Монгол Улсын иргэн эх орондоо буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа холбогдох баримт бичиг бүрдүүлж, өөрт ойр байрлах улсын бүртгэлийн хэлтэст ханддаг. Ингэхдээ иргэний үнэмлэх, 16-гаас доош настай бол төрсний гэрчилгээ, мөн мэргэжлийн зурагчнаар авахуулсан цээж зураг зэргийг бүрдүүлж очдог байв. Өдгөө мэргэжлийн зурагчны авсан цээж зураг авч очих шардлагагүй бөгөөд шууд улсын бүртгэлийн байгууллагын харъяа нэгжид очиж үйлчлүүлэх боломжтой болжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Улсын бүртгэлийн байгууллага энэ оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн иргэнээс үндэсний энгийн гадаад паспортын захиалга авахдаа цээж зураг шаардахгүй. Тухайн хэлтсийн бүртгэлийн ажилтан цээж зургийг авч, бүртгэлийн системдээ оруулан, үйлчилгээ үзүүлэхээр болсон. Ингэснээр иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, цаг зав, санхүүд нь тодорхой хэмжээний хэмнэлт бий болгож байгаа юм. Тиймээс энэ үйлчилгээг үзүүлж байна” гэлээ.
Үндэсний энгийн гадаад паспортын үйлчилгээний хураамжийг Төрийн банкны тусгай дансанд төлдөг. Иргэн та заавал банк орохгүйгээр “Гэрэгэ” системээр дамжуулан төлбөрөө төлөх боломжтой юм байна.
Монгол Улс энгийн, албан, дипломат гэсэн гурван төрлийн гадаад паспорт олгодог.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ