Халамжаас хасчихвал амиа авч явах аргаа олж л таарна!

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Халамжаас хасчихвал амиа авч явах аргаа олж л таарна!

Халамжаас хасчихвал амиа авч явах аргаа олж л таарна!

Монгол Улсад давхардсан тоогоор хоёр сая хүн халамж авдаг гэсэн тоо бий. Тодруулбал, өнөөдөр нийт хүн амын 60 гаруй хувь нь 72 төрлийн халамжаар 1.8 их наяд төгрөгийн тэтгэмж авч байна. Гол нь тэдгээр бүх хүн халамжийн мөнгө авах зорилтот бүлгийнхэн биш. Тиймээс халамжийн тогтолцоог системтэй болгож, төсвийн мөнгийг бүтээн байгуулалт руу чиглүүлэх нь зүйтэй юм.

Ганцхан жишээ татахад өнгөрсөн 2021 оны улсын төсвийн зарлагын 50 хувь нь зөвхөн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулагдсан байна.

ХҮНЭЭ ӨСӨХИЙН ХЭРЭЭР ХАЛАМЖААР УГЖСААР БАЙХ УУ?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа хэлэхдээ хүн амын 60 хувь нь авч байгаа халамж дотор хүүхдийн мөнгө, цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг ордог. Энэ бүхэн халамж уу, хүн амаа өсгөх бодлого уу гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй гэж байв. Харин одоогоос гурав хоногийн өмнө Нийгмийн бодлогын байнгын хорооноос хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд олгоно гэдгийг хэлж байсан удаатай.

Монгол Улс хүнээ өсгөх нэрийдлээр санаачилсан зарим бодлогоо өнөөдөр халамж руу уусгаж байгааг шүүмжлэх хүмүүс ч байдаг.

Үндсэн хуульдаа хүртэл хүн бүр ижил тэгш эрхтэй гэж заасан хэрнээ эд хөрөнгөөр нь ялгаварлаж тэтгэмж нэртэй халамжийн системийг өөгшүүлж байгаа нь анхаарах асуудал болжээ. Монгол Улс анх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байх үеэс хүүхэд бүрт мөнгө олгодог байсан түүхтэй.

Тухайлбал, 1957 оноос эхлэн дөрвөн хүүхэдтэй айлын хүүхэд бүрт 100 төгрөг, таван хүүхэдтэй бол 150 төгрөг, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй айлд хүүхэд бүрт 200 төгрөгийг жилд нэг удаа олгодог байжээ.

Харин зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр хүүхдийн мөнгийг зогсоож, 2004 онд дахин хүүхэд бүрт мөнгө өгч эхэлсэн. Ийнхүү Монгол Улс хүүхдийг ялгаварлалгүй, адил тэгш байдлаар дахин мөнгө олгодог болсон бөгөөд энэ нь халамж биш хүнээ өсгөх бодлогын нэг хэсэг гэж тодорхойлж байв. Гэтэл өнөөдөр халамжийн төсвийг танах шаардлагатай болсон учраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлэхээр бодлогыг барьж байна, Засгийн газар.

Нэг талаар зорилтот бүлгийг мянга дэмжсэн ч хөгжих чадамжгүй хэвээр байгааг сүүлийн 10 жил харуулж байна. Учир нь 2010-2021 онд халамжид зарцуулах мөнгө 5.4-10.3 их наяд төгрөг болж өссөн. Эсрэгээрээ ажилгүй иргэдийн тоо, ядуурал нэмэгдэв.

Энэ үзүүлэлт Монголд халамж жил ирэх бүр давтамжтай хавтгайрч байгааг харуулж байна.

ЗАРЛАГА ӨНДӨР ХАЛАМЖ АМЬЖИРГААНЫ ТЭТГЭМЖ, ХҮНСНИЙ ТАЛОН

Халамж хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсгэж байгааг эрдэмтэн судлаачдаас эхлээд иргэд өөрсдөө ч хэлдэг. Гэтэл эрх баригчид жилээс жилд хөдөлмөрийн зах зээлийг дэмжихээс илүүтэй халамжийг хуваарилах дээр толгой гашилгаж байгаа нь харамсалтай. Эдийн засаг хүндэрч, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, цар тахлын нөлөөгөөр зарим ажлын байр хаагдсан гээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийгмийн амьдралд өрнөл их гарсан. Үүнийг дагаад иргэдийн хамгийн их авдаг түгээмэл халамжийн төрлийг амьжиргаа дэмжих тусламж, хүнс, хоол тэжээлийн дэмжлэг тэргүүлэх болжээ.

Тухайлбал, Хүнс хоол тэжээлийн дэмжлэг 260 мянган хүн, амьжиргааг дэмжих тусламж 53 мянган хүн, халамжийн тэтгэвэр 60 мянга гаруй хүн авч байна. Үүнээс бусад 70 төрлийн халамжийг хоёр сая гаруй хүн авч байгаа юм.

Статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсын 2.6 сая хүн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг агаад хөдөлмөрийн зах зээлд 1.1 сая хүн ажиллаж байгаа гэжээ. Энэ нь гурван хүн тутмын хоёр нь ямар нэгэн байдлаар халамж хүртдэг гэсэн үг. Хүнсний талоны хамгийн гол зорилго нь амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой өдөр тутмын хоол хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй зорилтот бүлгийн хүмүүст олгох зорилготой. Гэтэл хүнсний талоныг маш олон хүнд олгосон тоон баримт гарч үүнийг нь энэ оны гуравдугаар сард тогтоож, албан хасалт хийсэн.

Тодруулбал, 200-гаас дээш толгой малтай, олон машинтай, орон сууцтай зэрэг 50 мянга орчим иргэнийг энэ жил хүнсний талоноос хассан. Гэвч тэдгээр хүмүүсийг талонд тодорхойлсон нэг ч хүнд хариуцлага тооцоогүй.

Ийнхүү хариуцлагын тогтолцоо байхгүйгээс халамж хавтгайрсаар байгаа. Мөн халамж авч байгаа хүмүүс нь нийтийн тээвэрт хүртэл хөнгөлөлттэй зорчдогоос болж нийслэл, орон нутгийн алинд ч бүтээн байгуулалт болоод үйлдвэрлэл хөгжихгүй, ажиллах хүчний хомсдолд орсон хэвээр байна. Үүнээс гарах арга нь халамжид хамрагдах хүмүүсээ цөөлж, шалгуурыг бодитоор үнэлэх явдал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж