УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН мөрийн хөтөлбөртөө “Импортлогч улсаас экспортлогч улс” болох зорилтоо тодорхойлохдоо
- Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.
- Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно.
- Жилд 10 сая толгой малын түүхий эдийг боловсруулах цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд байгуулна.
- Монгол малын махны ач тусыг олон улсад сурталчлан таниулж, экспортын махны үнийг нэмэгдүүлнэ.
- Махны экспортын бодлогод нийцүүлэн мал бордох үр ашигтай аргачлал, технологийг нэвтрүүлж, махны экспортын хэмжээг 150 мянган тоннд хүргэж нэмэгдүүлнэ.
- Малчин, тариаланчдын нийгмийн асуудлыг шийдэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Хөдөө аж ахуйн салбарт малчид, тариаланчдын залгамж халааг бэлтгэх “Илгээлтийн эзэн – III” аяныг хэрэгжүүлнэ.
- Мал, амьтны гаралтай арьс, шир, үс, ноос, ноолуурыг бүрэн боловсруулж, оёмол, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
- “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, малчдын орлогыг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлнэ гэж амалсан.
Гэвч дараагийн сонгууль болоход нэг жилийн хугацаа дутуу байна. Дээрх амлалтуудаас хэд нь ажил хэрэг, амжилттай төсөл болсныг хэлэхэд хэцүү.
Учир нь МАН-ын үед төрийн оролцоо бүх л салбарт томорч, банкны диллер, нүүрсний ченж, барилгачин, барималчин, жорлон ухагч, яндан хөөлөгч, арьс шир, алт, мөнгөний ченж болж хувирав.
Энэ хэрээр хувийн хэвшил жижгэрч, 400 мянган хүн ажлын байраа алджээ. Нөгөө үндэсний үйлдвэрийг хөгжүүлж, 150 мянга ажлын байр бий болгох амлалт лөөлөө болж, данхайсан дарга “анги”-ийн тоо л нэмэгдсэн байх.
Цар тахал, дайн байлдаан зэрэг гадны хүчин зүйлсээс гадна дотоодын улс төрийн буруу бодлого шийдвэр хувийн хэвшлийнхэнд дарамт болж буйн нэг нь Монгол Улсын Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр гаргасан шийдвэр. Уг шийдвэрт “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
- “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
- “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг компанийн гүйцэтгэх удирдлагад үүрэг болгосугай.
- “Дарханы арьс ширний цогцолбор” төслийг хэрэгжүүлэхдээ төрийн өмчит хуулийн этгээд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр хөрөнгө, санхүү хариуцлага, хугацаа, эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.
- Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 2.10 дахь дэд заалтын “Хөдөө аж ахуйн бирж” гэсний өмнө “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ХХК, гэж нэмж, “Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоолын 3 дахь заалтын “дүрэм, зохион байгуулалтын бүтцийг” гэснийг “дүрмийг” гэж өөрчилсүгэй” гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, энэхүү шийдвэрээс болж өмнө нь хэрэгжиж байсан “Дарханы арьс, ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалт бүтэлгүй төсөл болж магадгүй байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ