Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгодог билээ. Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн хоёр хувийг буцаан авдаг болоод зургаан жил болж буй.
Иргэд өмнөх улирлынхаа буцаан олголтоо авахын тулд тухайн сарын 8-ны дотор баримтаа цахим системд бүртгүүлэх учиртай. Тодруулбал, 2022 оны гуравдугаар улирал буюу 7-9 дүгээр сард хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны 23:59 цаг хүртэл бүртгүүлснээр буцаан олголтоо авах боломжтой. Уг хугацаа дуусахад найм хоног үлдсэн байна. НӨАТ-ын
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Монгол Улсын хувьд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна. НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөг буцаан авдаг аж.
2022 оны нэгдүгээр улиралд 1,136.755 иргэнд 57.5 тэрбум төгрөг буцаан олгосон байна. Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9 хувь нь 20.000 хүртэлх төгрөгийн, 0.3 хувь буюу 3268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.
Түр зогсоогоод байсан НӨАТ-ын сугалааны тохирол ирэх аравдугаар сард шинэчилсэн хувилбараар явагдахаар болсон байна. Ингэхдээ 2022 оны есдүгээр сарын төлбөрийн баримтаар сугалааг явуулахыг Татварын албаныхан мэдэгдсэн. Тиймээс иргэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа заавал авч, авсан баримтаа марталгүй баталгаажуулахыг зөвлөв.
НӨАТ-ын сугалааны шинэчлэл
- Хаана ч явсан НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлэг үздэг болно. “Ebarimt” аппликейшнаар сугалааны тохирлоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авч чадна.
- 51+ баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь, гурван баримт бүртгүүлсэн байгаад гурван орон таарвал 30.000 төгрөгийн урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60.000 төгрөгийн урамшуулал авах юм.
- Азтанд нэмэлт урамшуулал өгнө. Тухайн хүний амьдарч буй орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно. Жишээ нь, Дархан-Уул аймгийн иргэн есөн баримт бүртгүүлснээс гурван орон таарч 30.000 төгрөгийн азтан болсон гэж бодоод, нэмэлтийг тооцолъё. Өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг Татварын ерөнхий газраас судалж өгөх юм. Дархан-Уул аймаг 23 хувиар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30.000*(1+23) =36.957 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орно.
- Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгөө үлээлгэх юм. Ингэснээр хонжвор бүр эзэнтэй болно.
- Есдүгээр сарын төлбөрийн баримтаар сугалааны арга хэмжээг аравдугаар сард зохион байгуулах ажээ.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ