Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ гэх мэдэгдэл гарсантай холбоотойгоор гурилан бүтээгдэхүүний үнийг 30-50 хувь хүртэл нэмэхээр болсноо аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид мэдээллээ. Аж ахуйн нэгжүүд “Газар тариалан болон импортын ханш, хил гаалийн тодорхойгүй байдал, ачаа тээврийн үнэ нэмэгдсэн зэрэг олон асуудлаас шалтгаалж сүүлийн 2-3 жил зах зээлийн хувьд удаашралтай байна” гэв.
Монгол Улсад 900 гаруй гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг. Эдгээр нь 30 мянга гаруй ажилчинтай гэсэн судалгаа бий. Эдгээр үйлдвэрүүд хямралд нэрвэгдэж буйг тэд хэллээ.Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд 24 цаг тасралтгүй ажиллаж, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангаж ирсэн. Гэтэл цар тахал, дайн байлдаан, хийлийн гацалт, валютын ханшийн өсөлтөөс болж үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж байна гэв.
Гэтэл гурилын үнийг 50 хувь нэмэхээр болсон тул гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үнийг 30-50 хувь өсгөхөөр болсон байна. Мөн гурил болгон гурилан бүтээгдэхүүн болдоггүй. Хамгийн сайныг нь сонгон авч бүтээгдэхүүндээ ашигладаг гэнэ. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хэлснээр үнэ өсөхөд хэд хэдэн шалтгаан нөлөөлжээ.
Нэгд, хил гаалийн ойлгомжгүй байдал маш ихээр нөлөөлсөөр ирсэн байна. Ихэнх түүхий эд, бүтээгдэхүүн, ургамлын тос элсэн чихэр, бусад бодисуудыг урд хөршөөс авдаг. Энэ бүгд сүүлийн жилүүдэд хомсдолд орж, ачаа тээвэр маш удаашралд мөн хил гаалийн байгууллага ч тодорхой бус байдал үнийн өсөлтөд нөлөөлжээ.
Хоёрт, тээврийн зардал өссөн байна. Covid-19-оос өмнө “Эрээн-Улаанбаатар” чиглэлд шууд тээвэр хийдэг байсан. Цар тахлын дараагаас “Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар” гэсэн дамжлагад орсон. Ингэснээр 7-8 мянган юанийн зардал 16-18 мянган юань болж өссөн. Олон дамжлагад орсноор ачаа бараа сэлгэх, ачих буулгах явц нэмэгдэж, хугацааны хувьд маш төвөгтэй нөхцөл үүссэн байна.
Гуравт, бензин, түлшний үнэ нэмэгдсэн. Иргэд аж ахуйн нэгжүүд жилийн 365 хоногт гурилан бүтээгдэхүүний түгээлт, борлуулалт хийдэг. Энэ бүх түгээлтэд том болон дунд оврын ачааны машин ашигладаг. Тэдгээрийн 80 хувь нь дизель түлш хэрэглэдэг. Өнөөдрийн байдлаар нэг литр түлшний үнэ 3440 төгрөг байгаа юм.
Дөрөвт, валютын ханш нэмэгдсэн. Урд хөрш болон бусад улсаас туслах материал, техникийн сэлбэгүүдийг захиалж авдаг. Валютийн ханш өссөнөөр энэ бүх үйл явц удаашралд орсон бөгөөд үүнээс шалтгаалж сүүлийн жилүүдэд багагүй хэмжээний алдагдал, эрсдэл үүрээд байна.
Тавд, ажиллах хүчний дутагдалд орсон. Гурилан бүтээгдэхүүний салбар нь бусад уул уурхай, зам тээвэр зэрэг салбартай өрсөлдөхүйц хэмжээний зах зээлтэй биш. Мэргэжлийн боловсон хүчин эрс муудсан. Хүнсний аюулгүй байдлын нийгэмлэгээс 80 хувийн ажиллах хүчний дутагдалтай гэсэн судалгаа гаргасан талаар үйлдвэрлэгчид хэллээ.
Эдгээр асуудлыг харгалзан үзэж, дотоодын үйлдвэрлэгчид гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэхээс өөр аргагүй байгаа тухай ард иргэддээ тайлбарлан мэдээлэх нь зүйтэй. Гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллахыг Засгийн газар болон ард иргэдээсээ хүсч байна гэлээ.
А.САЙХАНБАЯР
Холбоотой мэдээ