"Ямар ч ялгаварлалгүй бүгд тэгш боловсрол хүртэх боломж бүрдлээ"

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

"Ямар ч ялгаварлалгүй бүгд тэгш боловсрол хүртэх боломж бүрдлээ"

"Ямар ч ялгаварлалгүй бүгд тэгш боловсрол хүртэх боломж бүрдлээ"

Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд энэ жилээс “Medle” цахим сургууль үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус сургууль нь үндэсний сургалтын хөтөлбөрийн дагуу орон даяар онлайнаар сургалт зохион байгуулах Монголын анхны цахим сургууль юм. Одоогоор цахим сургуульд 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын 477 сургуулийн 10 дугаар ангид суралцдаг 10407 сурагч 16 судлагдахууны 620 бүлгээр суралцаж, 155 багш ажиллаж байна.

Цахим сургуулийн багш, сурагчид нь Монгол орны өнцөг булан бүрээс тодруулбал ажиллаж, суралцаж буй сургуулийнхаа танхимаас болон гэрээсээ цахим сургуулийн хичээл, сургалтын төлөвлөлт, хуваарийн дагуу виртуал анги танхимд уулзаж, харилцаа холбооны үүлэн технологи ашиглаж хичээллэхээрээ онцлогтой аж.

Нээлтийн үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын боловсролын салбарын цахим шилжилт нь дэлхийн хамгийн амжилттай яваа таван цахим шилжилтийн нэг болсон. Өнөөдрийн  “Medle” цахим сургууль нь зөвхөн шинэ сургууль нээж буй асуудал биш. Үндэсний хэмжээнд 330 сум, 21 аймагт сурч буй бүх хүүхдэд тэр тусмаа аравдугаар ангид дэвшин суралцаж буй хүүхдүүд сонгоны хичээлээ хамгийн шилдэг багш нараар заалгах боломж олгогдож байна. Аравдугаар ангид хүүхдүүд хичээлээ сонгодог. Гэвч хөдөө орон нутагт бүлэг бүрддэггүй. Үүний улмаас дуртай хичээлээрээ ЭЕШ өгч чаддаггүй. Ингээд дуртай мэргэжлээрээ сурч чаддаггүй хүндрэл байсан. Харин өнөөдөр үүнийг засахын тулд “Medle” мэндэлж байна” гэлээ.

Мөн багш нарын төлөөлөл болсон М.Ганбат дараах зүйлсийг ярив. Түүний хувьд Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэдэх “Medle” цахим сургуулийн физикийн сургалт хариуцсан ахлах багш юм.

М.Ганбат “Аравдугаар ангийн 14 гаруй мянган хүүхэд сонгон суралцах хичээлд орж эхэлж байгаа. Түүний 12 мянга нь манайхтай холбоотой байна. Мөн 155 багш ажиллаж байна. Нэг багш 100 хүүхэдтэй ажиллах хуваарьтай. Гол онцлог нь цахим хэрэглэгдэхүүн, цахим арга зүй, цахим үнэлгээ. 21 аймаг, есөн дүүргээс хүүхдүүд хамрагдаж байна. Бүх сумын хүүхдүүд байна. Ямар ч ялгаварлалгүй бүгд тэгш боловсрол хүртэх боломж бүрдлээ. Улаанбаатараас хамгийн шилдэг багш нараас онлайнаар сургалт авах, бие дааж хичээллэх боломж гарч ирлээ” гэж ярьсан.

Харин “Medle”-д нэгдсэн МУБИС-ийн лицей сургуулийн 10-а ангийн сурагч Б.Есү ярихдаа “Цахим сургалт эерэг үр дагавартай юм шигээ. Би бизнес судлалын хичээл судалж байгаа. Одоогоор хараахан мэргэжлээ тодорхойлоогүй байгаа. Гэхдээ нийгэм, бизнес судлал, математик зэрэг хичээлүүдийг сонгон судалж байна. Өмнө нь ингэж сурах боломж байдаггүй байсан. Бизнес судлал гэдэг хичээлийг манай ангиас 2-3 хүүхэд сонгож байсан учир анги бүрдэх боломж бүрдээгүй” гэсэн юм.

Мөн түүний найз Д.Номинсолонго “Цар тахлын үед цахимаар орж байх үед хичээлээ ойлгохгүй байх үе байсан. Танхимаар орохоор илүү ойлгоод байх шиг байсан. Одоо олон аймгийн хүүхдүүдтэй хамт сурч байгаа учир нэгнээсээ илүү туршлага судалж байна даа" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж