Сурвалжлага: Шуудай гурил авах айл ховордож, задгайгаар авах болжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шуудай гурил авах айл ховордож, задгайгаар авах болжээ

Сурвалжлага: Шуудай гурил авах айл ховордож, задгайгаар авах болжээ

Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооноос зах зээлийн шаардлагаар гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ гэж энэ сарын 28-нд мэдэгдэл гаргасан. Зах, худалдааны төвд гурилын үнэ өсч, түүнийг дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдсэн талаар иргэд шүүмжилж эхлэв. Тэгвэл бид өнөөдрийн байдлаар зах, худалдааны төвүүдэд байдал ямар байгааг сурвалжиллаа.


"Бөмбөгөр" худалдааны төв. Есдүгээр сарын 29-ний өдөр. 

Есдүгээр сарын сүүлчийн өдрүүд хэзээний л сэрүүхэн байдаг. Хотын хөл хөдөлгөөн ихтэй  захуудын нэг "Бөмбөгөр" худалдааны төвийн гурилын хэсгээр орлоо. Хаалга руу ойртохоос эхлээд  гартаа гурил будаа барьсан хүмүүс тааралдана гэж бодсон ч ачаа буулгах хэдэн залуугаас өөр хүн харагдсангүй. Худалдааны төвийн доод давхрын бөөний төвүүд  эл хуль. Мах махан бүтээгдэхүүн, цагаан идээний хэсэгт арай олон хүн бөөгнөрчээ.

Харин сүүлийн өдрүүдэд үнэ өссөн гэх гурил, гурилан бүтээгдэхүүний хэсэгт худалдан авагч цөөхөн. Доод давхрын хүйтэн лангууны ард даарсан харагдах худалдагч эмэгтэй ийнхүү ярьлаа.

Худалдагч С. Сарангэрэл "Мэдэгдэл гаргахаас нь өмнө энэ сард хоёр ч удаа гурилын үнэ нэмэгдсэн. Гурилын үнэ нийтдээ 20-30 хувь өсчихөөд байна. Телевизээр хүмүүс мэдээлэл хийснээс хойш бол нэмээгүй. Ирэх сараас нэмэх байх. Манай захын наймаачид үйлдвэрийн үнэ дээр 100-500 төгрөг нэмж зарж байгаа. Ер нь худалдан авалт эрс буурсан. Зах худалдааны төвөөс шуудай, шуудайгаар нь гурил гэртээ авч тавьдаг айл ховордсон. Гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс задгайгаар, ширхгийн цаасан ууттайг авч аргалж байгаа. Эсвэл зээлээр авч байгаа. Энэ хавиар огт хүнгүй шахуу байна. Хоосон түрээс төлөөд удаж байна шүү. Covid-оос хойш ер нь ийм байна. Сүүлийн өдрүүдэд худалдан авалт бүр буурлаа. Ер нь тэтгэвэр буухаар гайгүй зарагддаг. Бас хүүхдийн мөнгө, халамж буух үед л хүмүүс гурил будаа  бөөндөж авдаг" гэв.

Ийнхүү иргэд эдийн засгийн хямралд өртөж, гурил шуудайгаар биш килограмаар нь мөн гурилан боов, боорцог  уутаар авах нь цөөрсөн бололтой.  Үнийг нь асууж, хажуугаар нь өнгөрөхдөө удаашран сонжих хүмүүс худалдан авалт хийж харагдсангүй.

"Таван мянган төгрөгөөр хэдэн ширхэгтэй боорцог авсанаас хоёр киллограмм гурил аваад гамбир хийсэн нь дээр" гэж нэгэн иргэн бухимдангуй хэлсээр утсаа таслаж харагдана. Цалин нь нэмэгдээгүй атал хэрэглээний хүнс барааны үнэ нэмэгдсэнд иргэд бухимдах нь аргагүй биз ээ.

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн Б. Баясгалан "Ойрын үед барааны үнэ илт өсөөд байгаа. 1800 төгрөгөөр авдаг байсан гурилаа өнөөдөр 2200-гаар авч байна. Шуудай гурил 32 мянгаар авдаг байсан бол өнөөдөр 39 мянга болсон байна. Дараагийн цалин болтол энэ жаахан гурилаараа болгоно доо.  Гурилын үнийн өсөлтөөс шалтгаалаад бүх юмны үнэ өсөх байх даа. Бууз, хуушуурын үнэ хүртэл нэмэгдсэн байна" гэлээ.

Талх, нарийн боовны худалдагчийн хэлснээс "Атар-өргөө" компанийн бүтээгдэхүүнээс бусад нь үнэ одоогоор нэмээгүй л байна. Сарын эхээр бол нэмэгдсэн байсан. Ахиж нэмэхгүй байх. Хуучин үнээрээ  худалдаалж байна. "Атар" талхны үнэ хэвээрээ байна. Нэмэхээ хүрвэл маргааш өглөө нэмэгдсэн ирж мэднэ" гэж ярьсан юм.

Үндэсний Статистикийн хорооны шинэчилсэн /есдүгээр сарын 20/-ны мэдээллээр 1 кг гурилын үнэ 1160-2660 төгрөгний хооронд байна. Бусад худалдааны төв, захуудад мөн ижил үнэ ханштай байгаа юм. Зогсолтгүй өсч буй үнийн дунд, зогссон цалингийн дүнтэйгээ эвлэрч, өрөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч буй иргэдийн хөдөлгөөн хотын гудамжаар тасрахгүй хольхож харагдана. Харин албан тасалгааны цонхоор "амьдрал сайхан харагдаж" байж ч магадгүй.

А.Сайханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж