үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, нэгдэж ажиллахыг зохион байгуулагчдын зүгээс хүслээ.

 ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж