“Хил хязгааргүй номын сан” төсөл 21 аймагт хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

“Хил хязгааргүй номын сан” төсөл 21 аймагт хэрэгжинэ

“Хил хязгааргүй номын сан” төсөл 21 аймагт хэрэгжинэ

Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбооны хамтарсан “Хил хязгааргүй номын сан” төслийн нээлт өнөөдөр /2022.09.30/ Монголын үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд боллоо. Энэхүү төслийг Австралийн Засгийн газрын тэтгэлгээр төгсөгчдийн санаачлагаар хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улс Австралийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан нээв.

Уг төсөл Австрали Улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр 21 аймаг болон нийслэлийн дүүргүүдийн номын сангуудад хэрэгжих аж. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан тул ирэх долоо хоногоос төсөл хэрэгжиж эхлэх юм байна.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит, Соёлын яамны Соён гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Монгол Австралийн нийгэмлэг, зохиолч, уран бүтээлчдийн төлөөлөл тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирэв.

"МАНАЙ ХОЁР ОРНЫ ИРГЭД ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖИН ТЭЛЖ БАЙГААГААГИЙН БАС НЭГ БОДИТ ЖИШЭЭ"

“Хил  хязгааргүй номын сан” төслийн нээлтийн ёслол дээр Австралийн Элчин сайд Кэйти Смит үг хэллээ. Тэрбээр:

-Энэхүү төсөл нь Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд нээлтээ хийж, манай хоёр орны иргэд хоорондын хамтын ажиллагаа хөгжин тэлж байгаагаагийн бас нэг бодит жишээ юм.

Иргэн төвтэй номын сангууд тухайн баг, хороодын иргэдийг нягтаршуулж, хүүхдүүдийн оюун санааны хөгжлийг хэмжээлшгүй ихээр хөгжүүлэн тэлдэг. Номын сангууд нь хүүхдүүдэд мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэхээс гадна гэр бүлээрээ цагийг үр дүнтэй өнгөрүүлэх сайхан боломж олгодог билээ.

Тус төсөл нь үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, түүх, боловсрол, хувь хүний хөгжлийн талаарх шилдэг бүтээлүүдээр нийтийн номын сангуудын хүүхдийн номын фондыг баяжуулна. Түүнчлэн Австралийн нийтийн номын сангийн шилдэг туршлагыг аймаг, дүүргийн нийтийн номын сангуудын ажилтнуудад танилцуулах юм.

Энэхүү төсөл нь Австралид төгсөгчид буюу “Моззи” нар Монголын боловсрол, хөгжилд идэвхтэй хувь нэмрээ оруулж буй бас нэгэн жишээ юм. Эрч хүчтэй, идэвхитэй төгсөгчдөөрөө бахархаж байна.

Монгол Улсын алслагдсан аймаг, дүүргүүдийн иргэд бидний хамтран хэрэгжүүлэх энэ төслийн үр шимийг хүртэж, шинээр хэвлэгдсэн ном зохиолуудтай танилцах боломжтой болно гэдэгт итгэл дүүрэн байна. Бид төсөл хэрэгжих хугацаанд номын сангийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах болно.

Австрали, Монгол Улс орон зайн хувьд алслагдсан хэдий ч манай хоёр орныг нэг зорилго дор нэгтгэж байгаа “Хил  хязгааргүй номын сан” төслийн үйл ажиллагаанд амжилт хүсье" гэв.

 

ҮНДЭСНИЙ БОЛОН ДЭЛХИЙН СОНГОДОГ БҮТЭЭЛҮҮДЭЭР ХҮҮХДИЙН НОМЫН ФОНДЫГ БАЯЖУУЛНА

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр төгссөн, МНСХ-ны Гүйцэтгэх захирал “Хил хязгааргүй номын сан” төслийг санаачлагч М.ДАВААСҮРЭН:

-Манай номын сангийн мэргэжилтнүүдийн баг аймаг орон нутагт ажиллан, номын сангийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж, үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол мэдээллийн шилдэг бүтээлүүдээр хүүхдийн номын фондыг баяжуулна. Мөн олон улсын жишиг номын сангийн менежментийн программыг монгол хэл дээр хөрвүүлэн, номын сангууд нээлттэй, үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдүүлж буйгаар онцлогтой.

ГЭР БҮЛЭЭРЭЭ НЭГ ӨДРИЙГ НОМЫН САНД ӨНГӨРӨӨХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.ЭНХТҮВШИН:

-Австрали улсын хувьд нийтийн номын сан маш өндөр хөгжсөн гэж хэлж болно. Номын сан гэхээр зөвхөн номоор хангах биш, ном уншихыг хэрхэн дадал туршлага болгох, яаж ашиглах, яаж мэдлэг болгох вэ гэх дадлыг маш сайн суулгаж өгдгөөрөө онцлогтой. Тэнд гэр бүлээрээ нэг өдрийг номын санд өнгөрөөх бүрэн боломжтой. Номын сан номтой байх нь нэг хэрэг. Харин энэ төсөл хэрэгжсэнээр олон монгол хүүхэд залууст цаашид илүү үр бүтээлтэй сурах, номыг мэдлэг, мэдээлэл болгох зөв аргачлалыг зааж өгнө гэж бодож байна.

Монгол Улсын хувьд номын сангууд номоос гадна чөлөөт цагаа өнгөрөөх бүрэн боломжийг хангаж тохижуулбал хүүхэд залуус номын санд өнгөрөөх цаг, үр бүтээмж илүү нэмэгдэх талаар онцолсон юм.

М.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж