Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр батлагдаж 2022 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэхдээ 60 гаруй мэдээллийг ил тод байлгах ёстой хэмээн тус хуульд заасан байдаг. Үүнээс бүх мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагуудад хамаатай 44 мэдээлэл багтдаг. Тэр дундаа иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн мэдээллийн ил тод байдал, ажлын хэрэгжилтийн явц иргэдэд хэр нээлттэй байгаа талаар "Цогц хөгжлийн үндэсний төв"-ийн гүйцэтгэх захирал М. Энхбадралаас тодрууллаа.
-Цогц хөгжлийн үндэсний төв нь мэдээллийн ил тод байдлыг хангах тал дээр яаж ажиллаж байгаа вэ?
-Цогц хөгжлийн үндэсний төв нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд манай байгууллага нээлттэй мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор засаглалд хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Тиймээс “United info hub” веб сайтыг парламентын ил тод байдлыг хангах чиглэлээр иргэдэд түгээж байна. Энэхүү сайт нь таныг төлөөлж буй гишүүн, УИХ-ын чуулганд хэдэн хувийн ирцтэй, ямар хууль тогтоомжийг санаачлан, хэлэлцэж буй хуулиудад ямар байр суурь илэрхийлж санал өгсөн талаарх мэдээллийг хүргэдэг. Мөн хөрөнгө оруулгын мэдүүлэг, намтар гэх мэт бусад мэдээллийг багтаасан талбар юм. Энэхүү “United info hub” буюу “UIH” сайт нь хяналт тавих бус иргэд тус үйл ажиллагааг хянахад нь замбараагүй байгаа мэдээллийг цэгцтэй болгож, далд байгаа мэдээллийг ил болгон өгч байгаа юм.
“Өнөөдрийг хүртэл иргэдийг төлөөлж гарсан УИХ-ын гишүүд хуулийн төсөлд ямар санал өгч байгааг нээлттэй эх сурвалжаас мэдэх боломжгүй байна. Үүнийг мэдэхийн тулд УИХ-ын Тамгын газарт манай байгууллага хоёр жилийн хугацаанд дөрвөн удаа хүсэлт өгсөн”.
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн ач холбогдлоос гадна хуулийн хэрэгжилтийг ярих зайлшгүй шаардлагатай байна. Хуулийг биелүүлэх сонирхолгүй, мэдэж байгаа ч биелүүлэхгүй байгаа тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага сул байна. Ингэхдээ хуулийн журмаараа шийдэгдэхээс илүү олны анхааралд оруулж асуудал шийдэгддэг нь их болж байгаа нь харагддаг. Хуулийн хэрэгжилт аль ч түвшинд ижил хэрэгждэг тогтолцоо хэрэгтэй байна. Тиймээс иргэдийн хувьд өөрсдийн мэдэх эрх, боломжийг ашиглан түүнд хяналт тавих шаардлагатай. Ингэж хяналт тавьж ажилласнаар аль, аль талдаа хариуцлагатай байх нөхцөл бүрдэнэ.
Мэдээлэл авах эрх гэдэг нь цаад утгаараа ил тод байдлыг шаардаж байгаа юм. Иргэд тухайн байгууллага, газрын талаарх мэдээллийг авахдаа заавал өргөдөл, гомдол гаргах шаардлагагүйгээр мэдээллийг авах нээлттэй эх сурвалжууд байх ёстой. Нээлттэй эх сурвалжийн давуу тал бол камертай гудамжинд гэмт хэрэг бага гардагтай адил зүйл. Мэдээлэл нээлттэй нийгэмд, иргэд нь төрөө хянадаг. Ингэснээр төр засагт хулгай, авлига, хээл хахууль бага болно гэсэн үг юм.
-Төрөөс ил тод байхыг шаардаж байгаа ч иргэд үүний талаарх мэдлэг, оролцоо, чадамж ямар байна вэ?
-Иргэдийн хувьд энэ талаарх өргөдөл, гомдлыг хаана гаргах, хэрхэн шийдүүлэх талаар төдийлөн сайн мэддэггүй. Энэ нь иргэдэд мэдээллийг хангалттай өгөөгүй, хялбар, шуурхай болгоогүй учраас ийм байдалтай байна. Ил тод байдал гэдэг бол зөвхөн ил тод байна гээд мэдээллийг гаргаж тавих биш энэ талаарх мэдлэг, мэдээллийг иргэдэд төр олгох ёстой юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр бий болж байгаа уг мэдээллийг иргэд авах эрхтэй. Тиймээс төр нээлттэй мэдээллээр иргэдийг хангах ёстой.
Холбоотой мэдээ