Жүдо ДАШТ: Аль жинд хэн илүүрхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: Аль жинд хэн илүүрхэх вэ?

Жүдо ДАШТ: Аль жинд хэн илүүрхэх вэ?

Жүдо бөхийн 2022 оны ДАШТ аравдугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 87 орны 587 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Монгол Улсаа төлөөлөн Ё.Басхүү, Ц.Цогтбаатар, О.Цэцэнцэнгэл, Б.Баасанхүү, Б.Хорлоодой, Б.Ганхайч тэргүүтэй манай шилдэг 18 тамирчин өрсөлдөнө. Үүнтэй холбогдуулан ирэх ДАШТ-ий доод жингийн өрсөлдөөний талаар мэргэжилтнүүд юу гэж ярьж байгааг хүргье.

  • Эрэгтэйчүүдийн -60 кг

Дэлхийн чансааг тэргүүлэгч, олимпийн мөнгөн медальт Тайванийн Ян Юн Вэй сүүлийн үед форм сайтай байгаа. Сүүлд Улаанбаатарт болсон Их дуулгад Нагаяамад ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Нагаяама Тайвань залуутай хийсэн гурван барилдаандаа бүгдэд нь ялсан гэх дардам үзүүлэлттэй. Азаар Нагаяама энэ удаагийн ДАШТ-д оролцохгүй.

Түүний оронд Японыг төлөөлж олимпийн аварга Наохиса Такато оролцож буй. Такато бүх Японы аваргад Гэнки Когад ялагдсан ч жүдо бөхийн холбоо нь аваргадаа итгэл хүлээлгэсэн.

Ян Юн Вэй, Наохиса Такато хоёр олимпийн финалд учраа таарахад Такато торгуулиар ялж, аварга болж байлаа. Харин энэ удаад Ян даагаа нэхэхийг хүсч байгаа нь лавтай.

Мөн энэ жинд Солонгосын Ким Вон Жинийг битүү морь гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол Улсаа төлөөлөн Э.Ариунболд хүч үзнэ.

  • Эмэгтэйчүүдийн -48 кг

М.Уранцэцэг, Дистриа Красники, Дариа Билодид гээд энэ жингийн “томчууд” бүгд буурь сэлгэсэн. Тухайлбал, М.Уранцэцэг холимог тулаан руу орж, Красники 52 кг руу, Билодид 57 кг руу тус тус жин өгссөн.

Харин Япон энэ ДАШТ-д олимпийн мөнгөн медальт Фүна Тонаки, дэлхийн аварга Нацүми Цүнода нарыг илгээжээ. Тэгвэл Франц Ширине Буклиг илгээв. Угтаа тэдэнд Мелани Клементийг оролцуулах давуу эрх байсан ч энэ боломжоо дээд жиндээ ашиглажээ.

Ерөнхийдөө Букли болон Фүна Тонаки, Нацүми Цүнода нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө гэж таамаглаж байна. Монгол Улсаа төлөөлөн Г.Наранцэцэг энэн жинд өрсөлдөнө.

  • Эрэгтэйчүүдийн -66 кг

Дэлхий нийт, жүдо сонирхогчид Абэ-Марүяама гэх сонгодог финалыг үзэхийг хүсч байна. Дээрх хоёр тамирчин олимпийн наадамд оролцох эрхийн төлөө халз барилдахад Абэ ялж, улмаар олимпийн аварга болсон түүхтэй. Харин дэлхийн аваргад Марүяама өнгөтэй байдаг.

Абэ 2019 оноос хойш зөвхөн Марүяама болон Мануэль Ломбардод хоёрт л ялагдсан гэх сүрдэм үзүүлэлттэй. Эсрэгээсээ Марүяама хариугаа авахыг туйлын хүсч буй.

Мөн энэ жинд манай тамирчин Ё.Басхүү, Денис Вьеру, Важа Маргвелашвили, Ан Баул зэрэг шилдгүүд багтаж байгаа.

  • Эмэгтэйчүүдийн -52 кг

Мэдээж олимпийн аварга Үта Абэ энэ жингийн гол фаворит. Тэрбээр хамгийн сүүлд Токиогийн олимпийн багийн барилдаанд Германы Тереза Столлд л ялагдсан. Столл ч мөн гол өрсөлдөгчдийн тоонд орсон. Мөн Францын Амандине Бушарыг мартаж үл болно. Үта Абэгийн хамгийн хэцүү өрсөлдөгч тэр байх болов уу.

Майлинда Келмендиг зодог тайлсны дараа Дистриа Красники түүний үлдээсэн орон зайг нөхөхөөр дээшээ орж ирэв. Одоохондоо Бушард, Абэ хоёр учрыг олж чадаагүй яваа Красники ирэх дэлхийн аваргаар хэрхэн барилдахыг хүлээх л үлдлээ.

Монгол Улсаа төлөөлөн Б.Хорлоодой энэ жинд өрсөлдөнө. Түүнээс гадна Жайлес, Река Папп, Диёора Келдиёорова, Одетте Жьюффрида зэрэг тамирчид өрсөлдөж байна.

  • Эрэгтэйчүүдийн -73 кг

Хэрэв Шохэй Оно аварга байсан бол энэ жингийн өрсөлдөөн ойлгомжтой байх байсан биз. Гэтэл тэрбээр гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж байна. Ингэснээр боломж хүн бүрт нээлттэй болж ирэв.

Ялангуяа Хашимотод боломж гарч ирсэн. Түүнтэй Лаша Шавдатуашвили, Ц.Цогтбаатар, Хияадат Хэйдаров гэх шилдгүүд түрүү булаалдана.

  • Эмэгтэйчүүдийн -63 кг

Энэ жинд цагтаа Ярден Герби, Тина Трштенчак, Кларисс Агбегненоу гурван хүчийг үзэж, үзэгч олныг цэнгүүлдэг байв. Харамсалтай нь, одоо Герби зодог тайлж, Тина, Кларисс хоёр ДАШТ-ийг өнжиж байна. Тэгэхээр энэ жин хүн бүрт нээлттэй.

Гол фаворитоор нь Люси Реншалл, Катерин Бьюшман-Пинард, Мэгүми Хорикава нар нэрлэгдэж байна. Монгол Улсаа төлөөлөн Б.Ганхайч хүч үзнэ.

  • Эрэгтэйчүүдийн -81 кг

Олимпийн аварга Таканори Нагасэ, дэлхийн аварга Маттиас Кассе, дэлхийн аварга Саид Моллаей, хатуу самар Тато Григалашвили зэрэг “томчууд” алтан медалийн төлөө өрсөлдөнө. Япон энэ жинд мөн Сотаро Фүживараг илгээсэн.

Энэ жинд Өмнөд Солонгосын Лий Жүнван гэх 20 настай хүүг мэргэжилтнүүд онцолж байна. Тэр Григалашвили, Нагасэ нарыг ялж, зөөлөн боорцог биш гэдгээ харуулсан. Гэхдээ л ид үе дээрээ яваа Нагасэг энэ дэлхийн аваргад түрүүлнэ гэж жүдо сонирхогчид үзэж байна. Энэ жинд Б.Эрдэнэбаяр эх орноо төлөөлөн оролцоно.

  • Эмэгтэйчүүдийн -70 кг

Өрсөлдөөн нь хамгийн тэнцвэртэй жин бол энэ. Дэлхийн аварга Барбара Матич, Европын аварга Санне Ван Дик, Азийн аварга Саки Низои, Францын Марго Пинот, Эве Марье Гахье гээд шилдгүүд энэ жинд байна. Бүгд л бие биетэйгээ барилдаж, унаж, давж байсан хүмүүс. Японы мөн Шихо Танака гэх охиныг мэргэжилтнүүд онцолсон.

Энэ жинд Монгол Улсаа төлөөлөн Ц.Энхчимэг өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж