"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн үйлдвэрчний эвлэлээс өчигдөр мэдээлэл хийжээ. Мэдээллийнх нь товч утга “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авсан шиг аваад өг”. Үнэндээ, төрд очсон өмч болгон үнэгүйддэг, эзэнгүйддэг, дампуурдаг нь гэм биш жам болсон л доо. Жишээ гэвэл хар мянгаараа байна. Хамгийн сүүлийнх нь “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” байна.
Төрийн өмчийн болон төрийн оролцоотой компаниудын өр нийтдээ 18 их наяд. Эсрэгээрээ төрийн өмчит компаниудын захирлын орлого жилээс жилд өссөн байх. Өөрөөр хэлбэл, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг төрд авсан шиг авбал хулгай, луйврын үүр овоохой болно. Бэлээхэн сургамж, дуулиант хэргүүд, баримт нотолгоо зөндөө байна. “Эрдэнэт” үйлдвэрт гэхэд таван саяын бэлгэвч шахсан гэдгээс эхлээд.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн үйлдвэрчний эвлэлийнхэн төрд очсоноор үйлдвэрийнх нь үйл ажиллагаа сайжирч, өөрсдийнх нь амьдрал дээшилнэ гэж бодоод байх шиг. Гэвч өмнөх жишээнүүдээс харахад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрд очсоноор төрийн дарга, даамлуудын эхнэр хүүхэд, цүнх баригчид, намчид л очно. Жирийн иргэдийн хүүхдүүд тэнд ажиллах боломж хумигдана. Төрийн өмчийн бодит байдал ийм л байдаг. Нөгөөтэйгүүр Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх төслийг намын тавиулаад, популистууд амжилттай хэрэгжүүлэх нь юу л бол. Л.Наранбаатарын байгаа байдлаас харвал өөрийнх нь хэлснээр “баларсан юм” болох байх.
Үйлдвэрчний эвлэлийнхний өчигдрийн хэвлэлийн хурал, өнөөдрийн “Кью Эс Си” компаниас гаргасан залруулга мэдээллийг уншихад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг төрд авах шийдвэр гаргаснаараа дахиад л нэг дампуу үйлдвэртэй болох шинжтэй.
Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессийн гэрээг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хавар цуцалсан. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью Эс Си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгож байлаа.
Үүнээс хойш таван сарын хугацаа өнгөрч, энэ хугацаанд төсөл нам гацав. Төр оролцоогүй байсан бол төслийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх байсан байх. Энэ төсөл маань үндсэн хоёр зорилготой. Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн гол зорилго нь монголчууд өөрсдөө ган үйлдвэрлэдэг болох л байсан. Одоо бараг мартсан нь дээр байх, цементийн салбар өнөөдөр юу болж байгаа билээ, үйлдвэр тэг зогссон, хомсдол үүссэн, үнэ хөөрөгдсөн…?!
Энэ бүхнийг эрүүлээр, бас бодитоор харвал Монголын эдийн засагт хэрэгтэй нэг төсөл мөн зогсож байх шиг.
"Кью Эс Си” залруулгадаа “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэсэн байна лээ. Үнээн, Монголыг монголчууд хөгжүүлнэ. Гэхдээ эвлэлийнхэн, намчид, шоучид биш, Монголын инженерүүд, хувийн хэвшлийнхэн л хөгжүүлнэ.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ