Тавантолгой-Зүүнбаяны төмөр замыг 1.3 их наядаар барьжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Тавантолгой-Зүүнбаяны төмөр замыг 1.3 их наядаар барьжээ

Тавантолгой-Зүүнбаяны төмөр замыг 1.3 их наядаар барьжээ
Ачааны галт тэрэг энэ сарын 28-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд буюу Дорноговь аймгийн Хулангийн Шанд гэх газар осолдсон. Тодруулбал, Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэх рельс болон төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харъяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаа бүхий 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож, хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Монголын төмөр зам”, "УБТЗ",  “Болд төмөр Ерөө гол”, “Монголиан транс ложистик” компани хамтарсан сэргээн босголтын баг арга хэмжээ авч, төмөр замын тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа талаар мэдээлэв.

"Тавантолгой-Зүүнбаян"-гийн төмөр замын бүтээн байгуулалтыг БХЯ-тай хамтран хэрэгжүүлж, санхүүжилтийг нь төрийн нууцад авсан. Тус замыг 1.3 их наяд төгрөгөөр барьжээ. Өнгөрсөн гуравдугаар сараас туршилтын тээвэр хийж эхэлсэн. Мэргэжлийн инженерүүд "Төмөр замын машинистаа тусгай байранд тодорхой цагт амрааж, ээлж солилцдог. Мөн хоол ундаа идээд, эмчийн үзлэгт ордог. Ингэхдээ тухайн ажилтны эрүүл мэндийн үзүүлэлт хэвийн байна уу, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хянаж, эмчийн зөвшөөрлөөр ажилдаа гардаг. Хэрвээ тэр ажилтны даралт ихэсч, эрүүл мэнд нь хэвийн бус байвал ажилд гаргадаггүй" гэж хэлэв.

“Монголиан транс ложистик” компанийн зүтгүүрийн туслах машинч согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд "хурд хэтрүүлсний улмаас осол гарсан" гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

"ВАГОНЫ ЖОЛООЧ СОГТУУ БАЙСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН"

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ослын талаар мэдээлэл хийхдээ "Дорноговь аймгийн Улаанбадрах суманд осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандлын төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол боллоо. Осол Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн Шанд гэх зөрлөгт есдүгээр сард 23:30 цагийн орчимд гарч, 24:00 цагийн орчимд уг осол бүртгэгджээ. Нийтдээ цуваанд 17 вагон явснаас 14 нь төмөр замын рельс төмөр, гурав нь төмөр бетон дэр ачиж явсан байна лээ. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэх ачаа байсан.

Вагоноор зорчиж явсан гурван хүний биеийн байдал гайгүй, хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг газар дээр нь тодруулсан. Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан гэсэн дүгнэлт гарсан. Вагоны машинист согтуу байсан гэх мэдээлэл ирж байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Вагонд байсан хоёр хүний согтолтын зэрэг нэг бүхлээс дээш гарсан. Төмөр зам чанаргүйгээс болоогүй. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг монголчууд өөрсдөө барьсан. Энэ ондоо багтаагаад улсын комисс хүлээн авна. Одоогоор туршилтын тээвэр хийж байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд Монгол Улс төмөр замын олон компанитай болсон. Өмнө нь ганцхан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй байсан бол одоо "Монголын төмөр зам", "Зүүнбаян төмөр зам", "Тавантолгой", “Монголын транс ложистик” гэх төмөр замын компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төмөр замыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлага гарч байна. Тухайлбал, "Монголын төмөр зам" компани Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт харъяалагддаг. "Тавантолгой-Зүүнбаян" төмөр зам Уул уурхайн яам буюу “Эрдэнэс  Тавантолгой”-н харьяалалд байдаг гэх мэт төмөр замын бодлого, нэгдсэн зохион байгуулалт алдагдсанаас гадна сахилга дэг журам, хариуцлагын тогтолцоо мөн алдагджээ. Цаашдаа аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой" гэж байв.

"Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замд өнгөрсөн гуравдугаар сард осол гарсан. Тодруулбал, тус чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд сэлгээний ажлын үед 33 хоосон чингэлгийг түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарч, хажуу тийш унасан осол гарч байсан юм.

"НЭГ ВАГОНЫ ХОЁР ТЭРГЭНЦЭР ЗАМААС ГАРСАН НЬ ОСОЛ БИШ"

“УБТЗ” ХНН-ийн Замын ерөнхий инженерийн орлогч Ш.НЯМСҮРЭН:

-Тавантолгой өртөөний бусад замд барилгын ажлыг эхлүүлж байгаа бөгөөд осол барилгын ажил хийх үед гарсан. Иймд тээвэрлэлтээс шалтгаалаагүй. Өөрөөр хэлбэл, гологдол ангилалд багтсан. Нийт аж ахуйн зориулалттай 33 вагоноос зүтгүүр талаас  нэг вагон гарсан. Их хэмжээний хохирол учраагүй. Ажлын хэсгээс осол гарсан газарт эвдрэлийн хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд 14:00 цагийн орчимд засварлаж дуусгана гэдгийг салбарын яамны холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ. Одоогоор 33 вагоныг өртөө рүү эргүүлэн татсан байна.

Осол гуравдугаар сарын 27-ны 19:40 цагийн орчимд гарч, Тавантолгой Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэргээс нэг вагоны хоёр дугуй замаас гарсан байна. Одоогоор “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам” ТӨХК-иас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Төмөр замчдын хэлснээр осол бус гологдол гэсэн ангилалд багтаж байгаа гэнэ. Нэг вагоны хоёр тэргэнцэр замаас гарсан нь осол биш. Гологдол гарсан гэж үзнэ. Үүнтэй холбоотой "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Хохирлын арга хэмжээ тогтоогдохгүй. Ер нь хөдлөх бүрэлдэхүүн замаас гарах тохиолдол бий" гэж тайлбарлаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж