Макро эдийн засгийн 2022 оны наймдугаар сарын тойм мэдээнээс харахад, нэг өрхийн сарын дундаж орлого 0.2-5 хувиар багасчээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 244.6 (15.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 1.7 (0.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит орлого мөн улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (0.2 хувь) мянга, өмнөх улирлынхаас 60.2 (5 хувь) мянган төгрөгөөр багасчээ.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэвэл энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 2.4 мянгаар, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 12.4 мянгаар, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 12.4 мянгаар, 700-900 мянган төгрөгийн орлоготой өрх 25.8 мянгаар, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн орлоготой өрх 0.2 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 16.6 мянгаар багассан аж.
Харин 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 13.5 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 34.5 мянгаар, 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 38.3 мянгаар нэмэгджээ.